Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо хоёр мянга давах боллоо. Үүнтэй холбоотойгоор дотоодод хөл хорио тогтоох эсэх асуудал олны анхаарлын төвд байна.
Хөл хорио тогтоох саналыг УОК-ын дэргэдэх эрдэмтний зөвлөлөөс гаргасан, эсэх талаар МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Одоогийн нөхцөл байдалд үндэслэн долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох зөвлөмжийг удирдлагуудад хүргүүлсэн. Зургадугаар сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэх тооцоог гаргаж байсан. Гэвч хөл хөдөлгөөн, үйл ажиллагаануудаас хамааран тооцоололд хүрээгүй. Гэхдээ сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад 18-аас буурсан үзүүлэлтүүд харагдаж байна. Вакцины нөлөөгөөр долоо, наймдугаар сараас эхлэн халдварын тархалт буурах хандлагатай байна. Харин хөл хорио тогтоох юм бол тархалт илүү үр дүнтэйгээр буурч, иргэд гадуур маскгүйгээр чөлөөтэй явах боломжтой. Хөл хөдөлгөөнийг хязгаарлах юм бол халдварт өртөх иргэдийн тоо багасаж, эмнэлгийн ачаалал, нас баралтын тоо буурна. Жишээлбэл, арав хоног хөл хорио тогтоох юм бол халдвар авах хүний тоо 20 мянгаар буурах боломжтой гэх тооцооллыг эрдэмтдийн багаас гаргаад байна" гэв.