Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож буй. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар ирэх сонгуульд дахин дэвшинэ, дэвшихгүй гэх маргааныг эцэслэн таслах учиртай. Гэвч Хан-Уул дүүргийн чиглэлд, тэр тусмаа ҮХЦ рүү орох, гарах гарцуудыг өнөөдрийн турш цагдаагийнхан хаав. Улмаар цагдаагийнхан Хан-Уул дүүрэг рүү сэтгүүлчдийг нэвтрүүлсэнгүй. Ойр тойронд хамгаалалтад гарсан цагдаа нар дуу нэгтэйгээр “Хэвлэлийнхнийг битгий нэвтрүүл гэсэн” хэмээн хэлсэн байна. Ямартай ч ҮХЦ шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй гэх шийдвэр гаргажээ. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгсөн байна. Тэрбээр "Дарга биш хууль яллаа. ҮХЦ-ийн хурал нэлээд халуун өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа" гэжээ.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаантай холбоотойгоор зарим хуульч, улстөрчийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг хууль зөрчиж хийлээ
(УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч): “Бид хурлын талаар мэдээлэл авах гэж ирлээ. ҮХЦ-ийн байрны ойр хавийн уулзварыг хаасан байна. Коронавирусийн халдварын нөхцөл байдлыг эрх баригчид ашиглаж байна. Одоо гурав дахь сонгуульдаа ашиглах нь. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг мөн хууль зөрчиж хийлээ. Мэдээлэл гаргасан иргэн хуралдаанд оролцох ёстой ч коронавирусийн улмаас орцоор нь тусгаарласан байгаа гэсэн. Тухайн хүн оролцох боломжгүй тул өмгөөлөгч нь оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна” гэв.
Хуульч А.Базар: Цэц зөвхөн цөөн хүн оруулаад хурлаа эхэллээ. Бяртай байна.
Үндсэндээ маш чухал Ерөнхийлөгч дахин дэвшиж болох, эсэх маргааныг хөл хориотой үед, цэрэг, цагдаа зогсоож байгаад хаалттай хийлээ. Уул нь нээлттэй хийх журамтай. Иргэд орох, танилцах, хэвлэл очих боломжтой байхаар хуульд заасан. Зайсан хавьд байсан хүмүүс харсан байх. Цэцийг тойруулаад цагдаа, цэргээр чанга хяналт тогтоосон байна. Шалтгаан нь Цэцийн хуралтай холбоотой болов уу.
Өмгөөлөгчөөр оролцох байсан ч цагдаа нар "Танай машиныг зогсоо гэж байна" гэх мэтээр их удаалаа, очсон ч оруулсангүй, хурлын тов ч мэдэгдсэнгүй. Манай үйлчлүүлэгч намайг өмгөөлөгчөөр орох хүсэлтийг цахимаар явуулсныг Цэц "хүлээ авлаа" гэж байснаа хамт ажиллаж байгаа өмгөөлөгч маань очиход "Та нарыг өмгөөлөгчөөр оруулахгүй, тийм хүсэлт ирээгүй" гэжээ. Манай үйлчлүүлэгч өөрөө орохыг хүссэн ч "Байранд нь Ковид гарсан" гээд цагдаа нар хамгаалалтад авсан, гаргаж оруулахгүй байгаа гэнэ. Уг нь “Ковид-19” гарсан байрыг хаахгүй л байгаа шүү дээ. Энэ тохиолдолд яагаад байрыг нь хамгаалалтад авав. Би өглөө гэрээсээ гарахад машины дугуйны хий гарчиж, алхаад явах гэтэл нэг залуу санаатай ирээд хүчтэй мөрлөж цохисон. Над руу дайрч, бараг зодох нь ээ. Тэгээд цагдаа руу явсан гэх мэт. Намайг хуралд оруулахгүй, саад хийх гэж тэглээ дээ гэж бодож байна. Цэцийн хуралд орох ямар ч боломжгүй байлаа. Өчнөөн саадтай туллаа. Эцэст нь, Цэц зөвхөн зарим хүнийг оруулаад хурлаа хийлээ. Бяртай байна.