Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байна. “Өнөөдөр” сонин уг төсөлтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх цуврал материалуудыг бэлтгэн хүргэх боллоо. Уг төслийн хүрээнд “Бэрхшээлгүй хөгжил” булан нээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал, түүний шийдэл, гарцыг эрэлхийлсэн, бас тэдний сайн туршлага, санал санаачилга, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлсэн эерэг мэдээлэл бүхий нийтлэл, сурвалжилга, ярилцлага, хэлэлцүүлгүүдийг бэлтгэн хүргэх болно.
ДЭМБ болон Дэлхийн банкнаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлан”-д “Хөгжлийн бэрхшээл нь хувь хүн болон орчны хүчин зүйлс хоорондын харилцаанаас асар их шалтгаалдаг цогц асуудал. Зарим оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, орчны болон бусад хүчин зүйл хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт нөлөөлдөг” гэж дурджээ. Тэгвэл НҮБ 2008 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын үзэл баримтлал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмд ямар нэгэн саад, бэрхшээлгүй амьдрахад нь таатай, хүртээмжтэй орчин бий болгоход чиглэдэг.
Бие махбодынх нь онцлогт тохирсон нөхцөл бүрдүүлээгүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахуйн болон нийгмийн орчинд олон бэрхшээлтэй тулгарч, эрх нь зөрчигддөгийг бид мэддэг. Тухайлбал, орчны хүртээмжийг хангалттай бүрдүүлээгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бие даан оролцох боломж хязгаарлагдмал. Гэрээс гараад дэлгүүр орж, хүнсээ цуглуулахаас эхлээд эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн үйлчилгээ авахад ч бусдын тусламж зайлшгүй шаардлагатай байна. Жишээ нь, өнгөрсөн тавдугаар сарын дундуур гэртээ харихаар “Ч:72” дугаарын автобусаар үйлчлүүлэхэд дэргэд минь харааны бэрхшээлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр сууж таарсан юм. Бидний буух буудал ч нэг байв. Эрэгтэй нь эхэлж буугаад, дараа нь эмэгтэйгээ тосож, буулгадаг аж. Энэ удаа би эмэгтэйг нь сугадаад буулгасанд тэд маш их талархлаа. Тэд “Автобусанд сууж, буухад хүмүүс тэр бүр тусалдаггүй, заримдаа дайрчих шахдаг. Бид ч бусдад саад болохгүйг хичээдэг. Зарим жолооч хаяад явчихдаг. Бас хаягийг нь байсхийгээд л хүмүүсээс лавлаж асуухгүй бол өөр чиглэлийн автобусанд андуураад суучихдаг тохиолдол бий. Зарим автобусны шат их өндөр болохоор яараад хий гишгэчих гээд жаахан айдастай” хэмээгээд “Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар үйлчлүүлэхэд цөөнгүй хүндрэл учирдаг. Ялангуяа тэргэнцэртэй хүмүүс заавал 1-2 хүнээр туслуулах шаардлагатай болдог учраас автобусанд сууж чаддаггүй” гэж учирлав. Тэд “Бэст массаж”-ийн нэгэн салбарт ажилладаг юм байна. Тиймээс өдөр бүр нийтийн тээврээр үйлчлүүлдэг, ингэхдээ 1-2 удаа дамжин суудаг аж. Ийнхүү нийтийн тээврээр үйлчлүүлэх бүртээ саад бэрхшээлтэй тулгардаг. Хэрэв нийтийн тээврийн автобуснуудыг урсдаг, өргөдөг шат, тусгай бариултай, хаягийг тодруулагчтай, эсвэл дуут дохиогоор зарладаг байдлаар зохицуулбал сонсголын, харааны, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр зорчиход ихээхэн дэм болохыг тэд онцоллоо.
Манай нийгэмд орчны хүртээмжийг сайжруулах санал, санаачилга, ажлууд мэр сэр эхэлж, зарим талаараа “Энэ юу билээ” гэж анзаарагдаж эхэлсэн нь сайшаалтай. Хамгийн наад захын жишээ гэхэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч замыг нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд боломжийнхоо хэрээр тавьж байгаа. Стандарт алдсан, гүйцэтгэгчдийн болон ажил хүлээн авдаг хүмүүсийн хайнга, сэтгэлгүй хандлагаас шалтгаалсан буруу, зөрүүг нь эс тооцвол. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, замын ажлын гүйцэтгэлийн талаарх MNS 6055:2009 зэрэг олон стандарт манайд байгаа нь бас нэг дэвшил.
Уг нь Монгол Улсад орчны хүртээмжийн хууль, эрх зүйн баримт бичиг бас ч гэж гологдохооргүй гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн заалтуудаас харж болно. Мөн л хувь хүний, ажил гүйцэтгэгчид, түүнийг нь хүлээн авдаг байгууллагынхны хандлага, ойлголтоос шалтгаалан энэ бүхэн өнөөдөр хөрсөн дээр төдийлөн бууж, хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Гэхдээ энэ удаа бид болохгүй, бүтэхгүй байгааг бус, дэлхийн жишгээс үлгэрлэн хийж, хэрэгжүүлбэл зохилтой зарим санаа, санаачилгын талаар илүүтэй хөндөх юм. Дэлхийн жишиг гэхээр хэт том, нүсэр, хөрөнгө их шаардсан ажил биш л дээ. Тун энгийн, наад захын, гол нь бидний сэтгэл шингээх ажил. Нөгөөтээгүүр, энэ нь цоо шинэ зүйл биш. Мөн л дээр дурдсан хуульдаа тусгачихсан зүйлүүд билээ. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг Улсын комисс хүлээж авахыг хориглоно. Нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлнэ” гэснийг л хэрэгжүүлэхэд хэн хэндээ саад бэрхшээлгүй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй буюу түүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн нийгмийн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн орчны болон дотоод зохион байгуулалтын үндэсний стандарт гэдэг зүйл байдгийг сануулах нь зүйтэй.
Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн судалгаа хийж, 24 барилга байгууламж, мөн тооны авто зогсоол, авто замын уулзвар, гарцыг хамруулан нийт 50 үзүүлэлтээр дүгнэжээ. Шалгалтад хамрагдсан барилга байгууламжийн 28.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хэсгийг төлөвлөөгүй, 21.7 хувийнх нь дэд бүтцийн орчин нөхцөл нь шаардлага хангаагүй байжээ. Аливаа байгууллага барилга байгууламждаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөнд саадгүй налуу зам тавьж, хаалгыг орж, гарахад чөлөөтэй болгоогүй, тэргэнцэртэй, хараагүй иргэний хөтөч мэдээлэл, тэмдэглэгээ, цахим самбар байршуулах зэрэг наад захын шаардлагыг хангаагүй гэсэн түгээмэл дутагдалтай байгааг уг судалгааны дүн харуулсан. Нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ч ийм дүр зураг элбэг.
НИЙТИЙН ТЭЭВРЭЭР НИЙТЭЭРЭЭ ҮЙЛЧЛҮҮЛЬЕ
Өнөөдөр манай нийтийн тээврийг нийтээрээ ашиглаж, үйлчлүүлж чадаж байна уу гэвэл үнэндээ үгүй. Энэ асуулт нийгмийн нэг хэсэг болох тулгуур эрхтний болон харааны зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хязгаарлагдмал байсаар ирсэн. Туслах хэрэгсэл, төхөөрөмж, орчин нөхцөлийг нь бүрдүүлээгүйн улмаас автобусаар үйлчлүүлж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ялгаварлан гадуурхалд өртөж буйн нэг хэлбэр гэж АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуульд заасан байдаг. Манай иргэдийн хувьд ч ялгаагүй. Тиймээс энэ асуудлыг бид даруй шийдэх зайлшгүй шаардлага байгааг холбогдох яам, Тамгын газар, байгууллага, албан тушаалтнууд анхаараасай. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд тэргэнцэртэй хүмүүст зориулсан ямар ч тоноглол, төхөөрөмж байдаггүй учраас үйлчлүүлдэг нь бараг үгүй. Энэ тал дээр уг нь анхаарч 2019 онд нийслэлийн хэмжээд үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгжийн 56 автобусанд тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсэг гарган, тоноглосон. Тэдгээр автобус үйлчилгээнд явж байгаа ч тооны хувьд хүртээмж тун бага. Үүнийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсийнхэн анхаарах учиртай. Түүгээр ч зогсохгүй, хэдхэн автобусанд нэмэлт тоног төхөөрөмж тавиад өнгөрөх бус, бүх автобусаар бүгдээрээ чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх нь тус газрынхны хийх гол ажил байх ёстой.
Ослын улмаас хөлөө бэртээсэн нэг найз маань нийтийн тээврийн автобусаар явахад тулгардаг хүндрэл, бэрхшээлээс болж байнга шахам таксигаар үйлчлүүлдэг байж билээ. Эмчилгээний төлбөрөөс гадна таксинд багагүй мөнгө зарцуулах нь амаргүй асуудал гэдэг нь мэдээж. Уг нь олон улсын стандартын дагуу бол тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан автобус нь тусгай гулсах гадаргуутай, намхан шалтай байдаг. Түүнчлэн тэргэнцрийг өргөх төхөөрөмжтэй нь ч бий. Гэхдээ энэ нь хяналтын самбартай байх ёстой зэргээр өртгийн хувьд нөгөөхөө бодвол харьцангуй өндөр аж. Гэсэн ч санаачилга, сэтгэл гаргаад нэгэнт хийчихсэн байхад өндөр настан, хүнд ачаатай яваа ядарсан иргэн гээд бүх хүнд хүртээмжтэй орчин бүрдэнэ.
ОРЧНЫ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ БҮХ НИЙТИЙН АСУУДАЛ
Хойд хөршийнхөн сүүлийн 20 гаруй жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ илүүтэй анхаарах болсон. 2009 oнд Хөгжлийн бэpхшээлтэй хүмүүcт зopиyлcaн “Хүpтээмжтэй opчин” хөтөлбөp бoлoвcpyyлжээ. Үүний хүрээнд олон ажил хийсний нэг нь тэргэнцэртэй зорчиход үүсдэг хүндрэлүүд буюу замын хашлагуудын тодорхой хэсгүүдийг буулгасан байна. Тухайлбал, хотуудын гудамж, талбайд явган зорчигчийн бүс бий болгож, авто замын гарц хэсгийн хашлагыг налуу болгожээ. Замын хашлагыг буулгаж, налуу болгох ажлыг манайд тодорхой хэмжээнд хийж эхэлсэн боловч тогтмол биш учраас тэгсхийгээд мартагдаад байх шиг. Өнөөдөр иргэдэд тулгардаг орчны хүртээмжийн бүх асуудлыг нэг дор, эсвэл хэдхэн жилийн хугацаанд шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ ядаж эхлүүлсэн ажлаа марталгүй үргэлжлүүлж, өргөжүүлж, улам сайжруулдаг залгамж халаа бүхий тогтолцоо хэрэгтэй байна.
Японд явган хүний бүх зам нь хөтөч хавтантай байдаг. Сонирхуулахад, хөтөч замыг Японы зохион бүтээгч Мияке Сейичи 1965 онд хараагүй болсон найздаа зориулан бүтээсэн аж. Тус улсын нийслэлийн бүх гудамж, талбайд тэргэнцэртэй хүний хөдөлгөөнд саад болох өндөр хашлага байдаггүй бөгөөд энэ нь 2006 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудын саадгүй хөдөлгөөнийг баталгаажуулсан хуулийн үр дүн юм байна. Үүнээс өмнө орон нутгийн бизнес эрхлэгчид харьяаллынхаа саадыг арилгах, эсэхээ өөрсдөө шийддэг байжээ. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Японы худалдааны төвүүд, музей, галт тэрэгний зогсоолууд, албан байгууллагууд налуу зам гаргаж, хаалгаа өргөн болгосон аж.
Манайд хэрэгжүүлэхэд харьцангуй төвөг багатай, санхүүгийн хувьд ч боломжийн нэг ажил бол харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, тэмдэг, тэмдэглэгээнүүдийг гудамж, замуудад байршуулах юм. Түүнчлэн хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд түгээмэл хэрэглэдэг нэг зүйл нь хөтөч зам. Өнөөдөр бид нийслэлийн гудамж, талбайд хамгийн ихээр харж болох тус замыг стандартад нийцүүлэн, олон сонголттойгоор хийх нь хамгийн чухал болжээ. Хөтөч зам янз бүрийн дүрс, хэлбэр, төрөлтэй бөгөөд тэр болгон нь өөр өөр үйлдлийг илэрхийлдэг. Манайд шулуун замд чиглүүлэх зориулалтынх нь л голдуу харагддаг.
Нэг жишээ дурдъя. Орхон аймгийнхан өнгөрсөн онд нүдээ олсон ажил эхлүүлсэн байна лээ. Тус аймгийн төвийн авто замын хэд хэдэн байршилд явган зорчигчдод зориулан дуут дохиолол суурилуулсан бөгөөд иргэд гэрлэн дохио хүлээх бус, товчлуур дарсны дараа тодорхой хугацаанд ногоон гэрэл ассанаар зорчих боломж олгодог. Хөгжингүй улс орнуудад түгээмэл байдаг ийм системийг нийслэлийн авто замуудад ч тавьчихвал бүх нийтээрээ гэрлэн дохио удаан хүлээж зогсохгүй, бас явган зорчигч байхгүй үед автомашинтай иргэд ч хүлээж зогсохгүй байх давуу талтай.
Түүнчлэн орчны хүртээмжтэй байдалд маш чухал хэрнээ их энгийн нэг зүйл нь хаалганы бариул аж. Мэргэжилтнүүдийн анхааруулснаар, бөндгөр, бөөрөнхий, дөрвөлжин, ховилтой бариулаас илүүтэй доош дардаг нь тохиромжтой бөгөөд энэ нь хүчний хуваарилалттай холбоотой юм байна. Мөн бариулыг тэргэнцэртэй хүмүүс хүрэхүйц газарт хийх ёстой. Энэ бүхэн нь практикт тулгуурласан мэдлэг аж. Хаалганы бариулуудыг өөрчлөхөд нарийн технологи, тоног төхөөрөмж шаардлагагүй, гагцхүү санаачилга, сэтгэл хэрэгтэй.
Италийн музей, галерей, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээр үйлчлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой нэгэн хөнгөлөлт эдлүүлдэг нь дагалдан яваа нэг хүнийг нь үнэ төлбөргүй нэвтрүүлдэг байна. Энэ бол оюуны хөрөнгө оруулалтад нь нэмэр болох тун таатай үйлчилгээ бөгөөд үүнийг манайд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Энэ бүхэн бол хүнээ гэсэн, иргэдээ орчны саадгүй амьдруулахад чиглэсэн хүнлэг нийгмийн бодлого билээ.
Том ч бай, жижиг ч бай, ямар ч ажлыг хийхэд санаачилга, сэтгэл хамгийн чухал. Нүсэр их хөрөнгөөр, томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, улсын хэмжээний бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагынхан сэтгэл, санаачилга гаргахад л жижиг зүйлээр ч орчны хүртээмжийг сайжруулж, үр дүнд хүрдгийн жишээ нь дээр дурдсан зүйлс юм.