Манай улсад борлуулж буй үл хөдлөх хөрөнгө, орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ энэ оны нэгдүгээр улиралд нэг жилийн өмнөхөөс 4.4 хувиар өсжээ. Түүнчлэн барилга үйлдвэрлэлийн салбарын бүтээмж 2010 онд 460 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнгөрсөн жил барилга угсралт, бүтээн байгуулалт, их засварт 4.7 их наяд төгрөг зарцуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Барилгын салбар дахь үйлдвэрлэл, бүтээмж нэмэгдэхийн хэрээр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ ч тогтмол өссөөр ирж. Зүй нь нийлүүлэлт ихсэх нь үнэ хямд, тогтвортой байх нэг шалтгаан болдог ч манайд жил, улирал бүр ханш нь тогтмол “чангардаг” зүйл бол үл хөдлөх хөрөнгө. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн үнэд түүнийг үйлдвэрлэж буй материалын зардал 60 гаруй хувийг эзэлдгийг мэргэжилтнүүд хэллээ. Харин материалын зардал олон хүчин зүйлээс болж нэмэгдсээр буй гэнэ. Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар нэг тонн цементийг дунджаар 220 000, тонн арматурыг 2.2 сая төгрөгөөр борлуулж байсан нь 2020 оны мөн үеийнхээс 20-40 өссөн дүн аж. Барилгын дулаалгын материал, тоосго, блок, банз, палк зэрэг модон эдлэлийн үнэ ч жилийн өмнөхөөс өдгөө 10-40 хувиар нэмэгдчихээд байгаа юм.
Ийнхүү нэмэгдсэн нь энэ зун, ирэх намар ашиглалтад оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх нөхцөл болно гэсэн үг. Үүнд юу нөлөөлсөн талаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээнд цемент, арматурын үйлдвэрүүдийг хамруулаагүй. Ингэснээр энэ төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдон, бүтээгдэхүүнийх нь үнэ өсөх нэг шалтгаан болсон. Мөн цементийн үйлдвэрүүдийн Хөгжлийн банкнаас авсан валютын зээлийн хүү, үндсэн төлбөр нь ханшийн өсөлтийн улмаас 2020 онд нийт 65 хувьд хүрч, ийм хэмжээний алдагдал хүлээж эхэлсэн. Түүнчлэн тээврийн зардал, цемент, арматур хийх технологийн түлш, дэлхийн зах зээлд төмрийн үнэ чангарсан нь манайд шууд нөлөөллөө. Тоосгоны үнэ нэмэгдсэн нь нийтийн орон сууцын барилга буюу дундаж зэрэглэлийн байрны эрэлт багассан, үйлдвэрүүдэд түүхий нүүрс хэрэглэхгүй болж, суурьшлын бүсээс шахагдан, цөөнгүй нь дампуурсантай холбоотой” гэв.
Барилгын салбар өвлийн улиралд үйл ажиллагаагаа зогсоодог ч Хөдөлмөрийн тухай хуулиар ажилчдадаа цалингийнх нь 60 хувийг олгодог аж. Энэ нь бэлэн мөнгөний хомсдолд өртөх нэг шалтгаан болдог гэнэ. Мөн барилгын материалын үйлдвэрүүд, банк, барилга угсралтын компаниуд хоорондоо санхүүгийн уялдаа холбоогүй ажилладгаас уг салбарт бүхэлд нь бартерын харилцаа зонхилжээ. Ипотекийн зээлээр зөвхөн орон сууц санхүүжүүлж буй нь барилгын материалын үйлдвэрлэлийн дэд салбарт ч сөргөөр нөлөөлжээ. Ингэснээр дэд салбарын компаниуд эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкнаас өндөр хүүтэй авахаас өөр аргагүй болдог гэнэ. Энэ талаар барилгын фасад хийх бизнес таван жил гаруй эрхэлж буй нэгэн компанийн захирал Б.Мөнхзул “Манайх 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жижиг компани. Бид банкнаас зээл авч, шаардлагатай материалаа бэлдээд ажилдаа ордог. Жилд нэг тэрбум төгрөгөөр үнэлэхүйц ажил хийлээ гэхэд 60-70 хувьд нь бартераар тухайн орон сууц, үл хөдлөх хөрөнгөөс авдаг. Авсан байрнаасаа хүмүүсийнхээ цалинд өгөх, бусад өрөө төлөхөөр дам борлуулж, бэлэн мөнгө авбал зээлээ төлнө. Ер нь барилгын компаниудын хооронд өр, бартерын сүлжээ тогтсон. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгө “эргэлдүүлж” буй компани бараг байхгүй, бүгд л банк, ББСБ-аас өндөр хүүтэй зээл авснаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийх нь үнэ ер буурдаггүй” гэлээ.
Цаашид барилгын материалын үйлдвэрлэл, импортын борлуулалтад НӨАТ-ыг ялгавартай тооцох, улмаар үйлдвэрлэгчдийн татварыг бууруулах шаардлагатайг тус салбарынхан онцоллоо. Мөн өвөл сул зогссон үед ч ажилчдаа цалинжуулж буй аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-аас чөлөөлбөл тухайн компани бэлэн мөнгөний хомсдолд өртөхгүй, үйл ажиллагаа нь доголдохгүй байх боломжтойг цөөнгүй аж ахуйн нэгжийнхэн дурдав. Ингэж чадвал барилгын материал үйлдвэрлэгчид ашигтай ажиллан, импортын хамаарал багасаж, улмаар барилга үйлдвэрлэгчид ч өгөөж хүртэн, иргэд үнийн хөөрөгдөлгүй орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нөхцөл бүрдэх юм байна.
Ташрамд дурдахад, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн хөл хорио барилгын салбарт төдийлөн нөлөөлөөгүй гэв. Учир нь тухайн жилд хийх барилгын ажлын 80-85 хувийг 4-10 дугаар сард гүйцэтгэдэг бөгөөд энэ сараас хөл хориог сулруулсан нь барилгачдад ажлаа эхлүүлэх боломж олгосныг БХБЯ-наас дурдлаа.