“Хоршоолол” нийгэмлэг байсан байрны жорлонд дурын хүн хүнд, хөнгөнөөр бие зассаар.
Нийслэлчүүд лав гурван үеэрээ мэдэх “Хоршоолол” нийгэмлэгийн байрыг нураасан. Маргаашаас нь эхлээд газрыг нь ухаж, суурь тавиад, гоё байшин барина гэж бодтол албаны хүн, барилгын компанийнхны “сүүдэр” ч үзэгдэхгүй хоёр сар болох нь. Яагаад ч юм бэ, бие засах газрыг нь үлдээчихсэн юм байна. Тэр нь цоож, цуургагүй учраас дурын хүн орж, хүнд, хөнгөнөөр бие засдаг. Дэргэдүүр нь өнгөрөхөд хамраа дарахаас аргагүй. Ийм байдал түр зуурынх гэж бодоод орхиж болох ч залгаа барилгынх нь өнгөлгөөний хавтан хуурч унахыг харсаар атлаа дуугарахгүй байлтай биш. Хавтан хүний дээрээс унавал магадгүй үхэлд хүргэж мэдэх тул сэрэмжлүүлж байна. Нийслэлийн Өмчийн газарт хандахад асуудал хариуцсан орлогч дарга нь завгүй гэв. Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргынх нь өгсөн мэдээллээр бол “Урт цагаан” хэмээх “ажиллагаа” нэг тийш болох хүртэл нэлээд хугацаа орох бололтой юм. Маргаан гарсан тул асуудал шүүхийн шатанд яваа гэнэ. Юутай ч шийдэгдэх хүртэл нийслэлийн үйлчилгээний анхдагч, цагтаа нэр хүндээр тэргүүлж байсан уг цогцолборт элдэв муу юм бүү болоосой.
Өдгөө “Урт цагаан”-ы баруун зах болоод буй корпусын гаднах өнгөлгөөний цагаан хавтан хэд хоногийн өмнө унасан юм. Тийшээ орлоо. Хоосон шахам. Нэгдүгээр давхрын талбайн нэг захад шилэн ганц лангуу байх агаад үнэт эдлэл худалддаг юм байна. Эзэн нь “Тийм ээ, бид боломжоороо янзлаад байгаа юм. Хажуугийн барилгыг нураасан хүмүүс ямар юм үлдээгээд явсан гэж санана. Хүний толгой дээрээс унахаар юм бишгүй байлаа. Унахад бэлэн тоосго ч байсан. “Хоршоолол”-ын барилгыг тэрүүхэн хавьд нь болгоомжтой нурааж болох байсан. Манай энэ хэсгийг юу юугүй экскаваторын шанагаар цохичихсон шүү дээ” гэж “ховлов”.
Энэ цогцолборын барилгыг акталсан тул ажил, үйлчилгээ эрхлэх боломжгүй болсон, түрээслэгчдийг түр Улаанбаатар банкны байранд байрла гэсэн чигийг нийслэлийн Өмчийн газраас өгсөн. Гэтэл түрээслэгчид явахгүй өдий хүрэв. Цахилгааныг бүрмөсөн тасалсан, харин түрээслэгчид хувиараа залгуулсан. Зарим нь лаа асааж суудаг. Усгүй болсон болохоор зөөврийнхийг ашигладаг. Анзаарахад нийслэлийн Өмчийн газрынхан “Энэ хүмүүс ийм байранд хэдий болтол суув гэж, зааж өгсөн байр луу нүүж л таарна” гэсэн байр суурьтай байх шиг. Нэг талаар тэдний зөв болов уу.
Цахилгааны утасны үзүүрийг цаасаар далдалжээ
Хэд хэдэн түрээслэгчтэй уулзахад “Улаанбаатар банкны нэг, хоёрдугаар давхарт оч гэсэн л юм билээ. Одоо хэвээрээ юү, больсон уу, бүү мэд. Гэхдээ аль нь ч бай, тэнд очоод нэмэргүй. Үйлчлүүлэгчдээ алдана. Удахгүй хүйтрэхээр ус, цахилгаан, халаалтгүй байранд ажиллах боломжгүй болно. Мөнгөтэй хүмүүс нь учраа олж байгаа биз. Бид бол яахаа мэдэхгүй байна” гэж байлаа.
Юутай ч тус үйлчилгээний төвийн түрээслэгчдийг гудамжинд гаргаагүй, ажлын байр зааж өгсөн юм байна. Мөн өмчийн маргааны асуудлыг шүүх шийдэх биз. Гагцхүү хэдэн талын хоорондын үл ойлголцол, маргааны учир олдох хүртэл үүгээр явж өнгөрөх хүмүүс тоосго сэлтэд цохиулах вий, дотор нь явж байхдаа цахилгааны ил утасны үзүүрт санамсаргүй бүү хүрчихээсэй. Өмхий ханхалсан жорлонгоос нь элдэв нян дэгдэж, өвчин тархахгүй гэх баталгаа алга. Холбогдох байгууллага, хүмүүст анхааруулъя.
Уг байшинд “Урт цагаан-шинэ эхлэл” төрийн бус байгууллагаас нийт аж, ахуйн нэгж, түрээслэгч, үйлчлүүлэгч нарт хандаж галын аюулгүй байдлын стандартыг нэг бүрчлэн хангаж, өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хамгаалах тухай сэрэмжлүүлэг бүхий хуудас наажээ. Гэхдээ үүнийг мөрдөж буй эсэх нь тодорхойгүй. Энэ байшинд 1000-аад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байсан гэдэг мэдээлэл бий. Тийм бол өдөрт сууж ажилладаг нь тэр хэрээр олон байх нь. Тэд дор бүрнээ хийн зуух ашиглан хоол хийж иддэг гээд бодохоор хэн нэг нь анзаарга алдах аваас галын аюул гарахад тун ойрхон биш гэж үү. Улсын их дэлгүүрт гал гарахад хэдхэн минутад ямар хэмжээний хохирол учирсан байсан билээ. Тэр түүх давтагдахгүй гэх арга алга.
Түрээслэгчдэд хандаж хэлэхэд нийслэлээс зааж өгсөн байр луу хурдхан очвол яасан юм бэ. Зай талбайгаа эртхэн эзэлж авсан нь дээр бус уу. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах арга замаа ол. Харилцагчдадаа ойлгуул. Бизнес бол цаг хугацаатай өрсөх талбар билээ.
Энд ажил, үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн яриагаар “Урт цагаан”-ы асуудал мөд шийдэгдэхгүй гэнэ. Нийслэлийн холбогдох байгууллага болон энэхүү барилга, байршлын төлөө хөрөнгө чамгүй зарсан 30-аад хүн хоорондоо учраа олж, маргааны сүлжээсийг тайлахаас нааш байдал энэ хэвээр байх бололтой. Гагцхүү үүнийг олон нийтийн эрх ашигт харшлах цэг байлгахгүй байхыг эзэмшигчдээс нь шаардаж байна.
Ямар ч үйл, үйлдэлд нэгдүгээр хүн гэж бий. “Урт цагаан”-ы маргааныг сунжруулах сонирхол чухам хэнд байна вэ