Ачаа тээвэр нь саатсан иргэд нэлээд бухимдалтай байна. Ачаа тээврийн үнэ өдрөөс өдөрт өсөж буй. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаас энэ талаар тодруулахад “Ачаа тээврийн болоод каргоны үнэ өсөх үндэслэл байхгүй. Монгол талаас Замын-Үүд рүү ороод ирсэн ачааг Улаанбаатар руу ачаа хүлээн авагч өөрийнхөө тээврийн хэрэгслээр татаж авах эрх нь нээлттэй. Бүх машиныг татаж оруулж өгч байгаа. Солилцоог нь чөлөөтэй хийлгэж буй. Оочер дугаарт олноороо зогсож буй машинууд ч гэсэн гурван сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр Улаанбаатар хот руу ачаа тээвэр зөөх нөхцөл бүрдсэн. Үүнд эрх бүхий байгууллага хяналт тавьдаг. Үүнээс өндөр ханшаар ачаа бараа тээвэрлэх бол бид оочер дугаарыг нь хадгалахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй гэх шаардлага тавьсан. Хот хооронд тээвэр гүйцэтгэдэг хамгийн том урт машинуудын тээврийн үнэ гурван сая төгрөг байдаг” гэх хариулт өглөө.