Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны аравдугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон.
Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т маргааш /2021.10.16/ 07.00-22.00 цагт явагдана.
Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн төлөөлөлтэй цахимаар уулзан нэмэлт санал хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ юуны өмнө сонгогчдын ирц, оролцоог идэвхжүүлэхэд анхаарч, уриалга, мэдээллийг түгээх, санал тоолох төхөөрөмжийн лац битүүмжлэлийг нээхдээ эхний санал хураалтын дүн мэдээний тайланг хэвлэж, тухайн хэсэг дэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдад нээлттэй өгөх, дүнг тулгаж харьцуулах боломж олгох, нэр дэвшигчдийн хүсэлтээр хүндэтгэх шалтгаантай буюу ажиглах боломжгүй болсон ажиглагчийг солих, санал авах байрнаас гадуур үйлдэгдэж болзошгүй хэрэг, зөрчлийг хянах үүрэгтэй цагдаагийн газар, хэлтэст хүсэлт гаргаж, хамтран ажиллахыг уриалсан болно.