Ерөнхийлөгч Х.Баттулга халаагаа өгөхөөс урьтан цол хүртээж, одон, медаль олгож байгаа нь дараагийн Төрийн тэргүүнд үүнээс өөр ажил үгүйг сануулах мэт. Үнэхээр ч 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн “Эцэг хууль”-д заасан хүрээнд хуулиар олгож болохоор тусгасны дагуу Ерөнхийлөгчийн тухай хуулиа шинэчилж чадвал энэ нь бодит болох юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй олон эрхийг хязгаарлаж чадвал энэ албанд сонгогдсон хэн боловч тэгтлээ сагаж чадахгүй, эрх дархын хувьд бараг “нүцгэрэх” юм.
Үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулиас бусад хуулиар өөртөө эрх мэдэл нэмж ирсэн гэдэг. Тэгвэл хамгийн хүчтэй гэж хэлж болох сүүлчийн Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний долоо дахь удаагийн сонгуулиар сонгогдсон, тав дахь хүн Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд юу хийв.
УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрх. Тэрбээр 22 удаа хориг тавьсан байна. Төр тэргүүлж байсан хүмүүсээс Н.Багабанди улиран сонгогдож, найман жил ажиллахдаа хамгийн олон буюу 30 удаа хориг тавьсан бол бусдынх нь 10 ч хүрэхгүй аж. Харин өнөөгийн Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь (2019.05.30), УИХ-ын (2020.05.26) болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн (2021.01.26) тавьсныг нь УИХ хүлээж авсан юм. Гэхдээ тэрбээр сөргүүлэн УИХ-ыг тараах тухай санаачилгыг хоёр удаа гаргасан байдаг. Парламентын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй, бүх шатанд засаглаж байгаа МАН-ыг тараахыг ч шаардлаа.
Юутай ч УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авснаар парламент Төрийн тэргүүний хууль санаачлах эрхэд халдсанаа хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд найман хууль, тогтоолын төсөл санаачилж, парламентад өргөн барьсан байх аж. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “хүүхдийн мөнгө” олгох тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Тухайн үед өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалан нийт хүүхдийн 60 хувьд мөнгийг нь олгож байсан юм. Ингээд 2018 оны хоёрдугаар хагас, 2019 онд нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болж, өнгөрсөн оны эхнээс хүссэн нь мөнгөө авч буй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн эл төслийг УИХ тэр чигээр батлаагүй ч өдгөө хүүхэд бүр сар тутам мөнгөө авч байгаа. Тэр ч бүү хэл, энэ сарыг дуустал бүх хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг өгч буй билээ. Тиймээс ч Ерөнхийлөгч ойрд Эхийн алдар одон гардуулахдаа үүнийг ихэд онцолж, давтан давтан ярьж байна.
Мөн хоёр удаа өргөн барьсан ч хол яваагүй төсөл бий. Тэр нь Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуульд “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэх заалтыг нэмэхээр байв.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барихад хууль тогтоогчид тэр дор нь баталчихсан. Гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа УИХ-д албан ёсоор тавивал хэлэлцэн шийдвэрлэх агуулга бүхий эл хуулийг баталснаар М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх саналд 39 гишүүн гарын үсэг зурж, өөрт нь өргөн барьснаар түүнийг “буулгасан” түүхтэй. Тухайн үед УИХ-ын гишүүд Төрийн ордны дотор ч, гадна ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албаа өгөхийг шаардаж байсныг санаж буй биз ээ. Энэ үед Ерөнхийлөгч “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүртлээ хурцдаж байгаа энэхүү хямрал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд, тэр дундаа оршин тогтнох, нийгэм, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөлд хүргэж мэдэхээр болжээ” гэх тайлбартайгаар төслөө өргөн барьсан билээ.
Түүнчлэн тэрбээр “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр төсөл санаачилсан юм. Гишүүдийн санаачилсан төслийн талаар баахан таагүй үг чулуудаж байсан Төрийн тэргүүн өөрөө төсөл өргөн барихад нь гайхах хүн олон гарсан. Гишүүдийн төсөл дэх шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтуудыг дэмжихгүй гэдгээ төслөөрөө шулуухан илэрхийлсэн Ерөнхийлөгч тэдгээр заалтыг хасах санал гаргаж, эцэст нь гэнэт татан авсан юм даг. Улмаар Шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Гэвч энэ хууль түүний хүссэнээр батлагдаагүй. Тиймээс ч тэрбээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг хуульд хэсэгчлэн хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул дараагийн алхмаа хийн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харин Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу эл асуудлыг хэлэлцсэн Цэц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж, холбогдох заалтуудыг нь түдгэлзүүлчихээд буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үнэмлэхүй олонх бүхий эрх баригчдын хийх гээд байгаа шүүхийн шинэчлэл төрхөмдөө буцах нь үндсэндээ тодорхой болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, тун удахгүй болох сонгуулиар тодрох Ерөнхийлөгч шүүх засаглалд нөлөө бүхий эрх мэдэлтэй байхаар дүр зураг ажиглагдаж буй. Ер нь шүүх засаглалд манай үе үеийн Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж, түүнийгээ өөр бусад хуулиар баталгаажуулсаар ирсэн нь хараат бус байдлыг нь алдагдуулж, хяналт, хариуцлагыг үгүй хийсэн талаар судлаачид, улстөрчид төдийгүй олон улсын ажиглагчид хэлж ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга халаагаа өгөх ч дараагийн хүндээ шүүх засаглалд нөлөөлөхүйц эрх мэдэл өвлүүлж үлдээхээр байна.
Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх эрхтэй. Тэрбээр өмнөх Төрийн тэргүүн шиг энэ талбарт “од” болоогүй. Ийм ч зорилго тавиагүйгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлов. Гэхдээ хоёр хөрш болон Энэтхэг, Америк, Европтой тогтоосон харилцаандаа түлхүү ач холбогдол өгснөө дурдсан. Өмнөд хөршид хоёр жил дараалан айлчилж, цар тахлын хүнд үед 30 мянган хонь бэлэглэсэн. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа эн тэргүүнд хоёр хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбар, түвшинд хөгжүүлэхээр тусгасан манай улс түүний үед ОХУ, БНХАУ-ын аль алинтай нь иж бүрэн стратегийн түншлэлийн буюу хүрч болох хамгийн дээд түвшний харилцаанд хүрэв. Мөн 2019 оны наймдугаар сард АНУ-д айлчилж, манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тус улсын Төрийн тэргүүний хамт тунхаглаад ирсэн. АНУ-ын хувьд ердөө жил хүрэхгүйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг нотолж байв. Юутай ч өрнө, дорнын өндөр хөгжилтэй улс орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өнөөгийн Ерөнхийлөгч алдуулсангүй.
Харин улсаа төлөөлөн гадаад орнуудад ажиллах Элчин сайдын томилгоонд сайнаар хэлбэл, нухацтай, яарч тэвдэлгүй, саараар хэлбэл, гацааж, хэдэн сар, жилээр уяж байж шийддэг хандлагыг тэрбээр танил болгон үлдээж байх шиг. Нэг талаас манай төр үеэ өнгөрөөсөн улстөрчдөд өртэй юм шиг албан тушаал зэхэж, аль нэг улс руу амрааж буй аятай Элчин сайдаар илгээдэг хандлагыг тэр сөрж ажиллалаа. Дэмжихгүй, явуулахгүй, итгэмжлэх жуух бичгийг нь өгөхгүй байж болдгийг тэр харуулав. Энэ хэрээр тэтгэвэртээ гарсан улстөрчдийн бөглөх байсан зайд мэргэшсэн дипломатчид ажиллах нь нэмэгдэж, Элчин сайдын томилгоо чамбайрсан гэж хэлж болно. Улмаар мэргэжлийн биш, дипломат салбарын байтугай төрийн албаны ч туршлагагүй эрх барьж буй улс төрийн намын хүн гэх “шошго” зүүчихсэн залуус дараалал дайрдаг бичигдээгүй дүрмийг бага ч болов өөрчлөв. Нөгөө талаас аль нэг улс төрийн нам, хувь хүнийг чадахын тулд чадах гэж буй мэт илт ялгаварлаж байгаа дүр зураг ч тод ажиглагдлаа. Тиймдээ ч гадаад бодлого, дипломат харилцаандаа ул суурьтай хандаж, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын нэр хүндийг хайрлах ёстой гэсэн эрхэм үүргээ хойш тавиад байна уу гэх хандлага ч ажиглагдаж байв. Өдгөө хэдэн арван Элчин сайдын томилгоо Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч рүү шилжих гэж байгаа нь үүнтэй л холбоотой.
Магадгүй тэр ҮАБЗ-ийг бүрэн эрхийн хугацааны турш тэргүүлж ажилласан сүүлчийн Ерөнхийлөгч байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ҮАБЗ-ийг даргалах үүргийг гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдад шилжүүлэхээр тусгаад буй. Юутай ч тэрбээр тус зөвлөлийг тэргүүлж, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай ойлголцож ажиллах хугацаандаа төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэн, эцсийг нь үзэж, ахмадуудын тэтгэврээ барьцаалан авсан зээлийг тэглэх зэрэг үндэсний хэмжээний, томоохон шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүллээ. Гэхдээ тэр оффшор бүсээс төдөн төгрөг оруулаад ирлээ гэж хэлэх үггүй үлдэв. Мэдээж энэ нь түүний сонгуулиар өгсөн амлалт л болохоос бус, бүхэлдээ Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлага биш.
Тэрбээр 2017 оны сонгуульд өрсөлдөхдөө “Монгол ялна” хэмээх уриатайгаар оролцсон. Эцэст нь тэр дөрвөн жил ажиллачихаад “Монгол ялсан” гэж хэлж чадахгүй, “Төрд шударга ёс байхгүй” хэмээн толгой сэгсэрч сууна. Нэр дэвших эрхээ “булаалгаж”, сонгуулийн өмнөх сунгаанд “ялагдсан” Ерөнхийлөгчөөс үүнээс өөр үг гарахгүй байж ч мэднэ.