Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын талаар Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтыг хийж байгаа. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд тодорхой заалтын дагуу хамруулдаг. Сайн дурын үндсэн дээр эсвэл дархлаажуулалтад хамрагдах гэж байгаа эхчүүдийг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг жирэмсний 14 долоо хоногоос өмнө хийж болохгүй. Учир нь жирэмсний 14 долоо хоногт дөнгөж үр хөврөл бүрэлдэж, эрхтэн тогтолцоо үүсэж байдаг учраас вакцин байтугай ямар нэг эм хэрэглэж болохгүй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.
Харин дараагийн тунг 36 долоо хоногоос өмнө хийсэн байх юм. Хэрвээ хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө авч амжаагүй бол зөвхөн төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Вакцинд хамрагдаж амжаагүй төрсөн эхчүүд ч төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцинд хамрагдах боломж нээгдэнэ. Төрснөөс хойш 42 хоногийн дараа тухайн ээж хөхүүл болон хөхүүл бишээс үл хамааран бусад хүмүүс шиг коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж болно. Жирэмсний 36-40 долоо хоногт вакцин хийж болохгүй шалтгаан нь, төрөх дөхөөд ирэхээр эргэлдэх цусны хэмжээ их болж, зүрх судас гээд бүх эрхтэнд ачаалал өгдөг. Энэ үед жирэмсэн эхэд вакцин хийхийг хориглодог. Мөн эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой бие организмд гарах өөрчлөлтүүд нь төрснөөс хойш 42 хоногийн дараа хэвийн болно.
Бас жирэмсэн болсноо мэдэхгүй вакцин хийлгэсэн тохиолдол бий. Вакцин гараад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлсэн гэх ямар нэгэн судалгаа гараагүй байна. Тиймээс жирэмсэн болсноо мэдээгүй вакцин хийлгэсэн тохиолдолд, дархлаажуулалтаа шууд зогсоо гэж зөвлөхгүй байгаа" гэлээ.