Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Мөн энэ жилийн долдугаар сарын 9-19-ний хооронд бүх нийтийн амралтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
"Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр наадам зохион байгуулбал 3,000 орчим хүн халдвар авах магадлалтай байгааг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна. Энэ шийдвэр орон нутагт мөн хамааралтай. Мөн долдугаар сарын 31-нийг дуустал Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ" гэв.
Өчигдөр иргэд наадмыг эсэргүүцэж "NONAADAM” эсэргүүцлийн тайван жагсаалтыг Төв талбайд хийсэн. Тиймээс УОК өчигдөр орой хуралдаж, наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан юм. Харин өнөөдөр өглөө уяачид наадам хойшлуулахыг эсэргүүцэж, морьтойгоо Төв талбай дээр жагсаал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Хэрвээ уяачдын шаардлагыг хүлээж авахгүй бол 21 аймаг, 360 суманд эсэргүүцлийн аян өрнүүлнэ гэдгийг мэдэгдээд байгаа юм.