ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох халдварт өртөж байгаа хүүхдүүдийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Халдварт өвчнөөр 24-44 насныхан их өвдөж байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдээс халдвар их илэрлээ. Тодруулбал, Хүүхдүүдийн дундах коронавирусийн халдвар өмнө нь нийт тохиолдлын 22.5 хувьтай байсан ч сүүлийн 14 хоногийн дотор 28.2 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, 0-17 насны нийт 2661 хүүхэд халдвар авчээ. Энэ нь эргээд вакцинд хамрагдаагүй буюу хүүхдүүдийн дунд тарах хандлагатай байгааг харуулж буй. Хүүхдэд халдварын шинж тэмдэг бага илэрдэг учраас халдвар авснаа мэдэхгүй, бусдад тараах өндөр магадлалтай. Хүүхдүүдийн дундах халдвар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой билээ.
Мөн халдварт өвчин эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байгаа юм. Учир нь хүн амын хамгийн идэвхтэй бүлэг буюу18-34 насныхан. Гэвч эдгээр хүмүүс вакциндаа муу хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй хүмүүс болон вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй байгаа хүмүүс болон хүүхдүүд сүүлд илэрч байгаа өвчлөлийн цөмийг бүрдүүлж байна" гэв.