Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангид буун дуу гарч, хүний амь эрсэдлээ. Тус ангид 2020 оны аравдугаар сард алба хаахаар ирсэн 19 настай Х, М нар харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зэвсэглэн зугтжээ. Ноцтой хэрэгтэй холбогдуулан ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэрэг болсон газар орноос ямар мэдээлэл ирсэн бэ?
-Говь-Алтай аймаг дахь хилийн ангийн дөрөвдүгээр заставт үүрэг гүйцэтгэсэн хоёр цэрэг энэ сарын 8-ны 18.30 цагт орчимд буюу ээлж солилцох үедээ харуулын дарга, ахлах ахлагч Г-г буудаж хөнөөгөөд, Монголын Улсын хилийг орхин зугтаажээ. Ингэхдээ байлдааны буу, 45 сумтай явсан гэх мэдээлэл ирсэн. Цагдаа, тагнуул, прокурорын байгууллага, шинжээч нар хамтраад хэргийг шалгаж байна. Бид шаардлагатай бүх мэдээллийг өгч хамтарч байна. Мөн мэдээллийг авангуутаа ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг хэргийн газар луу нисдэг тэргээр шуурхай явсан.
-Харуулын үүрэг гүйцэтгэхэд өөр хоёр цэрэг байсан юм билээ. Тэд гайгүй юу?
-Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, 25 км зайг туулан хэргийн талаар мэдээлсэн. Оргосон цэргүүд нөхдөдөө гэм хор хүргээгүй байсан.
-Хүмүүсийн ярьсан шиг зүй бус харилцаа үүссэн үү. Ангиас ямар мэдээлэл ирж байгаа вэ?
-Ахлах ахлагч Г цэргүүдтэй элэгсэг дотно харилцдаг. Тэдэндээ зориулж, дуу шүлэг зохиож өгдөг байсныг хамт олон болон байлдагч нар хэлж буй. Өөрөөр хэлбэл, цэрэг дарамталсан, ямар нэг зүй бус харилцаа байхгүйг хамт үүрэг гүйцэтгэж байсан хоёр байлдагчаас гадна бусад цэрэг баталсан. Ер нь цэрэг дэглэсэн, ажлын байранд архи уусан алба хаагчийг ахлагч, офицер, генерал эсэхээс үл хамаарч шууд ажлаас нь халдаг тогтолцоонд ороод удаж байна.
-Зэвсэглэсэн цэргүүд дахин өөр хэрэг өдүүлсэн үү. Ер нь ямар төлөвшил хүмүүжилтэй цэргүүд байв?
-Оргосон байлдагчид манааны байрлалаас зугтааж, Алтай сумын Хонхор заг гэх газарт нутаглаж буй малчны мотоциклийг нь дээрэмдэж, тэндээс боорцог, ойр зуурын хүнс авч цааш явсан. Гэвч 50 км зам туулаад шатахуун дууссан учраас мотоциклоо зам дээр орхиод нутгийн гүн рүү орсон. Хуулийн байгууллагын хамтарсан тусгай бүлэг тэднийг эрэн сурвалжилж байна. Хилээс 15 км зайд байх “Алтай хүдэр” компанийн чиглэлд зугтаж яваа. Тэдний байгаа газраас төв суурин газар ортол 100-150 км туулах шаардлагатай. Байлдагч Х Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Байлдагч М Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ирсэн. Аав, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг. Харамсалтай нь, харуулын байраа орхин явж, эх орондоо өргөсөн тангаргаа зөрчлөө.
-Оргосон цэргүүдийн ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан уу?
-Оргосон байлдагчийн нэг нь Алтай сумын Хонхор. Байлдагч Х Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Байлдагч М Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ирсэн. Ар гэрийнхэнтэй нь ярьж болсон явдлын талаар мэдэгдсэн. Аав, ээжийнх нь сэтгэл санаа зовж, “Хүү минь албаа амжилттай хааж буй хэмээн бодсон. Одоо яах билээ” гэдгээ хэлсэн.
-Цэргүүдэд өдөрт хэчнээн сум олгодог вэ. Цаашаа хилийг хүний хүчээр хамгаалах хэр зохистой юу?
-Эх орны халдашгүй, дархан байдлыг хамгаалахын тулд цэргүүдэд өдөр тутам байлдааны зэвсэг, сум олгодог. Нэг цэрэгт 25 сумтайгаар манаанд гардаг. Оргосон цэргүүд 45 сумтай яваа. Цаашдаа хоёр хөрштэйгээ адил дархан хилээ буутай цэргээр мануулах уу, техник ашиглах уу гэдгээ судалж байна.
-Хилчдийн сэтгэлзүй хэр судалдаг вэ. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх ямар ямар ажил зохион байгуулж ирэв?
-ДХИС-д Хилийн албаны сургуульд сэтгэлзүйчийн ангитай. Тэнд элсэгчид дөрвөн жил суралцаад хилийн албадад очиж ажилладаг. ХХЕГ-т Сэтгэлзүйн хэлтэстэй. Манай алба хаагчид хилийн байгууллагын үндсэн бүрэлдэхүүн болон байлдагч нар луу чиглэсэн соёл хүмүүжлийн, урлаг уран сайхны, боловсрол хүмүүжлийн бүхий л ажлыг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Байлдагч нар харилцаа холбоо, захидал, эргэлт уулзалт бүх зүйл нээлттэй байдаг.