Засгийн газар тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч Covid-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулсан.
Тэгвэл ирэх сараас агаарын хилээ нээх, эсэх талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад, "зургаадугаар сарын 2-ноос агаарын хилээ нээнэ. Өөрөөр хэлбэл, УОК-ийн шийдвэрийн дагуу чартер нислэг үйлдэхгүй. Харин авиа компаниуд өөрсдөө хуваарынхаа дагуу нислэг үйлдэнэ гэсэн үг" гэлээ.
Үүнтэй холбоотойгоор зарим авиа компани тийз захиалгаа аваад эхэлжээ. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газраас зургаадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн нислэгийг Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Орос, Казахстан улс руу хийхээр болжээ.