5 настай охин маань өчигдөр “Би ямаа жилтэй” гээд их л итгэл төгс хэлэхэд эгч нар нь шоолох өхөөрдөхийн дундуур жуумалзацгаалаа. Хүүхдийнхээ амнаас унасан богинохон өгүүлбэрт сэтгэл минь эмзэглэн энэ зун заавал хүүхдүүдээ аваад хөдөөний амьдралтай танилцах аялалд хамруулж “Хэн бэ” гэдгийг мэдрүүлэхгүй бол болохоо байжээ хэмээн бачуурав.
Дэлхий биднийг “Нүүдэлчин Монголчууд” хэмээн төсөөлж, бидний соёлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч эхэлж байх цагт нь бид таван хошуу малаа ч ялгаж чадахгүй болтлоо “Монголоо алджээ”
Оройтоогүй дээр нь та жилдээ ядаж нэг удаа, хүүхдүүддээ өөрийнх нь эх оронтой нь, бас уламжлалт соёлтой нь танилцах боломж олгож ямар агуу соёлтой өвөг дээдсийн үргэлжлэл билээ гэдгийг нь аялал жуулчлалаар дамжуулан ойлгуулаарай.
Тэгж гэмээнэ, цаг нь болоод бяцхан үр тань харь нутагт эрдэм боловсрол эзэмшихээр мордлоо ч харийн соёлд авталгүй, Монгол гэх овгоо бахархалтайгаар хамгаалсаар ирнэ.
Эх орноороо аялж үндэсний дархлаажуулалтад хамрагдацгаая!
Нийтлэл бичсэн: Э.Цоморлиг
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.