Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Халдварын тоо сүүлийн 3,4 хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсч, нөхцөл байдал хүнд байна. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд хамтарч тооцоо судалгаа гаргадаг. Ялангуяа математик тооцоолол гаргадаг эрдэмтэд тухайн үеийн нөхцөл байдал, халдварын тохиолдол, хүн амын вакцинжуулалт гээд олон зүйлийг нэгтгэж тооцоолол гаргадаг. Энэ тооцооллыг хийхэд зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тоо буурна гэсэн тооцоолол байсан. Гэвч механик хүчин зүйл, хөл хөдөлгөөн ингэж нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Халдварт өвчин бол цэвэр хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр ямар их бөөгнөрөл үүсэв. Маш олон хүчин зүйл нөлөөлж, тохиолдлын тоо нэмэгдлээ"