Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн хугацаа ирэх долоодугаар сарын 1-нээс дуусгавар болж байгаатай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө
Тэрбээр "Ирэх долоодугаар сарын 1-нээс засгийн газраас гаргасан бүх хөнгөлөлт, урамшууллын арга хэмжээний хугацаа дуусна. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн үнэлгээ, шинжилгээг хийж байна. Долоодугаар сарын 1-нээс хойш төсөв санхүү яах вэ, улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судална.
Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зогсооно.Ковидын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар цогц эрсдэлийн шинжилгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж бидэнд байна уу. Эдийн засаг үүнийг даах уу зэрэг шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ ямар түвшинд байх вэ гэдгийг одоо шууд хэлэхэд хараахан эрт" гэдгийг онцлон хэлэв.