Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгуулиар У.Хүрэлсүх олонхын дэмжлэг хүлээж, МАН-аас сонгогдсон гурав дахь Төрийн тэргүүн болох нь. Ийнхүү 2009 оноос эхлэлтэй, дараалсан гурван ялалтыг өнөөгийн эрх баригчид АН-аас салгав. УИХ-ын сонгуулиас жилийн дараа болдог Төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөнд парламентад олонх болсон намаас нэр дэвшигч илүүрхсэн тохиолдол тун цөөн. 2000 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) 72 суудал авч, дараа жил нь тус намын нэр дэвшигч Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн гэлтгүй бүх шатны сонгуулийн ирц сүүлийн 30 шахам жилд тасралтгүй буурч ирсэн. Манайд төдийгүй дэлхий даяар сонгогчдын ирц буурч байгаа бөгөөд энэ нь төр, засгаа гэх иргэдийн итгэл буурсан, хэнийг нь ч, алийг нь ч сонгоод нэмэргүй гэх хандлага хаа сайгүй газар авч байгаатай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг
Мөн 2013 онд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход УИХ-д тус нам олонх байсан ч Засгийн газраа дангаар байгуулахааргүй байсан юм. Тэгвэл одоо парламентын болон орон нутгийн сүүлийн хоёр удаагийн ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, удирдлагын бүхий л шатанд байр сууриа эзэлсэн МАН-ын хүн ч төр тэргүүлэн ажиллах нь. Тэд энэ улсынхаа төлөө зүтгэе гэвэл боломж дүүрэн, иргэдээсээ, төрөөсөө хулгайлъя, хууръя гэвэл хяналт хоосон болж байгаа нь энэ. МАН-ынхан 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл хоршиж ажиллана. Харин 2027 оныг хүртэл буюу У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуустал ямар УИХ, Засгийн газартай хамтран ажиллах вэ гэдэг нь тэдний хичээл зүтгэл, хийсэн бүхнийх нь бодит үр дүнгээс шууд хамаарна. Иймд одоо олон юм ярилгүй, хийж, бүтээх л зам үлдэж байна.
АН-ЫНХНЫ АМСАЖ БАЙГААГҮЙ ЯЛАГДАЛ
Мэдээж АН хүчтэй сөрөг хүчин байж чадсан сан бол өөр хэрэг. Гэвч Монголын улс төрийн нөлөө бүхий хоёр намын нэг, Ерөнхийлөгчийн дөрвөн ч сонгуульд нэр дэвшигч нь ялалт байгуулсан, өнгөрсөн 30 жилийн хугацаанд өнөөгийн эрх баригчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч байж ирсэн АН үүн шиг ялагдаж байсангүй. 2001 оны сонгуульд ИЗН-аас нэр дэвшсэн Л.Дашням саналаа өгсөн сонгогчдын 3.5 хувийн дэмжлэг авсныг эс тооцвол С.Эрдэнийн цуглуулсан онооны хувь зургаа ч хүрэхгүй байгаа нь хамгийн бага дүн боллоо. Энэ бол АН-ын төдийгүй 28 жилд явуулсан найман удаагийн сонгуульд нэр дэвшсэн 23 хүний (давхардсан тоогоор) сонгогчдоос цуглуулсан саналын хувиар эрэмбэлбэл доороосоо хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт. АН-ын хагарал, амь амиа бодсон арчаагүй, төлөвшөөгүй байдал, Ардын намынхны аархал, төрийг тэр чигт нь өөрсдөдөө, нэр дэвшигчийнхээ төлөө зүтгүүлсэн кампанит ажил, тэнгэр, газар шиг ялгаатай гарааны нөхцөл сонгуулийн үр дүнг бодитой таамаглах сэжим болж байсан ч ингэж ялагдахыг хэд нь төсөөлж байсан бол. Жил хүрэхгүй зайтай болсон хоёр сонгуульд АН-ыг удирдаж, бүр өөрөө нэр дэвшин өрсөлдөж, навс ялагдсан С.Эрдэнэ хийгээд түүний талынхан чимээгүйхэн явах уу, эсрэг багийнхан, халаагаа өгч буй Ерөнхийлөгч ил гарч, гал өрдөх үү гэсэн олон асуулт, асуудал тэдэнд үлдлээ. Хойшид тэдний хэрхэхийг харах нь ч бидний хувьд үзүүштэй, сонирхол татахуйц үйл явдал байх болно.
“ЦАГААН СОНГОЛТ” ЦАХИУР ХАГАЛСАН ХЭВЭЭР
АН-ын нэр дэвшигчтэй ана мана үзэлцсэн өрсөлдөгч бол “цагаан сонголт”. С.Эрдэнийн цуглуулснаас 900 орчим саналаар цөөн буюу сонгогчдын 5.92 хувь нь нэр дэвшигчдээс хэнийг нь ч дэмжихгүйгээ илэрхийлж, хуудсаа хоосон уншууллаа. Хоёр дахь удаагаа санал хурааж Ерөнхийлөгчөө тодруулсан 2017 оны сонгуулиар “цагаан сонголт”-ын тоо эхлээд 18.6 (1.3 хувь), сүүлийнхэд нь 99.4 мянгад (8.2 хувь) хүрсэн. Хэдхэн хоногийн зайтай болсон санал хураалтад “цагаан сонголт”-ын тоо тав дахин өссөн нь энэ. Өмнө нь ийм зүйл болж байсангүй. 1993 оны анхны сонгуулиар хүчингүй санал (эхний сонгуулиудад нэгээс олон сонголт хийсэн, эсвэл юу ч тэмдэглээгүй бол хүчингүйд тооцож байсан) 3.5 хувьд хүрснийг эс тооцвол ийм үзүүлэлт хоёроос хэтэрдэггүй байв. 2013 оны сонгуулиар гэхэд л 16 мянган хүн “цагаан сонголт” хийсэн нь саналаа өгсөн иргэдийн 1.3 хувьтай тэнцэж буй.
Хэрэв энэ удаа “цагаан сонголт” хийсэн 71 937 хүн хэнийг ч дэмжихгүй юм чинь гээд санал хураалтад оролцоогүй бол үр дүн хэрхэн өөрчлөгдөх байсныг тооцох гээд үзье. Саналаа өгсөн хүмүүсээс “цагаан сонголт”-ын эздийг хасвал 1 143 216 сонгогч сонгуульд оролцсон болж таарна. Энэ тохиолдолд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн цуглуулсан 823 326 санал 72 хувийн дэмжлэг болж өсөх нь. Өөрөөр хэлбэл, та бид санал хураалтад оролцоогүйгээрээ зөвхөн сонгуулийн ирц бууруулаад зогсохгүй тухайн нэр дэвшигчийн нийт сонгогчоос авсан дэмжлэгийн хувь хэмжээг автоматаар өсгөчихөж байгаа хэрэг. Угтаа нэр дэвшигч У.Хүрэлсүхийн цуглуулсан 823 326 санал хэвээрээ байгаа атал түүний авсан дэмжлэгийн хувь даруй бараг таваар нэмэгдэхээр байгаа биз. Магадгүй тэр 572 мянган санал цуглуулахад л олонхын дэмжлэг хүлээх нөхцөл үүсэх хэрэг. Энэ хэрээр Ерөнхийлөгч болох босго 35.5 мянган сонгогчийн саналаар намсана гэсэн үг. Юутай ч өнгөрсөн сонгуулиас эрчээ авч, эчнээ танил болсон “цагаан сонголт” энэ удаа ч анхаарлын төвд орж чадсан нь сайн хэрэг. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ илүү хариуцлагатайгаар тодруулж, олны хүлээлтэд аль болох нийцэх нэгнийг эрж, хайх эхлэл байгаасай гэж хүснэм.
Гэвч санал хураалтдаа заавал оролцож, нэр дэвшигчдийн хэнд нь ч, байж болох хамгийн бага сонгогчийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдох нөхцөл үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй ч энэ удаа ирц 59.3 хувьд хүрч түүхэн доод түвшнийг заалаа. 1993 онд 92.7 хувьд хүрч байсан ирц тасралтгүй буурсаар 60 хувьд ч хүрсэнгүй. Өнгөрсөн сонгуулийн дахин санал хураалтад нийт сонгогчийн 60.6 хувь нь л оролцсон юм. Магадгүй сонголтгүйгээс гадна Төрийн тэргүүнээр тодруулж болохооргүй нэр дэвшигч байна гэж бодсондоо сонгуульдаа оролцоогүй бол тэр тусмаа хойш суух ёсгүй байлаа. Төр тэргүүлэх учиргүй тэр хүнд таны “цагаан сонголт” тээг болж, илүү олон хүнээс санал цуглуулах шаардлага үүсгэх байсныг хойшид санаж явахад илүүдэхгүй ээ.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн гэлтгүй бүх шатны сонгуулийн ирц сүүлийн 30 шахам жилд тасралтгүй буурч ирсэн. Манайд төдийгүй дэлхий даяар сонгогчдын ирц буурч байгаа бөгөөд энэ нь төр, засгаа гэх иргэдийн итгэл буурсан, хэнийг нь ч, алийг нь ч сонгоод нэмэргүй гэх хандлага хаа сайгүй газар авч байгаатай холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, сонгуульд огт оролцохгүй байгаа нь ч “цагаан сонголт”-ын нэг хэлбэр, “Сонгох хүнгүй байхад саналаа өгөөд яах билээ” гэх хандлагын илрэл гэж хэлж болно. “Цагаан сонголт”-ын тоо ч, ирц ч сонголтгүй сонгуулийг бидэнд тулгасныг тод гэрчилнэ.
ТОО БА ЧАНАР
Эндээс харвал У.Хүрэлсүх хамгийн бага ирцтэй сонгуулиас тодорсон Ерөнхийлөгч болж таарна. Тиймээс ч 67.7 хувийн санал авснаа “түүхэн” хэмээн тодотгож, сагахад ичмээр. Хэдийгээр 1997 онд нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувийн санал авсан нь өнөөдрийг хүртэл хамгийн өндөр, сүүлд Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс дөнгөж 50 хувийн босго даван сонгогдсон нь үнэн авч ирц түүхэн доод түвшинд хүртлээ буурсан үед тодорсноо анзаарах учиртай. Мөн энэ нь нийт сонгогчийн 40 хувийнх нь саналыг авсан гэсэн үг. Сонгуульд оролцох эрх бүхий иргэдийнхээ талынх нь ч дэмжлэгийг аваагүй байж нийт ард түмнээс сонгогдсон гэж ярих нь хэр зохимжтой бол. Ирц, идэвх сонгуулиас сонгуульд муудаж байгаа үед энэ нь ганц У.Хүрэлсүхэд хамаарах асуудал биш болчихоод байгаа юм.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий МАХН-ыг МАН өөртөө нэгтгэсэн. Уг намыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар 2017 оны сонгуулиар 410 мянга буюу өдгөө У.Хүрэлсүхийн цуглуулсны тэн хагастай нь тэнцэхүйц санал авч, 30 гаруй хувийн дэмжлэг хүлээснийг мартах учиргүй. Ийнхүү энэ удаагийн сонгуульд дөрөв биш, гурван хүн нэр дэвшиж, МАН хийгээд МАХН-ын санал нэг саванд орсон байх магадлал өндөр.
Харин “Зөв хүн электорат” эвсэл, түүний нэр дэвшигч Д.Энхбатын ялагдал ялалтын дайтай байлаа. АН, МАН гэсэн хоёр гол тоглогчийн дундуур “гуравдагч этгээд” ингэж цойлсон түүх үгүй. Кампанит ажлын үеэр эрх баригчид С.Эрдэнийг биш, Д.Энхбат руу чиглэсэн, дайрсан сурталчилгаа явуулж байсан нь ч түүнийг хүчтэй өрсөлдөгч болохыг мэдэрснийх биз. Саналаа өгсөн сонгогчдын 20 гаруй хувийн дэмжлэгийг авахдаа тэд нэр дэвшигчээ тодруулахаас авхуулаад, кампанит ажил өрнүүлэх, санхүүжилт босгох, сурталчилгаа хийх, ялагдлаа хүлээн зөвшөөрөх хүртэл урьд байгаагүй жишиг, соёл, үлгэр дуурайл, зөв хандлагыг манай сонгуулийн түүхэнд анх удаа харуулж чадлаа. Үнэндээ Д.Энхбат сурталчилгаа эхлэхээс хоёр хоног бус, хоёр сарын өмнө нэр дэвших шийдвэрээ гаргаж, бэлтгэлээ ханган, бүх талын нөөц эрх баригчдад бус, эн тэнцүү хуваарилагдаж, энх цагт иргэд, сонгогчидтой нүүр тулан уулзаж, ядаж л мэтгэлцээний талбарт гарсан бол өнөөдрийн үр дүн илүү өндөр байхыг үгүйсгэхгүй. Тэд Монголын улс төрийн нөлөө бүхий хүчний орон зайг эзлэх, сөрөг хүчин, цөөнхийн хяналт, дуу хоолой болж чадах, эсэх нь ирэх өдрүүдийг илүү хүлээлттэй болгох биз ээ.
МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, тэд олонхыг нь бүрдүүлж буй УИХ, Засгийн газар 2024 он хүртэл хоршиж ажиллана. Энэ хугацаанд тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлж, шинэ Ерөнхийлөгчийг хамгийн хүчгүй нь байхаар хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлж чадах уу. Эсвэл парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай хэмээн мэтгэлцэх, эрх мэдэл хуваарилалтын маргаан урьдын адил үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.