Халдвар авсан хүмүүсийн дунд вакцинд хамрагдсан хичнээн хүн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 0,47 хувь буюу 11913 иргэн халдвар авчээ. Тодруулбал, вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн 8037, бүрэн тунгаа хийлгэсэн 3876 хүн халдвартай нь батлагдсан байна.
ЭМЯ-наас бүрэн тундаа хамрагдаад 14 хоногийн дараа халдварт өвчний эсрэг дархлаа хүний биед тогтоно гэсэн мэдээллийг өгч байсан. Гэтэл хамгийн сонирхолтой нэг баримт нь бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон 974 иргэнээс халдвар илэрчээ. Энэ нь халдварын тохиолдлын тоо хэр нэмэгдэж байгаа болон эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрч байна гэдгийг хариулсан дархлааны эффектийн чухал үзүүлэлт болж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Харин эсрэгээрээ вакцинд хамрагдсан нийт 2.556.277 хүний 99.5 хувь нь халдварт өвчнөөс өөрсдийгөө сэргийлж чаджээ.
Мөн ямар вакцин тариулсан хүн халдварт их өртөж байгаа талаар ЭМЯ-наас дараах судалгааг гаргажээ. "Вероцелл" вакцины II тунг хийлгэсэн хүмүүсийн 0.44 хувь нь халдвар аваад байна. Мөн "АстраЗенека" вакцины II тунг тариулсан хүмүүсийн 0.53 хувь нь, "Спутник-V" тариулсан хүмүүсийн 0.64 хувь нь халдвар авчээ. Хүн амын 70 орчим хувь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан тохиолдолд халдварын тоо буурна гэдгийг албаныхан хэлэв.