Дуулиан оргилдоо хүрээд, хүссэн, хүсээгүй аажим намждаг. Зарим нь мартагддаг. Тэгвэл намжааж, мартаж боломгүй, дахин дэвэргэж байгаад ч болов нэг мөр дарж авбал зохилтой нь “Мэдээллийн урсгал” гээч хөтөлбөрөөр илэрсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болох нь илчлэгдлээ. Өргөн хэмээн тодорхойлсон нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэдэг арилжааны телевизүүд нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид гэх “Юнивишн”, “Скаймедиа”, “ДДэш ТВ”, MNBC, “Сансар дижитал” зэрэг байгууллагатай хамтран үзэгчдийн төлсөн мөнгийг өөрсдөдөө ашигтай улстөрчид, ашиг хонжоо хайгчдын тусын тулд зарцуулдаг нь зөвхөн энэ нэвтрүүлгээр ил тод боллоо. Нэгэнт төрийн хуулиар хамгаалуулсан тул эдгээр телевизийн үүсгэн байгуулагчид, эзэд, захирлууд цаашид ч үзэгчдийн болон хэвлэл мэдээллийн бусад байгууллагын эрх ашигт хохиролтой үйл ажиллагаа явуулах төлөвтэй. Тиймээс асуудал “ойр байгаа” дээр нь эдгээр телевизэд олон нийтийн эрх ашигт харш үйлдлүүд хийх боломж олгож буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өөрчлөх, эс бөгөөс хүчингүй болгох нь хүний эрх, эрх чөлөө, мэдээллийн чөлөөт байдал, олон ургалч үзлийг дээдлэх зарчимтай ардчилсан нийгмийг амьтай, сүнстэй нь байлгаж, улмаар хөгжүүлэхэд тустай ажгуу.
Юу болсон бэ. Хатуу хөл хорионы үе байсныг хэлэх үү, уйдсан хүмүүс дээр нэр дурдсан хөтөлбөрийг “За, маргааш хэнийг шалгаах нь вэ”, “Хэн юу гэх бол”, “Үзэх, сонжих зүйлтэй сайхан байна аа” хэмээн баярлаж үзсэн. Гэхдээ ачир дээрээ ярилцлагуудад нь шинэ мэдээлэл төдийлөн байгаагүй бөгөөд гагцхүү хэлбэрээр түрсэн мэдээллийн орчин дахь түрэмгийлэл байсан юм. Зориуд сонгосон хэдэн сэтгүүлчээр хүмүүсийн гижгийг хүргэж байгаад зорилтот санаандаа хүрэхийг санаархсан хүчирхийлэл ч гэхээр. Яагаад ингэж үзэж болох вэ. Ийм хөтөлбөр, нэвтрүүлгийг нэг телевиз, студи бүтээсэн бол эрэл хайгуул хийж байна, шинийг санаачилжээ, улс төрийн, эрх ашгийн сонирхлын орц ихтэй ч, яах вэ, боломжийн л юм хэмээх байсан болов уу. Гэтэл арилжааны найман телевизээр зэрэг цацаж үзэгчдийг, нийт монголчуудаа тэнцвэргүй тулаанд дуудах лугаа адил авирласан нь хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхтэй зүйрлэхээр, мэдээллийн гэхээс илүүтэй эрх мэдлийн, Өргөн нэвтрүүлгийн гэх төрийн хуулийг бамбай болгосон дайралт, дарангуйлал гэлтэй байв. “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч эрээчиж болно” гэдэгтэй адил олон нийт бол хэн ч, юу ч биш, эрх мэдэлтнүүд харин хүссэнээ хийж болно гэж буй мэтээр бэлтгэснээ шууд “Май, үз” гэж тулгасан.
Байдал ийм болмогц Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргасан билээ. Товчлон хүргэе. “Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомсдох, эсвэл эх сурвалж давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна. Цар тахлын үед төр, засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулан ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэгэн адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакцууд үүдээ хааж байна. Ийм нөхцөл байдалд тодорхой зорилго, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэрэгслүүд дээр явуулж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурь, чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхам хийгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэж МСНЭ-ээс мэдэгдсэн.
Арилжааны олон телевизээр гайхаш бартал, зарим талаар бялуурч, огиудас хүртэл шахсан уг хөтөлбөрийг зохион байгуулагчид төгсгөхдөө баяртайгаар “Баг бүрэлдэхүүний бэлтгэсэн хөтөлбөрийг арав хоногт 1.8 сая хүн үзлээ. Өдөрт 300-450 мянган үзэгч сувгаа тохируулан хүлээж байлаа. Бид зорилгодоо хүрлээ. Энэхүү хөтөлбөрийг олон нийтэд хүргэхэд дэмжиж, хамтарч ажилласан найман телевизийн захиралд баярлалаа” гэсэн юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Мандахбаяр “Бүх телевиз нэгэн ижил нэвтрүүлэг, контентыг оргил цагаараа гаргаж, телевиз тус бүрийн нэвтрүүлгийн сүлжээ, нийтлэлийн бодлого их мөнгө, том нэгдлийн өмнө хүчин мөхөсдлөө. Арга ч үгүй биз, 1.5, гурван тэрбум, хоёр сая ам.долларын өртөгтэй контент, нэвтрүүлэгтэй аль телевиз өрсөлдөх билээ. Зөв зарчмаар нэгдэж нийлээд, нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээл туурвин ард түмэндээ хүргэж буй бол өөр хэрэг. Хамгийн гол нь иргэдийн тархийг угаах шууд зорилготой, хэн нэгэнд үйлчлэх далд агуулгатай, улс төрийн пиар нэвт ханхалсан үзэл суртал ил цагаандаа гарлаа” хэмээн бухимдлаа илэрхийлсэн.
Болсон үйл явдлаас харахад чөлөөт хэмээх тодотголтой арилжааны телевизүүдийн эзэд, үүсгэн байгуулагч, захирлууд үзэгчдийг нь дорд үзэх мэт үзэл суртлын агуулга, улс төрийн пиарын зорилго бүхий ийм хөтөлбөрийг олон жилийн үнэнч хэрэглэгчдийнхээ хойморт хүргэхийг зөвшөөрсөн нь санхүүгийн бэрхшээлд орсных, магадгүй цалингаа тавьж чадахаа байсных болов уу. Тиймгүй бол тэд гишгэх газраа олж ядан буй улстөрчдөөс ялгагдах юмгүй хөөрхийлөлтэй “амьтад” гэсэн үг. Дэлхийн энд сэтгэж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чадвар, менежмент байхгүй бол үзэгчдээ худалдаж байхаар телевизээ хаасан нь ард түмний хэтийн явдалд тустай. Үгүй гэвээс, өөрөөр хэлбэл, дахин энэ маягаар хорлон сүйтгэгчдийн гар хөл болох нь үзэгч, хэрэглэгчдийнхээ тархи, оюун санааг бохироор угааж, хордуулан, мэдэх эрхэд нь бүдүүлгээр халдаж буй хэрэг.
Энэ хэрийн хөтөлбөрийг эфирээрээ цацах нь телевиз тус бүрт хуулийн хүрээнд ашигтай л даа. Зохион байгуулалттай нэвтрүүлэг бэлтгэгчдийн өмнөө барьж буй Өргөн нэвтрүүлгийн хуулийн хүрээнд телевизүүдэд мөнгө очдог тухай дээр хэлсэн. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйлчилгээний үндсэн багц дахь өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээнд ногдох орлогоос 15 хувиас доошгүй хэмжээгээр нэр бүхий телевизүүдэд хувааж өгөөрэй гээд багцаар нь Монголын телевизүүдийн холбоо төрийн бус байгууллагад төлдөг. Орлогыг бол телевиз үзэгч буюу хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний хөлс тооцож хуримтлуулдаг юм. Уг нь ингэж олж буй мөнгөөр телевизүүд чанартай контент бүтээн, хэрэглэгчдэд хүргэх үүргийг дээрх хуулиар хүлээсэн. Чанартай контент гэдэг нь үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн агуулга бүхий нэвтрүүлэг. Ерөөс бага зэрэг тодруулбал, энэхүү хуульд төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэх тухай заажээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг иргэдэд, алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт ч хүртээмжтэй хүргэх боломжтой болох ба өндөр өртгөөр бүтээдэг, үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг үзүүлэх зохицуулалттай. Гэтэл зохицуулалт гээч нь бодит байдалд үзэгч, олон нийтэд тонгорч унагах мэх хийхтэй адил хуйвалдаан болон хувирч буйг бүгд харлаа.
Өргөн нэвтрүүлгийн гэх уг хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Хэлэлцэж эхлэх үед УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж үг хэлснийг эс тооцвол олонхоороо түрж, уламжлал ёсоор чоно борооноор гэгчээр, шинэ жилийн баярын уур амьсгал дундуур сэм баталсан түүхтэй. Түрүү жилийн долдугаар сарын 1-нээс бүх нийтээр даган мөрдөж буй. Хуулийн зорилтыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлсон. Дориун зорилттой. Гэтэл бодит байдалд хуулийн үзэл санааг хэн нэгэнд ашигтайгаар мушгин гуйвуулж, хэдхэн хүн мөнгө олох болон олон нийтийн санаа бодлыг мэдээллийн буюу гарт баригдаж, нүдэнд харагддаггүй ч маш хүчтэй зэвсгээр барих гэсэн башир аргаас ялгаагүй. Телевизүүд, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид, үзэгчдийн хоорондын харилцааг төрийн өмнөөс зохицуулах чадамжгүй юм бол, зөвхөн завшигчдад зориулан гаргасан мэт энэ хуулийг хэрэглэх шаардлага нийгэмд байхгүй мэт. Тийм болбоос үүнийг хүчингүй болгуулахыг хаана хаанаа шаардъя.