УОК-оос Үндэсний их баяр наадмын талаар гаргасан шийдвэрээ танилцуулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Дэлхийн олон орнуудад гуравдугаар давлагаа буюу дельта вирус эрчимтэй тархаж буй. Иймээс өнөөдрийн хуралдаанд эрдэмтдийн зөвлөл хорио цээрийн хариу арга хэмжээг чангатгах саналыг мөн гаргалаа. Тухайлбал, гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлалтын хугацааг 14 хоног болгохоор боллоо. Эрдэмтдийн зүгээс Монгол Улсад тархалтын хэд хэдэн судалгааг хийсэн. Судалгааны урьдчилсан дүнгээр манай улсад вирусийн альфа хувилбар зонхилж байна. Мөн Япон улс руу бид 50 сорьцыг явуулсан. Дээрх сорьцын таваас нь дельта вирус илэрсэн. Одоогийн байдлаар манайд дельта вирусийн тархалт хараахан байхгүй байна. Гэхдээ Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын 88-90 хувь нь альфа хувилбарын мутацилагдсан вирус гэдгийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, өнгөрсөн сард 500 сорьцод хийсэн судалгаагаар 90 хувь нь коронавирусийн альфа хувилбар байсан юм. Энэ нь манай улсад мутацын энэ төрөл илүү тархсаныг илэрхийлж байна.
ДЭМБ-аас тухайн орны нэрийг зарлахгүйгээр альфа, дельта хувилбар гэж нэрлэсэн. Тухайлбал, коронавирусийн альфа хувилбар нь Их Британид тархсан хувилбар бол дельта нь Энэтхэгт тархсан хувилбар гэж ойлгож болно.
Мутацлагдсан хувилбарын эмчилгээний хувьд өөр зүйл байхгүй. Хамгийн гол нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд хүндрэх хоруу чанартай бөгөөд вакцины идэвхийг сулруулах сөрөг талтай. Коронавирусийн альфа хувилбар нь Уханьд тархсан үеэс дөрөв дахин эрчимтэй тархах магадлалтай ч вакцинд их нөлөөлөхгүй.
Харин дельта хувилбар нь альфагаас 55 хувиар илүү тархалтын эрчмийг нэмэгдүүлэхээс гадна маш богино хугацаанд хүндрэх магадлалтай.
Дельта вирус одоогоор 92 улсад тархаад байна. Ялангуяа ОХУ-д 90 хувь нь дельта вирус тодорхойлогдож байна. Тиймээс манай улс энэ тал дээр арга хэмжээ авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярьж шийдвэрлэсэн" гэж хэлэв.