Хөгийн ч юм хийх нь дээ, цаад дарга нар чинь. Хөл хорио тогтоож, иргэд, ард олныг халдварт цар тахлаас хамгаалахаар ярьж буй чимээ дуулдлаа. Ил далд үүрэг авсан цагдаа, онцгойгийнхон бүрэлдэхүүнээрээ байрны орц, гудамжны үзүүр “манаж”, замын хөдөлгөөн хязгаарлаж, хэв журам сахиулахаар ажил үүргийн хуваарилалтад орж буй сурагтай.
Дөрөв дэх буюу өмнөх хатуу хөл хорионы үед ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Бид хөл хориог, вакцинтай хослуулбал өвчлөлийн динамик хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолсон. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусам халдварын тархалт тууштай буурна” хэмээн мэдээлэл өгсөн удаатай. Улмаар засгаас хатуу хөл хорионы хугацааг сунгасан. Үүнээс гадна тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд авах “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг эсэргүүцэж, үр дүн гарахгүй хэмээж байв. Даанч Шадар сайд С.Амарсайхан мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг үл тоож, өөрийнхөөрөө зүтгэсээр өчнөөн үргүй зардал гаргасан.
Тухайн үед мөн эрдэмтдийн баг “Яг одоо л хөл хорьчихвол тодорхой үр дүн гарах гээд байна. Энэ хугацаанд ард иргэдээ вакцинжуулна. Ирэх зургадугаар сарын 15 гэхэд цар тахал багасна” хэмээх агуулгатай зөвлөмж өгсөн хэмээн УОК-ын дарга, гишүүд цуурч байв. Бодит амьдрал дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл хөл хорихдоо төр засаг хүн амаа дархлаажуулаагүй, сул хорьсон юм. Дөрөв дэх удаагийн хатуу хөл хорионоос үр дүн гараагүйг өнөөдөр олон нийт яс махандаа тултал мэдэрч сууна.
Өдгөө цар тахал дээд түвшиндээ хүрч, коронавирусийг бүртгэсэн тоогоороо өмнөд хөршийг “гүйцэж түрүүлчихсэн”, дахиад тав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоохгүй бол горьгүй нь, Ерөнхийлөгч одон медаль тараагаад өвчнийг гааруулчихлаа хэмээн цаанаасаа чиглэл авсан төрийн албаныхан дээд, доод шатандаа бархирч сууна. Харин учир мэдэх хүмүүс хатуу хөл хорио тогтоохыг эсэргүүцэж, төр засгийнхны цаад далд санаа ийм учиртай хэмээн нүүр номдоо ч бичиж, алба, ажил хэргээр уулзахдаа ч тайлбарлаж, учирлаж байна.
Сүүлийн нэг сарын турш коронавируст халдварын тархалт нэмэгдэж, өвчилсөн хүний тоо хоногт 2400 хол давж, 10 гаруй нь эндэж байгааг бид өдөр бүр 11.00 цагийн мэдээгээр харж, эмгэнэж буй. Зарим эрдэмтний тооцооллоор хатуу хөл хорио тогтоосноор өвчлөлийн тоо дорвитой буурахгүй ч нас баралт багасах аж. Улмаар хоногт 2000, 3000-аараа өвчилж буй хүмүүс аажимдаа эдгэж, сүргийн дархлаа тогтож, өвчин наашлах бололтой. Үүн дээр л төр засаг тоглолт хийж, хатуу хөл хорихоор санаархаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, “Бид хөл хорьсны ачаар халдвар багасаж, хумигдах шатандаа орлоо” гэх нь л дээ. Угтаа төр ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалж чадахгүй, иргэд өвчлөөд эдгэсэн хойно нь хар аяндаа дархлаа сууж буйг зарим эмч хэлсэн. Өөрөөр хэлбэл, тав дахь удаагаа хөл хорио тогтоовол ард иргэдийн амьжиргаа улам доошлохоос бус эерэг нөлөө авчрахгүй аж.
Төр засгийнхан БНХАУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вероселл вакцин талаар шивэр авир хийж, үр дүн муутай гэлцэж байгааг эх сурвалж хэлэв. Тиймээс коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг оруулж иржээ. Коронавирусийн эсрэг хоёр дахь тунгаа тариулаад зургаан сар өнгөрсөн бол гурав дахь тунг хийх боломжтой. Яг одоо ард иргэдэд гурав дахь тунг хийх, эсэх асуудлаар эрүүл мэндийн салбарынхан судалж байгаа гэнэ. Тэр болтол цар тахал хүндэрсэн нэрээр бүх нийтийн бэлэн байдлыг зэрэг буюу улаан түвшин тогтоохоор сэм хэлэлцэж, ард иргэдийн санаа бодлыг тандахаар “бор шувуу” хэдэн тийш илгээсэн бололтой юм.
Нөхцөл байдал ийм атал Засгийн газар зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх шийдвэр гаргасан. Бодит байдал дээр 78 орон манай улсаас жуулчин авахгүй гэдгээ мэдэгдэж, 113 орон монгол иргэдийн орж, гарах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавиад буй. Улмаар Монгол дахь иргэний агаарын тээврийн авиа компаниуд бичсэн тийзээ буцаах уу, хойшлуулах уу гэдгээ шийдэж чадахгүй ацан шалаанд орчихоод буй.
Өнөөдрийн байдлаар манай улсад “Ковид-19” халдварын 95 819 тохиолдол бүртгэгдэж, 447 хүн нас бараад байна. Цар тахлын дэгдэлт дорвитой буурахгүй, нас баралт залуужсаар байгаа энэ үед эмийн сангууд ашгийн төлөө улайрч, коронавирусийн эсрэг эм бэлдмэлийн үнийг нэмэв.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгыг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ. Харин эм ханган нийлүүлэгч бөөний төвүүд “Арбидол” эмийг ширхгийн үнийг 1000 төгрөгөөр импортолдог гэх мэдээлэл гаалийн баримтад үлджээ. Харин манай эмийн санчид Арбидол эмийн үнийг хөөрөгдөж, 38 000 болгов.
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, “Монос” эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36 000 төгрөгийн үнэтэй зарж байв. Аудитын байгууллагын мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15 480 төгрөг байх ёстой аж. Тиймээс цар тахлын үед шаардлагатай эмийн үнийг хэт хөөрөгдөхгүй, Эрүүл мэндийн даатгалд хамруулан хөнгөлөлттэй үнээр олгох ёстойг иргэд хэлж байна.
Үүнээс гадна бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ч үнэ өсөв. Өдрийн орлоготой иргэд төдийгүй, тогтмол цалинтай ажилтнууд бүсээ чангалахад хүрч, ажил ахуйн нэгжүүдийн эдийн засаг уруудаж, дампуурсаар байгаа нь бүхний өмнө ил болсон. Мөн улирлын чанартай ажил хийдэг, барилгын салбарынхан, уртын тээврийнхэн хоёр жил шахам ажилгүй, сул зогссон. Дээрээс нь хил, гааль дээр ачаа бараа тээвэрлэсэн машинуудын урт цуваа түгжирч, асуудал дагуулав. Ийм атал төр засаг хатуу хөл хорино хэмээн тандах маягтай мэдээлэл тараасан нь зүйд нийцэхгүй байгааг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл Мэндийн сайд С.Энхболд, хотын дарга Д.Сумъяабазар нарт үүгээр дайя.
Израилийн хүн ам цар тахалд маш хүнд нэрвэгдсэн. Нийтдээ 800 гаруй мянган хүн “Ковид-19”-ийн халдвар авснаас 6000 гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд гурван удаа хатуу хөл хорио тогтоосон. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ. Гэхдээ төр засаг нь хариу арга хэмжээг шуурхай авч, хүн амаа 100 хувь дархлаажуулсан. Тодруулбал, Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсан. Үр дүнд нь тус улсын иргэд ам, хамрын хаалтад баяртай гэж хэлсэн. Улмаар энэ оны хоёрдугаар сарын сүүлч гэхэд хөл хориог цуцалж, вакцинжуулалтын дүнгээр дэлхийд тэргүүлэх болов. Өдгөө өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүүхдүүдээ дархлаажуулах ажлыг эхлүүлсэн гэнэ. Товчхондоо, хүн ам нь эрүүлжээд эдийн засаг нь сэргэжээ. Хятадад ч ялгаагүй эдийн засгийн хувьд аж ахуйн нэгжүүд нь элгээрээ хэвтсэн зүйлгүй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн топ хэвээрээ.
Харин Монголын төр засаг гурав, дөрвөн удаа хатуу хөл хорьсон ч цар тахлаа хумьж чадсангүй, улам бүр нэмсэн. Энэ удаа ард түмэн хатуу хөл хорихын эсрэг, дэлгэрүүлээд хэлбэл, хөл, гараа хүчээр баглуулж, гэртээ суусаар нийтээрээ ядуурлын шугам руу орохыг хүсэхгүй байна.