Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Вакцин бол ХХ зуунд анагаах ухааны салбарт гарсан онцлох 10 нээлтийн нэг нь юм. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй өвчнийг устгаж, жилд дунджаар 2 сая хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлж байна. Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм гэж ярьдаг.
Дэлхий дахиныг хамарч удаан хугацаагаар үргэлжилж буй анхны цар тахал дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор жил гаруйн хугацаанд коронавируст халдварын эсрэг вакцин бүтээгдлээ. Одоогоор ДЭМБ-аас таван вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгөөд улс орнууд иргэдээ дахлаажуулж эхэлсэн. Вакцинжуулалтын үр дүнд нь халдвараас сэргийлэх, эндэгдэл багатай даван туулах боломж бүрдэх юм.
Вакцин хийлгэсний дараа вакцинтай хавсарсан буюу давхацсан эмгэг илэрч байгаа. Магадгүй зүрх судасны өвчтэй хүн байвал тэр хүнд сөрөг урвал илүү мэдрэгдэнэ. Иргэд вакцин хийлгэхээсээ өмнө өөртөө байгаа жижиг гэлтгүй зовиураа эмчид хэлэх хэрэгтэй. Айгаад байвал айдсын гармон илүү болж энгийн булчин тариа хийхэд л айсан хүний тариулсан газар бугласан байхад тайван айдасгүй хийлгэсэн хүнийх зүгээр байдаг. Ийм учраас айдас байж болохгүй. Эмчтэйгээ сайн зөвөлдөх нь чухал.
Мөн вакцин хийлгэсний дараа сошиал ертөнцөөс хол байх хэрэгтэй, яагаад гэхээр вакцин хийлгэсний дараа хавсарсан буюу давхацсан эмгэг илэрч байгааг хүмүүс шууд вакцинтай холбон тайлбарлан бичиж байгаа учир тухайн баталгаагүй мэдээлээс болж айдастай болж байна. Вакцин хийлгэхээс өмнө, хийлгэх үед, хийлгэсний дараа дэглэмээ сайн барих хэрэгтэй.
Өөрийгөө хамгаалж, бусдад халдвар тараахгүй байх нь чухал. Тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Цар тахлын үед хоёрдугаар тунгаас хойш 14 хоногийн дотор дархлаа тогтоно гэж байгаа боловч ер нь шинжлэх ухаанд 21-28 хоногийн дараа дархлаа тогтож, цааш өснө гэж үздэг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Дархлаа нь олдмол болон байгалийн гэж бий. Сайн унтах, эрүүл зөв хоол идэх, зөв зан үйл үйлдэх нь байгалийн дархлаа. Харин вакцин бол олдмол дархлаа" гэж онцлон хэлэв.