Коронавирус дэлхий нийтийг айдаст автуулсан ч зарим талаараа эерэг өөрчлөлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Гэрээсээ ажлаа хийж, цаг хэмнэх, цахим худалдаа, үйлчилгээг хөгжүүлж, ариун цэврийн наад захын соёлд сургаж байна. Хамгийн чухал нь цар тахлын үед үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдыг байртай болгох шийдвэр. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай тогтоол баталсан юм. Тухайн үед Шадар сайд байсан Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийнхэн хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэн, 1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шуурхай зохион байгуулахаар болсон.
Цар тахлын үед “галын шугам”-д ажиллаж буй ХӨСҮТ, ЭМЯ, МХЕГ, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ, ЗТХЯ, Цэргийн төв эмнэлэг, ГЕГ, Мал эмнэлэг хорио цээрийн газар зэрэг олон байгууллагын ажилчин, албан хаагчид тэр үед ээлж дараалан байрны батламж гардан, орон сууцад орох эрхтэй болсон. “Ковид-19” цар тахлыг хүн амын дунд тархаалгүй, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын 400 эмч, ажилтанд өнгөрсөн зургадугаар сарын 30-нд байрны батламжийг салбарын сайд нь гардуулж байв. Батламж гардсан иргэн нэн даруй байраа сонгон, НОСК-тай гэрээ байгуулснаар түлхүүрээ гардана гэж сайд, дарга нар тэр үед ам уралдсан. Гэвч түлхүүр гардах зам нь тийм ч дардан байсангүй.
Төрийн албанд хоёргүй сэтгэлээр 10-аад жил зүтгэсэн Г орон сууцын батламжаа гардсаны маргааш нь л НОСК-ын байранд очиж. Ингээд холбогдох тооцоо судалгааг хийлгэн, орлогоо тооцуулахад 45 сая төгрөгийн байр сонгох боломжтой болжээ. Энэ нь нэг өрөө байрны үнэд ч хүрээгүй тул “Өөр ямар боломж байна вэ” гэж ажилтнаас нь тодруулахад гэр бүлийн хүнээ хамтран зээлдэгчээр оруулж болно гэжээ. Ингээд Г ээжтэйгээ хамтран зээл авах болж, 75 орчим сая төгрөгийн орон сууц худалдан авах боломж нь нээгдэн НОСК-тай гэрээ байгуулжээ. Үүний дагуу худалдан авах байр хайж эхлэв. Ингэхдээ хамгийн хямд өртөгтэй, талбай багатай байр санал болгосон компанийн менежерүүдтэй холбогдсон байна. Уг нь НОСК-аас нэг албан хаагч 100 сая хүртэлх төгрөгийн үнэтэй байр авах эрх олгосон ч Г-гийн нөөц боломж нь 75 сая төгрөгөөр хязгаарлагдсан учраас тэр. Тэрбээр үүнээс өмнө банкнаас авсан хэрэглээний зээлээ төлж барагдуулахын тулд ах дүү, хамаатан саднаасаа мөнгө гуйж, найз нөхдөөсөө зээлсэн гэнэ. Зээлээ төлчихөөд НОСК-д очтол урьдчилгаанд нэг, барьцаа болгон хоёр сарын төлбөр төлөхийг шаарджээ. Хамаг байдгаа хамсан тэрбээр дахиад хоёр сая гаруй төгрөг олох шаардлагатай болов. “Зарим хүнд энэ бага мөнгө мэт боловч цаг нь тулсан үед 20 000 төгрөг олоход ч амаргүй юм билээ” гэж тэрбээр ярьсан. Амьд хүн аргатай гэгчээр яаж ийгээд хоёр сарын түрээсийн мөнгийг барьцаа хэлбэрээр байршуулжээ. Ингэж сая нэг байрны бараа харахтай болж. Түүн шиг олон албан хаагч санаа байвч сачий нь хүрэхгүй, байр авч чадалгүй буцсан тохиолдол цөөнгүй гэнэ.
Олон хүүхэдтэй албан хаагчид талбай томтой байранд орохыг хүсэвч орлого нь хүрэхгүй, арга буюу оногдсон байраа л сонгож буй аж. НОСК-ын үүдэнд байрлуулсан орон сууцын жагсаалтаас харахад дунджаар ам метр нь 1.8 сая орчим төгрөгийн үнэтэй байв. Хамгийн багадаа ам метр нь 1 467 400 төгрөг бол 3 555 000 төгрөгийнх ч харагдсан. Хямд өртөгтэй, жижигхэн байрнууд хамгийн эхэнд эзэнтэй болжээ. НОСК-тай гэрээ байгуулсан барилгын хэд хэдэн компани руу холбогдоход хол байршилтай, чанар тааруухан ч хямд өртөгтэй байрууд зарагдсан байв. Тухайлбал, “Орчлон” констракшны барьсан хоёр байр үнийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй байлаа. Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлалтай, нэг ам метр талбай нь 1 467 400 төгрөгийн өртөгтэй байр хэдийн дуусжээ. Харин Баянзүрх дүүрэг дэх, нэг ам метр талбай нь 3 555 000 төгрөгийн үнэтэй байр нь цөөнгүй бий гэв. “Нандин мишээл” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт барьсан, ам метр нь 2.6 сая төгрөгийн үнэтэй байрыг сонирхож асуухад “Манай байрнаас сонгосон албан хаагч одоогоор алга. Хоёр хүн сонирхоод явсан. Зөрүү мөнгөө олох гээд л яваад байна. Ер нь төрийн албан хаагчдын орлого 100 сая төгрөгийн байр авахад хүрэлцэхгүй байх шиг. Аль хямдыг л сонгосон” гэв.
Албан хаагчид 100 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууц авахаар бол зөрүү мөнгийг нь бэлэн төлөх учиртай. Ялангуяа төрийн үйлчилгээний албан хаагчдад зөрүү мөнгө төлөх нь бүү хэл, хоёр сарын барьцааны мөнгө олоход ч амаргүй байна. Эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг хэмээсэн нэг бүсгүй барьцаа мөнгө төлөх боломжгүй учир байрнаасаа татгалзахад хүрснээ хэлсэн. НОСК-д өнгөрсөн пүрэв гарагт очиход хөл хөдөлгөөн эрс татарсан ч байраа сонгоогүй албан хаагчид цөөнгүй таарав. Хоёрдугаар давхрын шатаар арай ядан буух ахмад настантай уулзахад “Хүү минь л ганцаараа ажилтай. Цагдаагийн байгууллагад ажилладаг. Орлогынхоо хэмжээгээр нэг өрөө байр авахаар боллоо. Явдал чирэгдэл ихтэй юм” гэлээ. Ийн ярилцах зуур нэгэн залуу “Аав, ээж хэнд, юу яриад байна. Даргын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй” гээд тэднийг чирэх нь холгүй аваад явчихлаа.
Орон сууцын батламж гардуулснаас хойш бараг гурван сар болсон ч байраа сонгоогүй 300 гаруй ажилтан байна. Тухайн байгууллага орон сууцад оруулах ажилтнаа олон нийтийн саналаар ил тод зарлан, УОК-т ирүүлснээр тэд нэрсийг НОСК руу хүргүүлжээ. Албан хаагчийн олонх нь эрүүл мэндийн салбарынхан. Тэнд зөвхөн НОСК-тай гэрээ хийсэн барилгын компаниудаас сонгох боломжтой. Гэтэл түрүүлж гэрээ байгуулсан хүмүүс нь үнэ хямд орон сууцыг авсан учир дээрх 300 гаруй албан хаагчид сонголт бага үлдсэн гэсэн үг. Зарим нь хүүхдийн сургууль, цэцэрлэг, орчин нөхцөлөөсөө шалтгаалан сонгосон байрнаасаа татгалзжээ. Харин олонх нь таалагдсан байраа авахад зөрүү мөнгийг нь бэлэн төлж хүчрэхгүй, орлогынхоо хэмжээгээр гэхээр олигтой сонголт хийж чадахгүй байгаатай нь холбоотой аж. Түрээслээд өмчлөх хэлбэрээр гэсэн сайхан нэртэй ч ипотекийн найман хувийн хүүтэй зээлээр байр авахаас ялгаагүй, хөнгөлөлт бага байгааг цөөнгүй албан хаагч хэлсэн юм. Энэ талаар НОСК-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэмээс тодрууллаа.
С.ДОРЖДЭРЭМ: ЭХНИЙ ЭЭЛЖИД 500 АЛБАН ХААГЧИЙГ БАЙРАНД НЬ ОРУУЛНА
-“Ковид-19” цар тахлын үед ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцад хамруулах Засгийн газрын тогтоол гарсан. Үүний хүрээнд хийж буй ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Дэлхий даяар цар тахал гарсантай холбоотойгоор олон хүний амьдралын хэв маяг, төлөвлөсөн ажил өөрчлөгдлөө. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид энэ өвчний эсрэг тэмцэж, гар бие оролцон ажиллаж байна. Тиймээс УИХ, Засгийн газраас тогтоол, шийдвэр гаргаж, эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцын сан бүрдүүлэх, олгох үүргийг БХБЯ, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, НОСК, хувийн хэвшлийнхэн зэрэг олон байгууллага хамтран ажиллаж байна. Эхний ээлжид төрийн 1000 албан хаагчийг орон сууцад оруулахаар нэрсийг нь Улсын онцгой комиссоос ирүүлсэн. Тэдний материал болон зах зээлд бэлэн байгаа, Улсын комисс хүлээж авсан орон сууцын сан бүрдүүлэх, иргэдийн орлогод нийцүүлсэн байрыг санал болгох, гэрээ байгуулах ажлыг манай байгууллага хариуцаж байна. Одоогоор 600 орчим алба хаагч гэрээ байгуулан, орон сууцаа сонгосон. 70 орчим байгууллага, хувь хүнээс орон сууц нийлүүлэх санал ирүүлснээс тодорхой хэмжээний шалгуурт нийцсэнийг нь сонгосон. Тухайлбал, Улсын комисс хүлээж авсан, барилгын норм, стандарт мөрдсөн, автомашины зогсоолтой байх зэргийг үндэслэн байруудыг сонголоо. Аль болох санал ирүүлсэн компаниудыг дэмжсэн. Энэ нь цар тахлын улмаас эдийн засаг хүнд байгаа үед иргэд болон барилгын компаниудыг төр, засгаас дэмжиж буй нэг хэлбэр юм.
-Есдүгээр сарын 5-наас өмнө байраа сонгосон байх ёстой гэсэн шаардлага тавьсан гэв үү?
-Өнгөрсөн долдугаар сарын эхээр албан хаагчдыг бүртгэх, орон сууцын сан бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Наймдугаар сарын эхээр гэрээ хийсэн хүмүүс байрандаа орох гээд хүлээж байгаа. Гэтэл орон сууцад орох хүсэлт гаргасан 1000 хүнээс зарим нь ирээгүй. Хөл хорионд орсон, орон сууцаа сонгож чадахгүй, зөрүү мөнгөө төлөх боломжгүй зэрэг олон шалтгаанаас болж 300 гаруй хүн байраа сонгоогүй. Тиймээс эхний 500 хүний материалыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк руу хүргүүлэхээр ажиллаж байна. Хөндлөнгийн аудитын компани бидэнтэй хамтран ажиллаж буй. Бид энэ сарын 5-ны дотор гэрээ хийж дуусгахыг хүмүүст санал болгосон. Гэрээ хийсэн хүмүүс байрандаа орох гээд, нөгөө талаас орон сууцын компаниуд ч хүлээж буй учраас ирэх (энэ) долоо хоногоос хүмүүсээ оруулж эхэлнэ. Есдүгээр сарын 5-наас өмнө байраа сонгох ёстой гэж хатуу шийдээгүй ч аль болох хурдан хугацаанд хүмүүсийг байранд нь оруулахаар ажиллаж байна.
-Түрээслээд өмчилнө гэсэн ч ипотекийн зээлээр байранд орсноос ялгаагүй байна гэх хүн цөөнгүй. Үүнд та тайлбар хэлэхгүй юү?
-Арилжааны банкаар олгож буй найман хувийн хүүтэй ипотекийн зээл маш өндөр шалгууртай. Урьдчилгаа 30 хувиа төлж, орлогоо нотлох гэх мэт. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт маш бага, хүссэн хүн болгон авч чадахгүй. Гэтэл төрийн албан хаагчдад олгож буй энэ зээл олон давуу талтай. Нэгдүгээрт, тухайн иргэний орлогод нийцсэн орон сууц санал болгож буй учраас заавал урьдчилгаа төлөхийг шаардахгүй. Тухайлбал, 1000 иргэнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Орлогоо нотолж чадвал нэг иргэн 100 сая хүртэлх төгрөгийн байранд орох боломжтой. Нотолж чадсан орлогоос нь илүү үнэтэй байр сонгосон тохиолдолд үнийн дүнгийн зөрүүг төлөх ёстой. Хоёрдугаарт, сарын зургаан хувийн хүүтэй зээлийг 15 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн иргэн орон сууцтай, зээлтэй, тэр ч бүү хэл, нийслэлд амьдардаггүй байсан ч орох боломжтой.
-Байр авсан зарим албан хаагч сард 700 000-1 000 000 төгрөг төлөх юм билээ. Дунджаар хэдэн төгрөг төлөх вэ?
-Хэн, хэдэн төгрөгийн үнэтэй байр авсан, орлого нь ямар вэ гэдгээс шалтгаална. Олонх нь дунджаар 80 гаруй сая төгрөгийн үнэтэй байр сонгожээ. Зарим нь урьдчилгаа төлсөн.
-Орон сууц сонгосон иргэд барьцааны мөнгө төлж байгаа. Үүнээс болж зарим нь байраа буцаасан гэх юм.
-НОСК тухайн иргэний 15 жилийн хугацаанд төлөх зээлийг Монголбанканд цуглуулж өгнө. Төлбөрөө төлөхгүй асуудал гарч болзошгүй учраас хоёр сарын төлбөртэй тэнцэх мөнгийг барьцаа хэлбэрээр авч байгаа. 80 саяын зээл авсан иргэн 1.6 сая төгрөгийн барьцаа өгөх жишээтэй.
-Энэ ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал гарсан уу?
-Хугацааны хувьд богино байсан учраас зах зээлд бэлэн борлуулж буй орон сууцын тоо хязгаарлагдмал байж магадгүй. Хямд үнэтэй, бага талбайтай орон сууцын эрэлт албан хаагчдын дунд их байна. Ийм байрнууд нь эхлээд дууссан.