Иргэдийн жин дарах хувь нь БНХАУ-ын Синафармын “Веро Селл” вакцины эхний тунг хийлгэсэн. Засгийн газар ч 2021 дөрөвдүгээр сарын 10-15-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоон, дархлаажуулалтыг идэвхжүүлэх шийдвэр гаргасан. Бас 300 мянган төгрөгийн “хишиг” тараасан нь хатуу хөл хорих уг шийдвэрийг иргэд “Браво” хэмээн хүлээж авахад түлхэц болсон. Харамсалтай нь, иргэдийн хөлийг хорьж авуутаа Эрүүл мэндийн яамныхан цахим хуудсаараа дамжуулан дархлаажуулалтыг зогсоосноо зарлав. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар тодорхой мэдээлэл өгөхгүй, хэд хоног дүлэгнэсэн. Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 11-нд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчдийн “Дархлаажуулалтыг ямар шалтгаанаар зогсоосон бэ” хэмээх асуултад “Вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явуулна. Вакцины нөөц тасраагүй. Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг давхар явуулбал дэгдэлтийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөл хорио үр дүнгүй болох боломжтой. Өнөөдрийн байдлаар эхний тунгаа хийлгэсэн 864 иргэн халдвар авсан” гэж хариулж байв. Хүн бүрийн дансанд 300 мянган төгрөг хийж, “наадам зохион байгуулсан” тулдаа иргэд нэг удаа тэвчээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Улаанбаатарчууд хөл хорихийн өмнөх өдөр сүүлийн хэдэн жилд Цагаан сар, Наадам, хичээлийн шинэ жилийн үеэр ч хавьтаагүйгээрээ хавьтаж, бөөгнөрсөн. Шанд нь хөл хорьсон өдрүүдэд цар тахал урд өмнөхөөс илүү нэмэгдэж, өдөрт 3-5 хүн нас барсан нь бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтыг зогсоосон ч хөл хөдөлгөөн хумигдаагүй, эрүүлжүүлэх байрны ачаалал ч буураагүй, харин ч гэр бүлийн хүчирхийлэл өссөн.
“Дархлаажуулалтыг гацаасан дээрх үйлдлээ өнөөдөр УОК давтлаа. Тодорхой хэлбэл, өмнө хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн, төдийлөн үр дүнд хүрээгүй автомашины QR код олгож, кодтой иргэдийг хөдөлгөөнд оролцуулна гэх журам гаргаж, олон нийтийг бухимдуулж, цагдаа иргэн хоёрыг улаан зам дээр удтал талцуулж, түгжрэл үүсгээд амжив. Дөрөвдүгээр сарын 10-нд үнэн хэрэгтээ вакцины нөөцгүй болж, аргагүйдсэндээ л дархлаажуулалтаа зогсоосон юм билээ. Харин БНХАУ-аас энэ сарын 22-нд нэмэлт вакцин оруулж ирсэн бөгөөд маргаашаас нь давтан тунг хийж эхэлсэн. Гэхдээ бүх эмч нарт QR код гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн ч цагийг нь хязгаарласны улмаас өнөөдөр өглөө хэдэн зуун эмч, сувилагч ажлын байрандаа амжиж ирж чадсангүй. Үр дүнд нь хаврын хавсарганаар гэрээсээ гарсан зарим иргэн вакцинаа хийлгэж чадалгүй гэдрэг буцав. Орчин цагийн залуу сайдуудын эргэж буцсан шийдвэр, зөнөгрөлөөс болж, хатуу хөл хорио утгаа алдаж, иргэд ийн хохирч байна.
“КОВИД-19”-тэй хийх тэмцлээ 90-ээд оны талхны оочер шиг зохион байгуулсан Монголын төр
Төрийн сайд нарын зөнөгрөлөөс болж орчин цагийн цар тахалтай хийж буй тэмцэл эгээ л 1990-ээд оны талхны оочер шиг харагдаж байна.
Нэгдүгээрт, шинжилгээ өгч, вакцин хийлгэх үедээ халдвар, хамгааллын дэглэмээ алдаж байгаа нь иргэдийн ухамсар гэхээсээ илүүтэй төрийнхний амьдралд нийцэхгүй тэнэг шийдвэр гаргасантай холбоотойг хувийн хэвшлийнхний ажил үйлчилгээ, гарч буй үр дүн баталсан. Жишээ нь, “Интермед” эмнэлэг PCR шинжилгээний цагаа цахимаар өгч, ирсэн иргэдийг оочер дараалалд зогсоолгүй, машинаас нь буулгахгүй шинжилгээ авч, эрсдэлгүй зөв зохион байгуулж буй. Мөн “М-Си-Эс” групп” бүх ажилчин болон зарим оршин суугчийг вакцины давтан тунд хамруулсан. Ингэхдээ хүн бүрд тодорхой цаг өгч, зохистой дарааллах нөхцөлийг бүрдүүлж, өндөр настнуудыг эхэлж, бусад иргэнийг дараа нь гэх мэтээр зөв, хүнлэг зохион байгуулалт хийсэн. Гэтэл төрийн байгууллагууд цахимаар оочер, дугаар өгөхийн оронд иргэдийг биечлэн урт дараалалд зогсоож, эрсдэлд оруулсан. Дээрээс нь өдрийн хүчин чадлаа тооцоолоогүйгээс өглөө ирсэн иргэн бүтэн өдөр дугаарлаад ч шинжилгээ өгч чадалгүй “хоосон” буцсан тохиолдол олон гарсан. Мэдээж төрийн байгууллагын шат бүхэнд арын хаалганы оочер, дугаар байсныг иргэд шүүмжилж буй. Иргэдээ дархлаажуулах ажлыг 90-ээд оны талхны оочер шиг зохион байгуулахаар хүмүүс “шипрот”-оор зогсох дадалд сурч, оочерт алалцах сэтгэхүй сэргэх нь хэн ч ойлгомжтой асуудал биш гэж үү.
Хоёрдугаарт, дэгэсдүүлж хэлбэл жинхэнээсээ вакцин хийлгэх зорилгоор замын хөдөлгөөн орсон, эсэхийг ялгачих шийдэл олж чадахгүй “удирдагчид” XXI зуунд Африк тив болон Монгол Улсад л бий. Ухантаж, ухантаж олсон QR код бүхий шийдэл нь угтаа их, дээд сургуулийн IT инженерийн ангийн оюутнууд хийчих ажил. Гэтэл уг ажлыг нь хэрэгжүүлэхдээ цагдаа нар нь уншуулж чадахгүй бөөн асуудал дэгдээв. Араар нь төрийн албаны зарим нөхөд уг кодыг дамлан зарснаар үлгэр төгссөн. Сүүлдээ QR кодоо хүчингүй болгож, XIII зууны “аман тайлбар” луугаа бид буцсан. Өнөөдрөөс дахиад л QR код ашиглах журмаа сэргээв. Вакцинд хамрагдах иргэдээс зорчих тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан авч, дүүрэг бүрийн цагдаа нарт өгөх техникийн шийдэл бүхий менежментийн тогтолцоо бий ч хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц олдсонгүй. Бас л бөөн маргаан дэгдэв. Уг нь, хяналтын камерууд машины дугаарыг байтугай ам, хамрын хаалттай хүнийг таних боломжтой, өмнөх “дата”-тай тулган шүүх технологи хөгжсөн цаг үед бид амьдарч буй билээ.
Гэтэл төр засаг дархлаажуулалт нэрийн дор 1.5 сая Улаанбаатарчуудаа нэг дор бужигнуулж байгаа нь “буян” гэлтэй. Тэр ч бүү хэл коммунизмын үеэс үлдсэн аливааг өрсөлдөөн тэмцээн болгож, хуурамч ч хамаагүй тоогоор тэргүүлэх хүсэлтэй манай томчууд “Азид вакцинжуулалтын явцаараа тэргүүлж байгаа” гэх мэдээлэл цацаж эхэлсэн. Уг “бахархлаа” хадгалахын тулд хүчин чадлаасаа хэтэрсэн “өдөрт 100-150 мянган иргэн” гэдэг “нормоо биелүүлэх” л байх даа. Шуудхан хэлэхэд, төрийн бүтэц болон боловсон хүчний хөгжил Зөвлөлт Холбоот Улсын тусламжаар ард иргэдээ вакцинжуулж байсан үедээ үлдсэн аж. Тиймдээ ч дэлхийн бусад улс орны хүмүүсээс ангид, давтагдашгүй, онцгой хэцүү ард түмэнтэй болохоор Монголын төр бусад улсаас хэд дахин шаргуу ажиллаж, гаргах ёсгүй золиосоо гаргалаа хэмээн өдөр бүр 11.00 цагаас хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр ард иргэдээ “зэмлэсээр”. Бид ч үүнд дасаж эхлээд байх шиг. Уг нь хатуу хөл хорионы хугацаанд тооны араас хөөцөлдөх бус, өдөрт 100, 100 мянгаар нь дархлаажуулж, ингэхдээ XXI зууны стандартаар, зөв, эрсдэлгүй, тасралтгүй зохион байгуулах арга ухаанд төрийн албан хаагчдаа сургахын сацуу өөрсдийнхөө хоцрогдсон сэтгэхүй тэмцэх нь чухал юм сан. Ингэхэд хатуу хөл хорьсны эцсийн зорилго тань хүн амаа бүрэн дархлаажлуулж, энх цагийг наашлуулах биш юм уу, сайд дарга нар аа.