Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд архидалт газар авсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харуусмаар хэрэг гарсан нь армид архидалт ямар хэмжээнд хүрснийг илчлэв. Салаан дарга нь анги дээрээ архидан согтуурч, байлдагч нараа жагсааж, нэгнээс нь архины мөнгө нэхэж, амьсгал тасартал нь зодсон уг хэргийг өдгөө цагдаагийнхан шалгаж байна.
Хугацаат цэргийн алба хаагч амиа алдахаасаа өмнө ар гэрийнхэн лүүгээ ярьж, удаа дараа мөнгө нэхсэн гэх. Уг нь байлдагчдыг төрөөс цалинжуулдаг. Албаны хүнээс авсан мэдээллээр нэг байлдагчийн сарын цолны мөнгө 46 480 төгрөг. Ихэнх хувийг цэргийн хувийн данс руу хийж, 25 хувийг нь гар дээр дээр олгодог гэх. Гэвч цэргүүд мөнгөө аваад хал цэргүүд, эсвэл бага дарга, ахлагч нарт хураалгадаг бичигдээгүй хууль армид үйлчилдэг гэнэ. Үүгээр барахгүй цэргүүд ар гэрийнхнээсээ мөнгө авч, зарим офицер, ахлагч нарт өгч, ааш, аягийг “зөөллөдөг” ч сурагтай. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г-д зодуулж нас барсан байлдагч Б-гийн ар гэрийнхэн ч Энхтөгс гэх алба хаагчийн данс руу мөнгө шилжүүлсэн талаараа ярьдаг.
Ер нь хэдэн жилийн өмнө ХЭҮК-оос зэвсэгт хүчний ангиудад хяналт шалгалт хийсэн. Тухайн үед Зэвсэгт хүчний ангиудад алба хааж буй 829 хугацаат цэргийн албан хаагчаас санал асуулга авахад түрүүч нарын 79.4, офицеруудын 55.9, ахлагч нарын 53.6, халагдах цэргүүдийн 38.7 хувь нь дүрмийн бусаар харьцдаг гэж хариулж байжээ. Өөрөөр хэлбэл, офицер ахлагч нарын 32.3 хувь нь зодож, хүч хэрэглэдэг, 33.5 хувь нь айлган сүрдүүлж дарамталдаг, 36.6 хувь нь мөнгө, эд зүйл шаарддаг байж. Мөн ЗХЖШ-тай удирдлагатай холбоотой хууль бус асуудал гаарснаас авхуулаад цэрэг эрс нэг бус удаа энх цагт амиа алдсан тул зарим зоримог алба хаагч дотооддоо Үйлдвэрчний эвлэл ч байгуулж үзжээ. Гэвч удирдлагын шахалт хавчлага дор Үйлдвэрчний салбар зөвлөлийн ажил урагшлаагүй гэдэг.
Харамсалтай нь, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд нөхцөл байдал дээрдсэнгүй. ХЭҮК-оос удаа дараа шаардлага зөвлөмж өгч, зэвсэгт хүчний алба хаагчдаас сонгон хүний эрхийн сургагч багш бэлтгэж өгсөн ч армийнхны хандлага, харилцаанд ахиц гарсангүй. Ахиад л хүний сайхан үр халамцсан даргын гарын шүүс болж, амиа алдлаа. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчийн үлгэрээр ЗХЖШ-ын удирдлага гуравдугаар сарын 31-нд мэдээлэл хийж, армид байгаа архидалт, цэрэг дэглэлттэй тэмцэнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэв. Тухайлбал, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Батлан хамгаалах яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдлаа. Ингээд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг, зөрчил, түүнийг таслан зогсоох чиглэлээр бүх анги, нэгтгэлд үүрэг өгсөн. Мөн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө” хэмээсэн. Анги нэгтгэлдээ юу болоод мэдэхгүй, мэдсэн ч алба хаагч нараа өөгшүүлдэг “Дүлий, сохор” захирагч нараа ажлаас нь чөлөөлж, дахиад удирдах албанд томилохгүй байх нь зөв. Гэсэн ч БХЯ, ЗХЖШ-ын удирдлага өөр нэг “Сохор, дүлийг” ангийн захирагчаар өлхөн томилж, чадна. Угаас тийм жишиг тогтоод удсан учир Зэвсэгт хүчний ангиудад гардаг алдаа дутагдал, хүний аминд хүрдэг хүчирхийлэл, яргалал, дэглэлт давтагдсаар байгаа гэхэд хилсдэхгүй.
Тодорхой жишээ дурдвал, 2017 оны наймдугаар сард Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван байлдагч голд живж нас барсан удаатай. Мөн оны наймдугаар сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо иргэн тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан хэргийг олон нийт санаж буй нь лавтай. Үүнээс гадна 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаагч байсан цэрэг амиа алдсаныг ч ард түмэн мартаагүй. Өөрөөр хэлбэл, нэг захирагчийг нөгөөгөөр сольсноор Зэвсэгт хүчний ангиудад гараад буй дүрмийн бус харилцаа, архидалт, дэглэлт буурахгүй. Тиймээс асуудлыг үндэс сууриар авч үзэн, таслан зогсоох дорвитой ажил хийхийг шаардаж, иргэн Г.Мөнхжаргал өнгөрсөн пүрэв гарагт (2021 оны гуравдугаар сарын 30) дээгүүрээ нүцгэлэн жагсаж, үүнийг нь олон мянган эхчүүд цахим орчинд дэмжсэн удаатай.
Асуудал дээрх мэтээр ужгирч хүндэрсэн атал Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар уучлал гуйх нь битгий хэл, алба хаагчдынхаа араар орж, намхан гүмхэн суугаа нь ичмээр. Өөрөөр хэлбэл, хэрэг явдал гарсны дараа ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын орлогч, хэлтсийн дарга, хурандаа Д.Ариунболд нар мэдээлэл хийж, хохирогчдын ар гэрийнхнээс уучлал гуйсан. Мөн армид байгаа архидалт, дэглэлт газар авсныг хүлээн зөвшөөрч, үүнийг багасгахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нархологийн төв, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж буйгаа учирласан. Зүй нь Зэвсэгт хүчний анги нэгтгэл дэх “идээ бээрийг” уг үндсээр шахаж, цэвэрлэе гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга алба хаагчдынхаа ард “нуугдсан” Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарыг ажлаас нэн тэргүүнд чөлөөлөх учиртай. Энэ нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд тань оноо болон очиж мэдэх юм. Угаас армийнхнаа хүмүүжүүлж чадаагүй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар хариуцлага хүлээх нь шударга үзэлдэл болно.