ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас дараах асуултуудад хариулт авлаа.
-Бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ?
-0-17 насны 3317 хүүхэд өвчлөөд байна. Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байгаа. Нэг хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг.
-Гэртээ болон эмнэлэгт нас барж байгаа тохиолдлуудад оршуулах арга хэмжээг хэрхэн авч байгаа вэ?
-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байна. Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудад нийслэлийн Онцгой комисс болон "Улаанбаатар буян" компанитай хийсэн гэрээний дагуу оршуулах зан үйлийг гүйцэтгэж байгаа. Халдварын улмаас нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, "Улаанбаатар буян" компанийн цогцос хадгалах байранд хадгалж, оршуулгын зан үйлийг хийж байна. Ингэхдээ 30 хүртэлх хүнийг оролцуулан зохион байгуулж буй.
Эмнэлэгт нас барсан тохиолдолд ЭМ-ийн сайдын 412 тоот тушаалын дагуу зохицуулагдана. Цогцсыг зориулалтын уутанд хийж, эмнэлгийн цогцос хадгалах хэсэгт байлгаж байгаад чандарлах болон уламжлалт аргаар оршуулно.
-Хэдэн эмч халдвар аваад байна вэ?
-Хамгийн сүүлийн тоймоор 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Үүнээс 278 нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, бусад нь гэр бүлийн гишүүдээсээ халдвар авчээ.
-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Дархлаагаа дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна.
-Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө гарах уу?
-Хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст сөрөг нөлөө нь бага. Маш хүнд, хүндэвтэр хүмүүст уушгины өөрчлөлт, удаан хугацаагаар ядрах, сэтгэл гутрах гэсэн шинж тэмдэгүүд гарч байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд өвчний түүхээ цуглуулаад, энэ судалгааг хийж буй.