ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинжуулалтын үр нөлөөны талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Цар тахлын энэ үед вакцинжуулалт нь үндсэн хоёр үүргийг гүйцэтгэж байгаа юм. Нэгдүгээрт, халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, хоёрдугаарт, вакцинд хамрагдсан иргэд халдварт өвчнөөр өвдсөн ч хүндрэх нь бага гэдэг хоёр чухал нөлөөг үзүүлж байна. Сүүлийн өдрүүдэд вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол гарч буй. Иймд иргэдийн зүгээс вакцин нь үр нөлөөгүй юм биш үү гэх хандлага их анзаарагдлаа. Бид үүн дээр маш олон талаас нь судалгаа, шинжилгээг хийж байгаа юм. Тодруулбал, Халдвар авсан иргэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэн хоёрын хооронд ялгаатай талууд олон. Хамгийн энгийнээр хэлбэл, вакцин хийлгэсэн хүн халдвар авсан бол хүндрэхгүй хөнгөн хэлбэрээр өвдөнө. Дэлхий дахинд вакцин нь хүндрэл, нас баралтаас хамгаалж чадаж байна гэж үзэж буй.
Манай улсын нийт хүн амын 35 хувийг эзэлдэг хүүхдүүд вакцин хийлгээгүй байна. Синофарм вакцин 80 хувийн дархлаа тогтоодог. 1 сая хүн тариулахад 800 хүнд дархлаа тогтож, 200 хүнд дархлаа тогтохгүй байх магадлалтай гэсэн үг юм. Манай улсын нийт насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдаад, 14 хоносон байна.
Нөгөөтээгүүр иргэдэд эерэг мэдээлэл өгөхөөр тайвшран, халдвар хамгааллын дүрмээ мөрдөхгүй байна. Харин сөрөг мэдээлэл өгөхөөр айдаст автаж буй. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөнд олон хүн гайхаж байна. Хэдий эрдэмтэд халдвар буурна гэж таамагласан ч тооцоолоогүй олон хүчин зүйл нөлөөллөө. Сонгууль ч нөлөөлсөн. Санал авах байруудад хүн хоорондын зайгаа бариарай гэх мэт зөвлөмжийг бид өгсөөр байсан. Гэхдээ иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь илүүтэй нөлөөлсөн. Шагнал урамшууллыг ярихаас өөр аргагүй. Шагнал авсан иргэд багахан найр зохион байгуулсны дараа халдвар авсан тохиолдлууд их гарсан.
Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг иргэд сайн баримталж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, гадуур хамаагүй бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх нь хайртай хүмүүсээ халдвараас хамгаалах юм" гэлээ.