Мэргэжлийн хяналтын байцаагчид Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тариалангийн талбайд ургамал ургалтын хугацааны хяналт хийсэн гэнэ. Хяналт ажиглалтаар тариалангийн талбайд ургамлын өвчин, хортон шавж ихээр гарах нөхцөл бүрдсэн байжээ. Тухайлбал, навчны септориоз, зэв өвчин ихэнх талбайн буудайнд гарчээ. Мөн ургамлын бясаа, нугын бор эрвээхий, цацаг далавчтан зэрэг шавж хөнөөл учруулж эхэлснийг байцаагч нар онцлов. Улмаар тариаланчдыг ургацаа хамгаалж, талбайн зах хэсэгт болон гүнд ажиглалт хийж өвчин болоод хортон шавжийн тархалтыг хумихыг зөвлөлөө. Буудайн навчны зэв болон септориоз өвчний үед тохирсон цацлага бодисыг нэн яаралтай хэрэглэх, таримлаа өвчин болон шавжид нэрвэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг хүсэв.
Мөн энэ жил зарим газар байнгын бороотой байхад бусад газар хур багатай, огцом хэт халсан ба тариалалт оройтсонтой холбоотойгоор үрийг гүехэн суулгаснаас шалтгаалж бутлалт нь муу, механик болцод орох, талбай хогийн ургамал ихтэй зэрэг олон зүйлүүд ажиглагдсан аж. Үүнээс гадна хур бороотой жил хэдий ч тариалалтын технологи алдагдвал төлөвлөсөн ургацаа авч чадахгүйд хүрнэ гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн.
2021 онд газар тариалангийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлал, ХХААХҮйлдвэр, Эрүүл мэндийн сайд нарын баталсан бодисын жагсаалттай дараах линкээр орж танилцана уу. (https://www.legalinfo.mn/law/details/16159?lawid=16159).