ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд нийтдээ 14 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Эдгээр халдвар авсан тохиолдлын талаар тодруулж хэлбэл,
-Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
-Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
-Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Мөн түрүүн илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.
-Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.
Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 382 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 61 хүний биеийн байдлыг үнэлбэл, 49 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр, нэг иргэний биеийн байдал хүнд байна. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа. Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Одоо энэ мэдээллийн дараа шинжилгээний хариунууд гарна" гэлээ