Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК (ДБЭХС) буюу Дорнодын станцынхан 2020 онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ихээхэн мөнгө зарцуулж, өргөн дэлгэр тэмдэглэсэн гэх эл ойн баярын дараа залуу халуун нас, мэдлэг, чаддагаа энэ л станцдаа зориулсан ахмадууд, яг одоо хүч хөдөлмөрөө шингээж яваа залуус гомдож үлдсэн гэнэ. Гомдол, цөхрөлийг ДБЭХС-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар дахиад л төсвийн мөнгө шамшигдуулсан гэх мэдээлэл дагалдав. ДБЭХС-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар станцын ойн баярын бэлгэнд 120 гаруй сая төгрөг төсөвлөжээ. Гэхдээ төсөвлөсөн мөнгөнийхөө тал хувиар нь бэлэг авч, зөрүүг нь шамшигдуулсан хэмээн станцын ажилтнууд хардаж байна. Үндэсний аудитын газраас тэдний хардлагыг мухарласан дүгнэлт гаргажээ.
Станцынхны гаргасан тооцоолол
Нэгдүгээрт, Дорнодын станцын удирдлага нээлттэй тендер зарлалгүй 50 жилийн ойн баярын бэлгүүдээ худалдан авчээ. Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 10 саяас дээш төгрөгийн өртөгтэй бараа материал худалдан авах бол заавал нээлттэй тендер зарлах учиртай. Харин Г.Отгонбаатар захирлын зөвшөөрснөөр нягтлан бодогч, хангамжийн инженер нь байгууллагадаа бэлэг сонгохдоо тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийсэн гэнэ.
Хоёрдугаарт, 120 сая гаруй төгрөгөөр худалдан авалт хийсэн бөгөөд бодит байдалд дээрх мөнгөнийхөө 50 хувийг нь зарцуулсан бололтой. Өөрөөр хэлбэл, 60 орчим саяын үнэтэй бараа, материалыг 120 сая гаруй төгрөгөөр Дорнодын станцад шахсаныг Үндэсний аудитын газраас тогтоосон аж.
Гуравдугаарт, Дорнод станцын 50 жилийн ойн баяраар бэлгийн хайрцаг, цагаан зэс аяга, тааран уут, энгэрийн тэмдэг, тосол болон үзгэн бал, power bank, халуун сав, флаш диск, тэмдэглэлийн дэвтрийг ажилтнууддаа бэлэглэжээ. Хамгийн гол нь дээрх бэлгүүдээс тус бүр 10-аад ширхгийг чанартай хийлгэж, дарга, удирдлагадаа бэлэглээд, бусад ажилтнууддаа адил харагдах хямд үнэтэйг нь бэлэглэсэн хэмээн хардаж буйгаа станцын ажилтнууд нуулгүй ярьсан юм. Улмаар бүртгэл тайландаа хямд хийгээд чанартай барааны үнийг адил дүнтэйгээр бүртгэсэн гэнэ.
Түүнчлэн ойн баяраар албан байгууллагуудтай бэлэг худалдан авах гэрээ байгуулахдаа тодорхой нэр төрөл бичилгүй “Бүтээгдэхүүн” гэж бичсэн тохиолдол ч гарчээ. Тодруулбал, “Натурал лидер” компани руу 16.8 сая төгрөг шилжүүлсэн байна. Бид “Натурал лидер” компанийн захирлын гар утас руу залгаж, ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг тодруулахад “Манайх арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсан эдлэл, бэлэг дурсгалын зүйл нийлүүлсэн” хэмээх хариулт өгсөн. Тухайн гэрээг 2020 оны наймдугаар сарын 28-нд байгуулсан авч, гэрээнд заасан мөнгийг 18 хоногийн өмнө шилжүүлсэн байсан аж.
Үндэсний аудитын газраас ДБЭХС-д санхүүгийн аудит хийхдээ “Хязгаарлалттай санал дүгнэлт” гаргасан байна. Тайлант хугацаанд холбогдох хууль тогтоомж, шийдвэр стандартыг хангаж ажиллаагүйгээс санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл нь их хэмжээний алдаа зөрчилтэй байвал “Хязгаарлалттай санал дүгнэлт” гаргадаг. ДБЭХС-ийн удирдлага бараа, ажил үйлчилгээ авахдаа 91.5 сая төгрөгийн бараа материалыг сонгон шалгаруулалтгүй худалдаж авсан, тайлант оны арванхоёрдугаар сарын үйл ажиллагааны орлого 612.5 сая төгрөгийг тайлагнаагүй зэрэг зөрчилтэй байсан нь Үндэсний аудитын газрынхныг “Хязгаарлалттай санал дүгнэлт” хийхэд хүргэжээ.
ДБЭХС-ийн удирдлагын худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн гэх гомдол мэдээлэл манай редакцад ирсээр байгаа юм. Бид дараагийн удаа ДБЭХС-ийн удирдлагын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой баримт мэдээллийг дэлгэх болно.
Үргэлжлэл бий.