Төр гаргасан шийдвэр журмаа хэрэгжүүлэхийн тулд өдөр бүр цагдаа, мэргэжлийн хяналтынхныг явуулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж, тагнаж, хорьж, цагдаж буй атлаа нөгөө талдаа орлогогүйг нь мэдсээр, данс нь улайсныг харсаар байж татварынхныг илгээж мөнгө нэхэж, шахаж хавчиж эхэлжээ. Ер нь татварын байцаагчид ойрд тун ширүүн байгааг ажил олгогчид дор бүрнээ ярьж буй. Тэд аж ахуйн нэгжийн эзэд рүү толгой дараалан залгаж, “Татвараа төл” хэмээн шаардаж байна. Харин ажил олгогчид хоёр жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй хэмээн үнэн учраа тоочжээ. Гэхдээ төр төлөөлж буй байцаагч түшмэл гуай “Та нарын ажилласан, ажиллаагүй хамаагүй, төр татвараа заавал авна” хэмээсэн гэнэ. Нэхэх нэхэхдээ ААНОАТ, НӨАТ, хувь хүнээс суулгасан орлогын албан тавар, газар, үл хөдлөх, буу зэвсэг гээд байж болох бүх төрлийн татварыг шахаж, шаардаж буй. Улаан буюу хатуу хөл хорионы үед, улбар шар түвшинд шилжээд ч үйл ажиллагааг нээгээгүй атал аж ахуйн нэгжүүд ямар ашиг орлого олох билээ.
Тиймдээ ч аж ахуйн нэгжүүд эхнээсээ эсэргүүцлээ зоримог илэрхийлэв. Тодорхой хэлбэл, УОК-ын гаргасан шийдвэрийг ААН-үүд эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ шууд зарлав. Түүгээр үл барам зарим зоогийн газар танхимаар үйлчилж эхэллээ.
Иргэд ч ААНБ-уудын зөв гэсэн шиг төрийнхний дарамт, шахалтыг үл тоон зоогийн газруудаар үйлчлүүлсэн дүр зураг цахим орчинд дүүрэн давлагаалж байна. Цахим орчинд байгаа мэдээллийн доорх сэтгэгдлийг дарга сайд нар, эсвэл тушаал шийдвэрийг нь хэрэгжүүлэгч түшмэл нь байна уу, алин боловч уншаад нэг үзээрэй. Аж ахуйн нэгж гэлтгүй ард түмэн чинь туйлдаж байгаа нь мэдрэгдэх вий. Дийлэнх, олонх нь аж ахуйн нэгжүүдийн дээрх үйлдлийг дэмжиж Браво гэж бичсэн харагдана лээ. Найр наадам хийж төсвийн мөнгийг үрэхийнхээ оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжээч гэсэн сэтгэгдэл мөн нэжгээдийг бичжээ. Эс бөгөөс энэ олон аж ахуйн нэгж чинь “элгээрээ эвхэрч, мөлхөж, эргэж сэхэхгүй болтлоо сөхөрч, цөхөрч, сүйрлээ” хэмээн бичсэн байсныг энд дурдах нь бас зүйтэй болов уу.
Үнэндээ ковид гарснаас хойш аль ч зочид буудал, хүүхдийн тоглоомын газар, кино театр, амралтын газар зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаагүй. Төр тэдний үйл ажиллагааг хорьж, цагдсан. Тэгсэн хэрнээ татвар ногдуулсаар, тэр хэрээрээ аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр нэмэгдсээр. Үнэндээ сүүлийн хоёр жилд дээрх байгууллагууд аль ч нөхцөлд үүд хаалгаа нээгээгүй нь бүхний нүднээ ил харагдах бодит үнэн. Гэтэл төр татвараа нэхэж, эрчим хүчнийхэн цахилгааныг нь хүртэл тасалж, зарчимгүй, сэтгэлгүй, туйлын хахир хатуу хандаж буй. Аргагүйдсэн аж ахуйн нэгжүүд зарим ажилтнаасаа уучлал гуйн ажлаас нь чөлөөлж, барилга байшингаа барьцаалан зээл авч үлдсэн ажилтнуудынхаа цалинг тавьсан юм билээ. Сүүлдээ хувийн хэвшилд ажиллах боловсон хүчин ч олдохоо байж, бүхнээ хамж шимж авлига өгөөд ч болов төрийн албанд оръё гэх хүн олширсныг зарим ажил олгогч хэлнэ лээ.
Нөхцөл байдал ийм байхад татварын байцаагч түшмэл төрийн төмөр нүүрийг харуулж, татвараа ямартаа ч төл, тал хагасыг нь болтугай тушаа гэж үүрэгджээ.
Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулалгүй, төрөөс гаргасан шийдвэр, журмыг дагасан. Харин дээдсүүд одон медаль тарааж, сонгууль хэмээн орон нутгуудаар бөөн бөөнөөрөө давхилдаж, олон хүн цуглуулж, шоудчихаад адаг сүүлд нь ард түмэн замбараагүй байна хэмээн загнаж суугаа нь зохисгүй.
Үнэндээ төрд гарсан эрхмүүд төрөөс явуулж буй аливаа тендер, зохион байгуулж буй томоохон ажлаа өөрсдийн хувийн компаниар хийлгэж мөнгө иддэг. Ковидоор далимдуулж хүртэл мөнгө идсэнийг нь ил далд олон хүн ярьж буй. Наад зах нь өмнө нь 300 байсан ариутгалын компанийн тоо 1000 болж нэмэгдсэн гэх. Ариутгалын газрын далд дарга нь төрийнхөн гэдэг нь угтаа ил болсон. Тэгэхээр төр ариутгал нэрээр хувийн аж ахуйн нэгжүүдээ “сааж” буй гэсэн үг.
Үүнээс гадна сонгуулийн багийнхан, хувийн тэргийг хорьсноос үүдэлтэй автобусны бөөгнөрөл, улсын эмнэлгүүдээр дамжин ковид тархсан.
Аж ахуйн нэгжүүд бүсээ чангалаад л, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагааг нь төр нээгээсэй, хамтраасай хэмээн харж, хүлээж, итгэж суусан. Харин өнөөдрийг хүртэл төр тэдний үйл ажиллагаа дэмжих биш хумьсан атлаа өдгөө татвар нэхэж даналзаж сууна. Нөгөө би үхэхээр чи үх гэдэг шиг л...