Уяачдыг Монголоо хайрлаж, ахуй соёлоо дээдэлж, морин дэл дээр хийморио сэргээх яваа өв тээгчид гэж итгэснээс ийм ухаан муутай, увайгүй гэж үнэндээ бодсонгүй. Гуравхан сая хүнд ахадмаар их үхэл өдөр бүр тохиож, хүмүүс 2000, 3000-аар өвдөж байхад уяачид найр, наадам ярьж, зугаа цэнгэлийнхээ төлөө төв талбайд ирээд олон нийтийг турхирч эхлэв. Эсрэгээрээ ковид туссан ч эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа иргэн энд ирж, үхлээ хүлээх мэт талбайг голлон хэвтэж буйг олон нийт харж, өр зүрх нь шимширч байна.
Нөхцөл байдал ийм байхад уяачид “Наадам хийх, эсэхийг Засгийн газар өнөөдөр дахин хэлэлцэх гэнэ. Тоглоомтой хар лаларууд вэ. Хэрвээ энэ хулчгар төр нь наадмаа хийдэггүй юм бол Уяачдын холбоо өөрсдөө зохион байгуулаад уяачид төсвөө гаргаад уралдаанаа заавал хийх хэрэгтэй” хэмээх агуулгатай бичвэрийг олон нийтийн сүлжээнд тавьж, талбайд морьтой жагсаж, наадмыг эсэргүүцсэн иргэдийг дайрчих шахан, ногоон байгууламж сүйтгэн Монголоо алдаж явна.
Харин эмч нар "Энгийн үед ч Хүй долоон худагт зусланд гардаг уяачид өдөржин ууж, идэж, уяа хэсэж, шөнөжин орилолдож, бахирч, бөөлжиж, цөс нойр булчирхай өвдлөө хэмээн түргэн дууддаг. Наадмаар бол арай л дэндүү ачаалал өгдөг. Энэ жил наадам хийвэл халдвар улам тархана" хэмээж буй.
Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Яасан их уур омогтой, ямар их мөнгөтэй хүмүүс вэ, энэ уяачид. Төр засаг наадмаа хийхгүй гэвэл тэр шийдвэрийг нь дагахгүй гэдгээ шууд илэрхийлж байх юм. Төрийн өмнөөс наадам хийнэ хэмээн өвчигнөж байхаар тэр их мөнгөө хэдэн сар харилгүй, өдөр, шөнөгүй энхийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч нартаа өгчихвөл яасан юм бэ, уяачид аа. Наадам гэж дүвчигнэж, олон хүн цуглуулж байж, нөгөө айхавтар ковидыг нь тусчихвал эмч, сувилагч нар л та нарын аминд орно шүү дээ.
Шуудхан хэлэхэд улсын эдийн засаг бүхэлдээ хямарч, иргэд ажилгүй орлогогүй болж, зарим нь чимээгүй үхэж, олонхоороо өвчтэй зовлонтой хүнд, хэцүү байхад уяачид морь мал, наадам ярьж, Засгийн газарт шаардлага тавиад сагсуурч яваа нь яав ч эрүүл хүний үйлдэл биш.
Үнэндээ УИХ-ын гишүүд, баячууд л өв соёл гэдгээр халхавчилж, хүүхдийн эрх зөрчиж, хүний хөдөлмөрийг мөлжиж, мал амьтан зовоож, өөрсдийнхөө зугааг гаргадаг болсоныг олон нийт сүүлийн жилүүдэд илээр шүүмжилж буй.
Тиймдээ ч морь малтайгаа төв талбайд ирсэн уяачдыг иргэд явганаар эсэргүүцэж “Уяачид увайгүй үйлдлээ зогсоо” хэмээн төв талбайд ирсэн юм.
Ташрамд дурдахад, Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур сумын 20 гаруй уяач уржигдар нууцаар сунгаа хийж, зургаан настай хүү уралдааны замд мориноосоо унаж, газар дээрээ амиа алдсан юм билээ. Хүүхдийн аминаас дээгүүр тавигдах морин соёл, монгол өв гэж үгүй байлтай.