Маргааш улбар шар түвшинд шилжиж байгаатай холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр дараах мэдээллийг өгөв. Тэрбээр, "Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд бид 28 хонолоо. Гэвч хөл хорио тогтоосноор бидний хүссэн үр дүн гарч чадсангүй. Гэхдээ халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногуудтай харьцуулахад бага зэрэг сайжирсан эерэг үзүүлэлт бий. Иймээс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байна. Ингэхдээ тушаал шийдвэрийг гаргасан. Үүнийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ягштал баримтлах хэрэгтэй. Гамшгийн зэрэглэл буурч буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй. Хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул байсаар байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан. Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол гарсан тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай" гэдгийг онцлов.