Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд УОК-оос зөвшөөрөл авч байж зорчих хуулийн зохицуулалттай.
Гэтэл Дорноговь аймаг руу зорчихоор УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрлөө авсан иргэдийг Говьсүмбэр аймгийн шалган нэвтрүүлэх постоор гаргахгүй, хүндрэл, чирэгдэл учруулж байна гэх гомдлыг иргэд манай сайтад ирүүллээ. Тухайлбал, Дорноговь аймагт яаралтай ажлын шугамаар очих байсан иргэн УОК-оос зорчих зөвшөөрөлтэй дөрвөн оронтой код авсан ч очих гэж байгаа аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл аваагүй бол нэвтрүүлэхгүй гэжээ. Тодруулбал, УОК-оос дээрх аймгууд руу ажлын шугамаар зорчих гэж байгаа бол тухай аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах ёстой гэх журам батлаагүй юм. Гэвч Говьсүмбэр аймгийн удирдлагууд УОК-оос “давсан” шийдвэр гаргаж, иргэдэд хүндрэл учруулсан бололтой.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Говьсүмбэр аймгийн онцгой комисс болон Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, УОК-ын Шуурхай штабаас хязгаарлалт тогтоосон дээрх хоёр аймаг руу зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил болон зайлшгүй тохиолдол зорчих бол ямар шаардлага тавьж байгаа талаар тодрууллаа.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын шинжээч Б.Гандулам “УОК-ын шуурхай штабаас зөвшөөрлөө аваад зорчиж байгаа тохиолдолд Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтынхан болон онцгой байдлын газрынхан шалгаж, цааш нэвтрүүлэх юм. Хэрхэн шалгаж, нэвтрүүлэх нь тухайн орон нутгийн дотоод зохион байгуулалтын ажил. Гэхдээ Улаанбаатар хотоос чиглэлээ тодорхойлоод, нэвтрэх зөвшөөрлөө аваад гарсан тохиолдолд УОК-ын шуурхай штабын шийдвэрийг Говьсүмбэр аймгийн онцгой комиссынхон зөрчих ёсгүй. Харин Өмнөговь, Дорноговь аймаг руу дамжин өнгөрөх тохиолдолд иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн тохиолдол ямар ч асуудалгүй зорчуулна” гэлээ.
Харин Говьсүмбэр аймгийн онцгой комиссын орлогч, хошууч А.Батболд “Дорноговь аймаг руу зорчихоор манай аймгаар дамжин өнгөрч байгаа тохиолдолд УОК-ын шуурхай штабаас өгсөн зөвшөөрөл болон вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносныг батлах бичиг, баримтыг бүрдүүлсэн, эсэхийг харгалзан нэвтрүүлнэ. Харин эдгээр шаардлагыг хангаагүй бол Улаанбаатар хот руу буцааж байгаа. Мөн УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөс гадна хязгаарлалт тогтоосон тухайн хоёр аймгийн онцгой комиссоос ч зөвшөөрөл авах юм. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдол манай зүгээс зорчигчийг тусгаарлахгүй, шууд нэвтрүүлж байгаа.
Мөн зарим хүмүүс өөрийнхөө эрх ашгийн төлөө шаардлагыг янз бүрээр мушгин ярих тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр хууль болон журмаас гадуур шаардлага тавьж, чирэгдэл учруулсан бол тухайн алба хаагчид хариуцлага тооцно. Хэрэв манай аймгаар дайран өнгөрөхдөө, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй иргэнийг нэвтрүүлээгүй бол манай алба хаагчийн зөв” гэх тайлбар мэдээллийг өгөв.
Цар тахал сүүлийн өдрүүдэд аймаг, орон нутагт эрчимтэй бүртгэгдэж байгаа энэ үеэд УОК болон аймгуудын онцгой комиссын албан хаагчид хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй, мэдээллээр сайн хангаж, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд үнэн бодиттой мэдээлэл өгөх нь юу юунаас чухал байна. Нөгөөтээгүүр хязгаарлалт тогтоосон дээрх хоёр аймаг руу зорчиж байгаа иргэд шаардлагаа бүрэн биелүүлж, хэн хэндээ хүндрэл үүсгэхгүй ажиллахыг албаныхан онцлов.