Дэлхийн улс орнуудад мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй. Тэр дундаа Энэтхэг улсад энэ төрлийн вирус эрчтэй тархаж, ард иргэд нь хэдэн зуугаар үрэгдэж буй. Иймд зарим улс орон Энэтхэгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, хилээ хаасан. Гэтэл манай УОК мутацид орсон вирус хамгийн их тархаж байгаа Энэтхэг улсаас мэргэжилтнүүд авчирч иргэдээ эрсдэлд оруулав. Үүнийгээ Энэтхэгээс иргэдээ татаж байгаа нэрийн дор халхавчлахыг санаархав уу.
Тодруулбал, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-нд Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол, 61 нь Энэтхэг улсын иргэн байв. Нислэгээр ирсэн Энэтхэг улсын 61 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилтан бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэг улсад урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн гэнэ.
Дорноговь аймагт Энэтхэг улсын 52 иргэнийг тусгаарласан бол “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд тус нислэгээр ирсэн нийт 20 зорчигчийг тусгаарласан. Харин тэдний 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт хотод тусгаарлагдан эмчлүүлж байгааг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Одоогоор эдгээр иргэн Монголд ирээд халдвар авсан уу, нутгаасаа халдвар тээгээд ирсэн үү гэдэг нь тодорхой бус байна. Хамгийн ноцтой мэдээлэл нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа иргэд гадуур чөлөөтэй явж байгаа сурагтай. Энэ нь мутацлагдсан вирус иргэдийн дунд тархах өндөр эрсдэлтэй байгааг сануулж буй хэрэг.
Манай улсад мутацлагдсан вирус ороод ирсэн байж болзошгүй гэх ноцтой мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-нд Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Гадаад, дотоодын лабораториудад баталгаажуулах ажил хийж байгааг тэрээр онцолсон юм. Хэрэв мутацлагдсан вирус иргэдийн дунд тархвал хүндхэн нөхцөл байдал үүсэх юм. Учир нь манай улс дотооддоо мутацлагдсан вирусийг илрүүлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлж буй. УОК-ын гишүүдэд мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй харь орноос мэргэжилтэн авчирч, ард иргэдээ эрсдэл оруулах эрх бий юу.