Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч урлаг, соёлын ододоос авхуулаад төрийн албан хаагч, залуус, идэр насныхан хуулийн наад захын мэдлэггүй байна. Үүний бодит баталгааг ЦЕГ-аас гаргасан 2021 оны эхний гурван сарын судалгааны дүн илтгэж буй. Тус гэмт хэргийн судалгаанаас харахад боловсролгүй гэхээсээ боловсролтой нь гэмт хэрэгт хамгийн их холбогдсон байсан. Тодруулбал, 2020-2021 оны эхний гурван сард 1 076 дээд боловсролтой хүн, энэ мөн хугацаанд 316 боловсролгүй хүн гэмт хэрэг үйлджээ. Мөн иргэд хорихт хүмүүжиж гарсан ч гэмт хэрэг үйлдэх нь багасаагүйг уг судалгаа харуулсан байна. Харамсалтай ч нэг зүйлийг онцлоход, 18-24 насныхан хамгийн их гэмт үйлдсэнийг уг статистикт дурдсан байна. Энэ нь боловсролын байгууллагын сургалт үр дүнгүй, залуус хуулийн энгийн мэдлэггүйг илтгэж буй болов уу. Үүнээс гадна хорих байгууллага хүмүүжигч нартайгаа тийм ч сайн ажилладаггүй бололтой.
Нөгөөтэйгүүр, нийгмээ, хүн ардаа соён гэгээрүүлэх үүрэгтэй урлаг, соёлынхон хүчингийн гэмт хэргийг өөгшүүлж, онигоо мэтээр ярихыг олон нийт харлаа. Харамсалтай нь, хүчингийн гэмт хэргийн талаар ярьсан нэрт дуучин өөрийн нүүр номдоо "Би онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй" хэмээн хээв нэг бичсэн харагдсан. Онигоо юу гэмт хэрэг үү гэдгээ ялгадаггүй нөгөө дуучин нь бас л биеэ өмөөрсөн пост оруулсан байсан. Монголоос өөр улс үндэстэн уучлал гуйхдаа “Би буруу юм хийжээ. Үнэхээр их гэмшиж байна. Та бүхнээсээ уучлал гуйя. Ийм байж болохгүй, миний алдааг битгий давтаарай” хэмээдэг. Харин Монголд эсрэгээ, "Би санаандгүйгээр бла бла, ер нь би буруугүй" гэх нь холгүй "Уучлал гуйдаг".
Үүгээр дамжуулаад дээрх нэр бүхий хоёр дуучинд, мөн хүчирхийлэгч нарт гэж хэлэхэд, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх бол хүчиндэх гэмт хэрэг. Бүр 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялтай гэдгийг сануулъя.
Ер нь сайн ах нар нь амралтад дагуулан явж, архи шахан тасалж байгаад "янзлах" нь ХҮЧИН-гийн гэмт хэрэг гэдгийг одоо болтол ойлгодоггүй охид, хүүхнүүд маш олон бий. Ялангуяа оюутан залуус, өсвөр насны, дунд сургуулийн охид энэ төрлийн хохирогч болох нь элбэг. Харин хохирогч болсноо нууцалдаг тул манай улсад хүчингийн гэмт хэрэг ужгирж, давтагдсаар байгаа нь нууц биш ил болсон зүйл. Олонх хохирогч ичихдээ, нэр хүндээ бодсондоо, дарамтад орсондоо, аав, ээж нь ойлгохгүй гэж айснаас хүчингийн гэмт хэргийн хохирогч болсноо нууж насан туршдаа сэтгэлийн шархтай явах болдог.
Уг хэргийг өөгшүүлэх, сэдэл санаа өгөх заалт ч Эрүүгийн хуульд байгааг эрхзүйчид шүүмжилдэг. Уг хуулийн завхрал, алдааг засахаа манай улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд амласан удаатай. Өөрөө ахлан байж батлуулсан хуулиа засах талаар одоогоор бодитой хэрэгжүүлсэн зүйл алга.
Юу юуны түрүүнд бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүндээ хүрсэн дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг сайн хэрэгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна билээ. Бодит амьдрал дээр хэрэгжилт ямар байгааг дээрх хоёр дуучныг жишээ, хариуцдаг агентлагаас нь гаргасан судалгаанд гарах тоо өөрөө "хүүрнэн өгүүлээд" өгөх болов уу. Бүх нийтийн эрх зүйн мэдлэг маш муу байна, Х.Нямбаатар сайд болон Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн гишүүд ээ.