Вакцинжуулалт болон халдварт өвчний нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны газрын дарга, дархлаа судлаач Л.Энхсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өмнөх долоо хоногоос халдварын тоо эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн дараа халдвар авсан хүний тоо 0.5 хувийг эзэлжээ. Үүнээс вероцелл вакцинд хамрагдсан хүний 0.22 хувь, АстраЗенека 0.33 хувь, Комирнэти 0.11 хувь, Спутник в 0.51 хувь халдвар авсан. Харин вакцинд хамрагдсан иргэдийн 99.5 хувь нь халдварт өвчнөөс хамгаалагдаж байна гэсэн судалгаа гарч буй.
Вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй, судасны эмгэгтэй иргэд илүүтэй өвчилж байна. Манай улсад гурван хүн тутмын нэг нь хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Харин аймгийн хэмжээнд энэ хувь 15 хувьтай байна.
Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл нэмэгдэн, нийт өвчтөнүүдийн 27 хувийг эзэллээ. Таван хүүхэд тутмын нэг нь өвчилжээ. Тэд вакцинд хамрагдаагүй тул илүүтэй өвчилж байна. Иймд зарим улсад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ. Хүүхдүүдэд амны хаалт зүүлгэн, хөхөөр хооллох хэрэгтэй.
Насны бүлгээр харвал 25-34 насныхан нийт өвчтөнүүд дунд хамгийн өндөр хувь эзэлжээ.
Орон нутагт аялах бол нэг дор дөрөвөөс олон хүн битгий яваарай. Нярай хүүхэдтэй айлд очиж, халдвар тараасан тохиолдол гарсан. Иймд нялх биетэй болон олон хүүхэдтэй айлд олноор цуглахгүй байх нь халдвар өвчнөөс хайртай хүмүүсээ хамгааллах боломжтой.
Вакцины хоёр дахь тунгаа авсны дараа бидний биед хамгаалах болон санамжийн эсүүд үүсдэг. Эхний тунгаа хийлгэсний дараа хариу урвал нь хүчтэй илэрсэн зарим иргэн айдаст автан, вакцинаа хийлгэхгүй байна. Вакциныг эмнэлэгт хийж буй тул амь насанд аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлж буй.
Эцэст нь хэлэхэд амны хаалтаа сайн зүүн, олон хүн цугласан газар битгий очоорой. Түүхэн ой гэх мэт тэмдэглэлт арга хэмжээ, хуримд очвол халдвар авах эрсдэл өндөр гэдгийг анхааруулж хэлмээр байна" гэлээ.