-Ковидын улмаас 548 хүн нас барсан ч Монголын төр цахим наадмаа цуцлахгүй хэмээн гүрийж байна-
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээгээр өнөөдөр (2021.06.29) 15 хүн нас барсныг зарлалаа. Өчигдөр ч энэ дайны хүн нөгөө ертөнц рүү явсан. Ер нь коронавирусийн улмаас манай улс нийт 548 иргэнээ эрлэгийн элчид алдаад буй. Уйлмаар уйтай бас харуусалтай. Эл эмгэнэлт дүр зургийг харсан залуус өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатарын талбайд цугларч, тэдний хойчийн буянд зориулж 5000 зул өргөсөн билээ.
Харин Төрийн ордонд суугаа ихэс дээдсүүд эмгэнэн гашуудсан нь үгүй болтой. “Төрт ёс, өв соёлоо хамгаалахын тулд цахим наадмаа хийх ёстой” хэмээн Соёлын сайдаасаа авхуулаад бүгд шахуу хоолойгоо цахиртуулах нь холгүй ярьж сууна. Иргэнийхээ хойноос төр эмгэнэн гашуудаагүй ч нас барсан хүмүүсийн араас уй гашуу зарлах шиг тэнгэр хангай өглөө, оройгүй “уйлсаар”.
Өнөөдөр сонссон хамгийн таатай мэдээ Өвөрхангайчууд тэмдэглэлт 90 жилийн ой, баяр наадмаа энэ зун тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаснаа тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж олон нийтэд зарласан явдал байв. Энэ жил олон аймгийн тэгш ой тохионо. Бусад аймгууд ч эндээс үлгэр дуурайлал аваасай гэж хүснэм.
Өнөөдөр сонссон хамгийн таагүй мэдээ Засгийн газрын шийдвэр байв. Тодруулбал, төр засаг цахим наадмаа хийдгээрээ хийнэ, бөхөө барилдуулна, морь уралдуулна, сур харвах гэнэ. Эл мэдээлэл олон нийтийг гонсойлгов. Олон нийт хэр чадлаа наадмыг эсэргүүцэж “NO NAADAM” хөдөлгөөнийг өрнүүлж буй. Гэсэн ч үүнийг төр засаг хүлээж авахгүй гэдгээ ийн мэдэгдлээ.
2020 оны Цагаан сарын үеэр манайх дэлхийн цор ганц шахуу ногоон бүсэд орох улс байлаа. Гэсэн ч төр засаг Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Ард түмэн ёс ёмбөгөр, төр төмбөгөр хэмээн уг шийдвэрийг хүлээн авч, гэр гэртээ шинэлсэн.
2020 оны Улсын баяр наадмыг ч монголчууд алгассан. Тухайн үед өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдвар авсан хүний тоо 3 орчим байв. Тийм байсан ч бид төрөөс гаргасан наадам тэмдэглэхгүй гэх шийдвэрийг үг дуугүй дагасан. Халдварын тоог нэмэхээс болгоомжилж, гэр гэртээ өнжсөн.
2021 оны Цагаан сараар коронавирусээр өвчилсөн хүний тоо өдөрт 40 орчим байсан. Төр засаг мөн л болгоомжилж “Ээ дээ та нар минь гэртээ байж үз. Амьд үлдвэл учир бий. Урт наслах нь л чухал” хэмээн УИХ-ын даргаасаа авхуулаад сайд дарга уриалга гаргаж, Цагаан сар тэмдэглэхийг болиулж байв.
Дэлхийн цор ганц ногоон бүс байхдаа тэмдэглээгүй наадмаа өдгөө хамгийн эрсдэлтэй тооцогдож, өдөрт ковид туссан хүний тоогоор бусад орноо түүчээлэхтэйгээ зэрэгцээд тэмдэглэх юм гэнэ, төр засаг. Иргэд ковид туссаны улмаас нас барж, аж ахуйн нэгжүүд хөл хорионы улмаас сөнөж, дундаж орлоготой өрхүүд ядуурлын шугам давж улс орон бүхэлдээ эдийн засгийн уналтад орсон хэрнээ дээдсүүд НААДМАА тэмдэглэнэ гэсэн шийдвэртээ бат зогсож, бүх муйхарлаж зүтгэсээр. Үнэндээ цахим наадам нэрийн дор МАН-ынхан Ерөнхийлөгчийн суудлыг гартаа оруулсны баяр хийгээд яруу алдарт намынхаа 100 жилийн ойг тэмдэглэхээр улайрч буйг учир мэдэх хүмүүс ярьцгаах юм. МАН-ынхан ойн баяраа наадам нэрийн дор тэмдэглэчихээд магад коронавирусийн тархалт нэмэгдэж, бүр мутац болбол бурууг бусдаас “олж” чадах л улс. Юутай уйтай.