Чингэлтэй дүүрэгт төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ нас баржээ. Тодруулбал, 12 дугаар ангийн сурагч Н "Ээж минь тавдугаар сарын 9-нд Хятад вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд маргааш нь буюу 10-ны 21цаг 40 минутаас 22 цагийн хооронд 44 насандаа тэнгэрт халилаа. Ээж минь нялх биетэй (1сартай) хууч өвчин огт байхгүй. Вакцин хийсэн эмч нь төрөөд нэг сар болсон бол хийлгэж болно гэсэн. Гэвч ганцхан хоногийн дотор нялх дүү болон биднийгээ орхин одлоо" хэмээн цахим орчинд нийтэлсэн байна.
Мөн өмнө нь Увс аймагт цагдаагийн алба хаагч вакцины хоёрдугаар тугаа хийлгэсны дараа нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үнэхээр эдгээр иргэд вакцинаас болж нас барсан уу, өөр ямар нэгэн шалтгаан байсан , эсэх талаар ЭМЯ-ны хэвлэлийн мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Вакцин хийлгээд гэртээ нас барсан хоёр тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээд байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг байсан нялх биетэй эмэгтэй, нөгөөх нь Увс аймагт вакцин тариулсан гэх иргэн Л нас барсан. Эдгээр иргэд яг вакцины улмаас нас барсан, эсэхийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эцэслэн тогтоох юм. Увс аймагт гарсан тохиолдол нь хууч өвчнөөр нас барсан гэх хариуг ШШҮХ-ээс бидэнд ирүүлсэн. Шинжилгээний хариу одоогийн байдлаар бидэнд бүрэн ирээгүй байна. ШШҮХ-ээс эцэслэн тогтоосон хариуг ирэхээр бид мэдээлэл өгнө. Харин өчигдөр нас барсан эмэгтэй вакцины улмаас нас барсан, эсэхийг тогтоохоор ШШҮХ ажиллаж байна" гэв.
Мөн эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болоод ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш 30 минутын хугацаанд илэрдэг. Тиймээс коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээс хойш эмчийн хяналтад 30 минутад байлгахаар бид зохион байгуулан ажиллаж байна. Аливаа вакцин хийсний дараа эмчийн хяналтад 30 минут байлгадаг нь нас баралтад хүргэхээр урвал эхний 30 минутад л илэрдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Тиймээс эхний 30 минутад илрэх урвалаас л бид хамгийн их болгоомжлох хэрэгтэй" гэсэн тайлбар мэдээллийг өгөв.