УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр Орхон аймагт ажиллалаа. Тодруулбал, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Анандбазар, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар нар Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр”-ийн ган цутгамал бүтээгдэхүүний үйлдвэр “Бэрэн”, “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Эрдэнэт” хивсний үйл ажиллагаатай танилцжээ.
Үүнээс “Ачит-Ихт” компани тусгай зөвшөөрлөө сунгаж чадаагүйгээс бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрсэн байна. Харин “Бэрэн” компанийн хувьд жилд 200 мянган тонн ган цувимал болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай компани бөгөөд үйлдвэрийн бүтцийн хувьд түүхий эд боловсруулах, ширэм хайлах, бэлдэц үйлдвэрлэх, цувимал үйлдвэрлэх цехүүд байгаа аж.
Туслах цехүүдийн хувьд шугам сүлжээ, цахилгаан дэд станц, тээвэр, засвар үйлчилгээний цех байгуулсан байна.
Тэгвэл “Ачит-Ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, ядуу агуулгатай балансын бус, холимог хүдрийг 1978-2004 он хүртэл овоолсон. Гадаад, дотоодын экспертүүд овоолгыг судлан үзээд, эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй гэж үзэн ашиглахаас татгалзаж ирсэн байна.
Харин "Ачит-Ихт" компани балансын бус хүдрийн 2 дугаар овоолгыг судлан, 2010 онд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-тай гэрээ хийж, 10 жилийн хугацаатай жилд 10 мянган тонн зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж батлуулсан аж. Үйлдвэрийн технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор 2019 онд ТЭЗҮ-ийн тодотголоо батлуулжээ. Тус компани 2020 оны зургаадугаар сарын байдлаар 70 мянган тонн катод зэс экспортолсон байна.
Тус компани АМНАТ-д 15 тэрбум, нийт татвар хураамжид 198 тэрбум төгрөг төлснөө онцолж, цаашид төрөөс үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үйлдвэрлэл хөгжих боломжгүй байгааг уламжилсан. Мөн тусгай зөвшөөрлийг сунгахгүй удсанаар бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч, бүтээгдэхүүнээ үйлдвэрийнхээ гадаа бүтээгээд хадгалж байна гэлээ.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. Үйлдвэр 6500 орчим ажилтантай, гэр бүлийн нийт 20 гаруй мянган иргэн хамаарч байна.
Монгол Улсын төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл баталсан. Гэхдээ урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэхдээ тав таван жилээр төлөвлөж ажиллах юм байна. Тус үйлдвэрийн эхний зорилт нь эрдэс баялгийн нөөцийг өсгөх төсөл гэдгийг үйлдвэрийн ерөнхий менежер Т.Батмөнх онцолсон. Уг төслийг шат дараатай хэрэгжүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд 2 дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр уртасгаж, Эрдэнэт үйлдвэр 60 жил тасралтгүй ажиллах боломж бүрдэж байгааг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.
Урт хугацааны хөгжлийн бодлогын дараагийн хөтөлбөрүүд нь олборлох үйл явцыг боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл техник технологийн шинэчлэлийн төслүүд тусгагдсан байна. Тухайлбал, ил уурхайн мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл, уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжиж, бодит ажил болсноор 1000 гаруй ажлын байр шинээр бий болно гэдгийг Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах хэллээ.
Аж үйлдвэрийн комбинатын үндэс суурь тавигдаж байх үе буюу 1934 онд Хатгалын ноос угаах үйлдвэр ашиглалтад орж Хөнгөн үйлдвэрийн салбар хөгжиж эхэлсэн түүхтэй. Харин Монгол Улсад анхны хивсний үйлдвэр 1971 онд байгуулагдаж байжээ. “Эрдэнэт хивсний комбинат” гэсэн нэртэйгээр 1941 онд байгуулагдаж, 40 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог 2011 онд байгуулж, 390 гаруй үндэсний үйлдвэрийн нэгдэл болон ажиллаж байна. Ноос боловсруулах үйлдвэрийн салбарт 10100 орчим ажилтан, үүнээс “Эрдэнэт” хивс компанид 750 ажилтан байгаагийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Одоогоор 120 гаруй боловсон хүчний дутагдалтай байгааг хэлж байлаа.
Ноосны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл нь түүхий эд бэлтгэлийн богино хугацаанд санхүүжилтийн эх үүсвэргүй, зээлийн хүү өндөр, эргэн төлөлтийн хугацаа бага байгааг үйлдвэрлэгчид онцолж байна. Мөн дотоодын түүхий эдийн зах зээл дээр хятадуудын өрсөлдөөн маш их, дундын зуучлагч нар ямар ч татвар төлдөггүйгээс түүхий эдийн үнийг дур мэдэн хөөрөгдөж, өөрсдийн ашгийг нэмсэн үнээр үйлдвэрлэлд нийлүүлдэг байна.
Түүнчлэн ажиллах хүчний хомсдлоос үйлдвэрлэлд сул зогсолт үүсэх хандлагатай, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн ажиллагаа ихтэй, ашигт ажиллагаа бага, татварын хувь хэмжээ өндөр байгааг хэлж байлаа. Гадаад зах зээлд гаргахад экспортын дэмжлэггүй, ОХУ болон БНХАУ-ын импортын татвар өндөр байдаг аж.