Дэлхийн зах зээлд баррель газрын тосны ханш 72.6 ам.долларт хүрлээ
Өнгөрсөн баасан гарагт шатахуун түгээх станцуудаас жолооч нар бензин худалдан авахаар урт дараалал үүсгэж, олон хүнийг бухимдуулав. Зарим нь ШТС-ын орчим дугаарлахдаа замын эсрэг талыг хааж, нэг урсгалтай болгочихсон байх жишээтэй. Шатахууны үнийг литр тутамд нь 600 хүртэлх төгрөгөөр өсгөх нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсантай энэ нь холбоотой. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас баасан гаргийн 22.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, “Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямдрахад манайд буурч байсан. Маргаашаас (бямба гараг) шатахууны үнэ өсөхгүй” хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр АМГТГ-ын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Өнөөдөр АМГТГ, УУХҮЯ-нд холбогдох ассоциац, холбоод, компаниудын зүгээс бензиний үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд литр шатахууны үнэ 600 төгрөгөөр өснө гэж тархсан нь ташаа мэдээлэл.
Улс орнууд иргэдээ вакцинжуулж, газрын тосны томоохон хэрэглэгч АНУ-аас гадна Европын орнуудын эдийн засаг өсөн, аялал жуулчлал нэмэгдэж, урд хөршийн үйлдвэрлэл сэргэж байгаа тул уг таваарын эрэлт ихэснэ гэсэн хүлээлт үүсээд буй. Тухайлбал, Европын зарим оронд авто замын хөдөлгөөний эрчим цар тахал тархахаас өмнөх үеийн түвшинд хүрснийг “ANZ research” компанийнхан дурджээ. Энэ нь сүүлийн саруудад тогтмол өссөөр буй газрын тосны ханшид эергээр нөлөөлж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.
Яагаад гэвэл нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор Монгол Улсын АИ-92 шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар “Brent” маркийн баррель түүхий тосны үнэ 72 ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу АИ-92 автобензиний үнийг 1830-аас 1320 төгрөг болгон буулгаж байсан. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нэг литр АИ-92 автобензинийг 1450 төгрөгөөр борлуулж байна. Шатахууны үнэ өсөхгүй” гэсэн юм. Түүний хэлснээр манай улсын нийт шатахууны хэрэглээний 33 орчим хувийг АИ-92 автобензин эзэлдэг байна. Цар тахлын энэ үед эдийн засаг хүндэрч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан тул хүн амын 60-70 хувь нь вакцинжуулалтад хамрагдтал АИ-92 автобензиний үнийг өсгөхгүй байх бодлого баримталж буй аж. Хэрэв аж ахуйн нэгжүүд бензиний үнийг өсгөвөл Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэв. Ц.Эрдэнэбаяр мөн “Манай аж ахуйн нэгжүүд төр, засгийн бодлоготой нийцүүлэн ажиллаж байгаагийн хүчинд сүүлийн хагас жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн ч дотоодод ханшийг нэмэхгүй байх зохицуулалт хийж ирсэн. Иргэдийн 60-аас дээш хувь нь вакцинд хамрагдтал шатахууны үнийг “барих” бодлого баримтална” хэмээсэн юм.
Сүүлийн саруудад “хар алт”-ны ханш дэлхийн зах зээлд нэмэгдсээр байгаа тул дотоодод борлуулж буй шатахууны үнэд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдсэн хэмээн нефть импортлогч компанийнхан учирлаж буй. Нэгэн компанийн захирал “Цар тахал дэгдээд хэцүү байна. Иргэдийн олонх нь вакцинд хамрагдаж, эдийн засаг, нийгмийн дарамт багасах хүртэл шатахууны үнийг нэмж болохгүй гэж холбогдох байгууллагаас бидэнд мэдэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны ханш 50 гаруй хувиар нэмэгдсэн. Бид алдагдалтай ажиллаж байгаа. Шатахууны үнийг нэмэх шааардлагатай байгааг холбогдох байгууллагуудад бид өмнө нь удаа дараа мэдэгдсэн” хэмээн өгүүлэв. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд АИ-92 автобензин борлуулахад литр тутамд 550-600 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. Тэдгээр компанийг алдагдлаа бусад төрлийн шатахуун борлуулж олсон ашгаасаа нөхөөд ажилла хэмээж буй юм.
Өөр нэгэн эх сурвалж “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл шатахууны үнийг тогтвортой байлга” гэсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш өсөж байгаа ч 2020 оны эцсээс хойш шатахуун үнийг “барь”, үгүй бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална” гэж байгаа хэмээн өгүүлэв. Тэгвэл нефть импортлогч нэгэн компанийн удирдлага “Шатахууны үнэ өргөн хэрэглээний барааны ханшид нөлөөлдөг, стратегийн бүтээгдэхүүн учраас холбогдох агентлаг, яамтай зөвшилцөж байж нэмнэ гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Санхүүгийн албанаас маань шатахууны үнийг нэмэхгүй бол хэцүүдлээ гэж мэдэгдсээр байгаа” гэсэн юм. Монгол Улсад 1000 гаруй ШТС бий аж. Дотоодын бензиний зах зээлийн 70 орчим хувь нь зургаа, долоон компанид ногддог байна. Тэгвэл зах зээлийн 30 хувийг эзэлж буй компаниуд автобензин зарахаа больсон гэнэ. Зарим жижиг компани дизель түлш л зарж байгаа, орон нутагт үнээ нэмсэн гэх мэдээлэл байна.
“Хар алт”-ны үнэ үргэлжлэн нэмэгдвэл уг бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог манай улсад хэрхэн нөлөөлөх бол? Манайд борлуулах шатахууны үнэд дэлхийн зах зээл дэх “хар алт”, ам.долларын ханш, хилийн үнэ шууд нөлөөлдөг билээ. Уг таваарын ханш хэрхэх төлөвтэйг тандъя.
Улс орнууд иргэдээ вакцинжуулж, газрын тосны томоохон хэрэглэгч АНУ-аас гадна Европын орнуудын эдийн засаг өсөн, аялал жуулчлал нэмэгдэж, урд хөршийн үйлдвэрлэл сэргэж байгаа тул уг таваарын эрэлт ихэснэ гэсэн хүлээлт үүсээд буй. Тухайлбал, Европын зарим оронд авто замын хөдөлгөөний эрчим цар тахал тархахаас өмнөх үеийн түвшинд хүрснийг “ANZ research” компанийнхан дурджээ. Энэ нь сүүлийн саруудад тогтмол өссөөр буй газрын тосны ханшид эергээр нөлөөлж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.
ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн, “хар алт”-ны томоохон нийлүүлэгч Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман энэ сарын эхээр “Цар тахал болон инфляц нь газрын тосны зах зээл тогтворжиход саад учруулахгүй” хэмээн мэдэгдсэнийг CNBC дамжуулж байв. “Brent” маркийн нефтийн ханш энэ сарын 1-нд сүүлийн гурван сарынхаа дээд түвшинд хүрч, баррель нь 70 ам.долларт хүрсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт дээрх тоо 72.6 “ногоон”-д хүрсэн нь сүүлийн хоёр жил гаруйнх нь дээд түвшин юм. Энэ оны хоёрдугаар хагаст газрын тосны эрэлт өснө хэмээн дээрх байгууллагынхан төсөөлж буйг “Bloomberg” мэдээлжээ. Тодруулбал, улс орнуудын эдийн засаг сэргэж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж буй зэргээс шалтгаалж уг таваарын хэрэглээ дээрх хугацаанд өдөрт тав орчим сая баррелиар буюу таван хувиар өснө хэмээн таамагласан байна. ОПЕК-ийн гишүүн 13 орон өнгөрсөн тавдугаар сард өдөрт 25.46 сая баррель бүтээгдэхүүн олборлосон дүн бий. Тэгвэл ирэх зургаан сард тэдгээр улсаас нийлүүлэх шаардлагатай бүтээгдэхүүний эрэлт өдөрт дунджаар 29 сая баррельд хүрэх магадлалтай гэнэ. ОПЕК-ийн дараагийн хурал ирэх сарын 1-нд болох агаад бүтээгдэхүүний гарцын талаар хэлэлцэх юм.
Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөлж буйгаар дэлхийн газрын тосны эрэлт 2022 онд цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшинд хүрэх аж. Тодруулбал, ирэх жилийн хоёрдугаар хагаст улс орнууд өдөрт 100 орчим сая баррель нефть “залгих” нь. Энэ жилийн гурав, дөрөвдүгээр улиралд “хар алт”-ны эрэлт өдөрт дунджаар 5.4 сая баррелиар нэмэгдэхээр буй нь түүхэнд байгаагүй өндөр дүн болох, ирэх онд мөн 3.1 саяар өсөх төлөвтэй гэж “Guardian” мэдээллээ. Тус агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “Хэрэв нийлүүлэлт нэмэгдэхгүй бол газрын тосны үнэ өсөх нөхцөл бүрдэнэ” хэмээн тэмдэглэснийг “Bloomberg” эш татав. “Goldman sachs” банкны шинжээчид “Brent” маркийн нефтийн ханш энэ зун 80 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Товчхондоо, дэлхийн зах зээлд газрын тосны ханш цаашид өснө гэж олон улсын байгууллагууд, шинжээчид тооцоолсныг харж болохоор байна.
Манай улс өнгөрсөн жил анх удаа АИ-92 шатахуун дээр хэдж (hedge) хийн, үнэ нь харьцангуй тогтвортой байхад худалдан авах гэрээ байгуулсан. Тодруулбал, найман сарын хугацаанд буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд хэдж хийж, тонн шатахууны хилийн үнийг 400 ам.долларт “барьсан” юм. Харин ханш нь өссөн энэ үед фьючерс гэрээ (урьдчилж тогтсон үнээр худалдах, эсвэл худалдан авахаар тохирох) байгуулах боломжгүй гэж АМГТГ-аас өмнө нь мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, өмнөх зургаан сард хэдж хийгээгүй. Өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөхдөө ийм төрлийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа гэж дурдаагүй билээ. Тэгэхээр иргэдийн олонх нь вакцинд хамрагдах үед шатахууны үнийг нэмэх бололтой. Улмаар өргөн хэрэглээний барааны үнэ улам л өсөж, иргэдэд дарамт болох нь. Сонгууль дуустал шатахууны үнийг нэмж болохгүй гэж тулгадаг нь зах зээлийн нийгэмд эрүүл үзэгдэл мөн үү? Нэгэнт сонгууль болж өнгөрсөн хойно газрын тосны ханш дэлхийн зах зээлд өсөж буй үнэнд гүйцэгдэж, дотоодод ч нэмэгдэх нь.