Эрх баригчид Үндсэн хуульд өнгөрсөн жил “гар хүрэхдээ” Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор хэд хэдэн заалт нэмэлтээр оруулсан гэх. “Эцэг” хуульдаа салхи оруулж, сайн сайхан болсныг нь баталсан эрх баригчид өөрсдөө магтаж, баяр наадам хийсэн билээ. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэх ёстой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй, тэр тусмаа шүүгчийн хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх талаар олигтой зохицуулалт байхгүй гэж үздэг.
...Улмаар өнгөн дээрээ шүүх засаглал нь Үндсэн хуульд тусгасан Шүүн таслах ажиллагаа, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо гэсэн хараат бус гурван баганатай мэт харагдаж буй. Гэтэл бодит байдал дээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг улстөрчид сонгох гээд улайраад байгааг хуульчид эсэргүүцэж “Нийгэмтэй нийцэхгүй нэмэлт, өөрчлөлт оруулсан” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тодруулбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг өгөхдөө “Шүүхийг улстөрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр шүүхийн хөгжилд чөдөр тушаа болж байна” хэмээн хэлснийг эргэн сануулъя...
Үргэлж ийм байлгах сонирхол улстөрчдөд бий. Тиймээс шүүхийг хэн гартаа авах вэ хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ана мана “үзэлцэж” буй. Тодруулбал, Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төсөл санаачилсан. Засгийн газраас буюу ХЗДХЯ-ныхан ч адил төстэй өөр хууль боловсруулчихаад батлуулах гээд Ерөнхийлөгчтэй “дайтаж” байна. Үндсэн хуулийн гурав дахь хэсгийн 49.3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) ажиллана” гэсэн бол 49.5-т “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчдийн дундаас сонгож, бусад тавыг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроос сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн төсөлд ШЕЗ-ийн үлдсэн таван гишүүнийг Ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбоо, ХЗДХЯ-наас сонгоно гэх заалт оруулсан бол Засгийн газрын төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ-наас ШЕЗ-ийн гишүүдийг сонгоно гэж тусгасан аж. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нээлттэй сонгон шалгаруулах нэрийн доор ШЕЗ-ийн үлдсэн таван гишүүнийг үндсэндээ Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ-наас сонгох болоод буй. Үндсэн хуульд ямар үзэл санаагаар нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг нь үүнээс харагдаж байх шиг. Зарим хуульч Үндсэн хуулийн шүүх, шүүгчтэй холбоотой хэсэгт улс төрийн ашиг, сонирхол орсон гэдгийг хэлж буй. Үнэндээ ШЕЗ нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах, шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн. Гэтэл дээр дурдсан улс төрийн эрх бүхий гурван субъектээс сонгогдсон гишүүд шүүгчдийг сонгон шалгаруулна гэвэл ШЕЗ Үндсэн хуульд заасан дээрх үүргээ биелүүлж чадахгүй. Шуудхан хэлэхэд шүүгч сонгон шалгаруулах тогтолцоо шударга байж чадахгүй, асуудалд хуйвалдааны шинжтэй хандана гэсэн үг.
Түүнчлэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгч өнгөрсөн оны зургадугаар сарын 26-нд 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлснийг бид мэднэ. Шүүгчийг огт түдгэлзүүлэхгүй байна гэж үгүй. Шүүгч гэмт хэрэгт холбогдоод шалгуулах тохиолдолд бол өөр хэрэг. Гэхдээ асуудлыг Шүүхийн тухай багц хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар буюу ном журмынх нь дагуу шийдэх учиртай. Олон улсын жишигт гэмт хэрэгт холбогдсон хуульчдыг ажлаас нь түдгэлзүүлж, хэргийг шийддэг юм билээ. Монголд ч эл асуудлыг хэрхэн шийдэхийг хуульчилсан. Гэтэл зарим шүүгчийг гэм зэмгүй байхад нь ажлаас түдгэлзүүлэх зөвлөмжийг ҮАБЗ-өөс ШЕЗ-д хүргүүлсэн. ШЕЗ ч улстөрчдийн халаасанд орсноо батлах шиг зөвлөмжийг хүлээж авсан даруйдаа нэр бүхий шүүгчдийг ажлаас нь чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл байхгүй байхад зарим шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлсэн. Тухайлбал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын таван шүүгчийг ажлаас чөлөөлснөөс үүдэн өдий төдий иргэн хэргээ үнэн, зөвөөр шийдүүлж чадахгүй, цаг алдаж, маш их хохирсон. Уг нь ҮАБЗ нь хуульд заасан асуудлыг шийддэг, хуулийн хариуцлага хүлээлгэнэ, хүлээлгэхгүй гэх асуудлыг шийддэг газар биш. Тэнд улс төрийн шийдвэр гаргадаг. Тэр утгаараа ҮАБЗ хуульчдыг хэлмэгдүүлэх, алдаа мадагтай дүгнэлт гаргах магадлал өндөр. Алдаа гаргасныг нь олон нийт харсан. Сүүлийн нэг жилд найман шүүгчийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсний гороор ажилгүй байх хугацааны цалин буюу 220 000 сая төгрөгийг нь нөхөн төлбөрт өгсөн байдаг. Тиймээс хоёр талын Шүүхийн тухай багц хуулийн төслийн аль алинаас нь “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн доор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг авсан гэх.
Монголын 6000 орчим хуульч нийтээрээ улс төрийн өнцгөөс харж түдгэлзүүлдэг хуулийн дээрх заалтыг хасах шаардлагатай хэмээн үзэж буй. Тодруулбал, хуульчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ҮАБЗ нэрийн доор шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх ёсгүй хэмээн хатуу байр суурьтай байгаа юм. ХЗДХЯ, УИХ-ын хууль зүйн байнгын хороо ч ҮАБЗ-тэй адилхан ард түмнийг төлөөлж хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэх чиг үүрэгтэй газар. Тиймээс ШЕЗ-ийн гишүүдийг сонгоно гэдэг нь шүүхэд нөлөөлөх гэсэн, шууд улстөржсөн асуудал гэж хэлэх хуульч ч байна. Үүнээс гадна Үндсэн хуульд бие даасан Шүүхийн сахилгын хороо байгуулна гэх заалт бий. Сахилгын хорооны гишүүнийг томилох асуудлыг мөн л улс төржүүлжээ. Хууль санаачилсан хоёр тал гишүүдийн томилгооны асуудлыг ч өөрсдийн боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийн төсөлд тусгажээ. Ерөнхийлөгч шүүгчтэй холбоотой өөрийн барьцыг ахиулах гэсэн бол Засгийн газар харин эрх мэдлээ давуу байлгах гэсэн заалт оруулжээ. Уг нь Шүүгчийн сахилгын хорооны гишүүн нийгэмд нэр хүндтэй, ёс зүйн зөрчилгүй, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн нэгэн байх учиртай. Гэтэл хууль санаачлагчид ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчөөс санал оруулна гэх мэтээр бас л бөөн будилаан хутгах заалт оруулсан сурагтай. Өөрөөр хэлбэл, улс төрийн байгууллагын эрх мэдэлтнээс хараат бус байх шаардлагыг хангахгүй заалт оруулж иржээ. Шүүгчийн асуудлыг улс төрөөс хараат бус байлгах ёстой. Улс төрийн томилгоогоор албан тушаалд очсон хүн шүүгчийг сонгоно, чөлөөлөх нь байж болшгүй асуудал гэж хуульчид үзэж буй. Улс төрөөс хамааралтай хүн гишүүнээр сонгогдоно гэдэг томилсон хүндээ таалагдах, эргээд асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж чадахгүй болно гэсэн үг болохыг хэн хүнгүй мэднэ биз ээ. Энэ мэтээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийн тал хувь болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг улс төрөөс сонгохоор хуульчилсан нь хуульчдыг бухимдуулж байна. Гэтэл ҮАБЗ-ийн гурав барьцаа улам ахиулж, гол тоглогч байх хүслээсээ болж хуульчдын хараат бус байдлыг хамгаалах сонирхолгүй байгаа бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хэрхэн хараат бус байлгах вэ гэдэг дархлааг суулгах ёстой байлаа. Улстөрчид цагаан дээр хараар ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна гэх гоё үг бичсэн атлаа өөрсдийн эрх мэдлийг хэрхэн дээшлүүлж, шүүхийг хэн захирах вэ хэмээх үг өгүүлбэртэй заалтуудыг тус тусын боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийн төсөлд тусгаж, батлуулахаар улайрч байна. Ерөнхийлөгч шүүхийг зөвхөн өөрөөсөө хамааралтай байлгахыг хүсэж буй бол Засгийн газар ч мөчөөгөө өгөхгүй байгаа юм. Тиймээс 2016-2020 онд олонх болсон МАН-ынхан бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө хэрүүл тэмцэл хийн байж, ард түмний эсэргүүцлийг сөрөн Үндсэн хуульд шүүхийн шинэчлэлтэй холбоотой дээрх заалтуудыг нэмэлтээр оруулсан.
Улмаар өнгөн дээрээ шүүх засаглал нь Үндсэн хуульд тусгасан Шүүн таслах ажиллагаа, ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо гэсэн хараат бус гурван баганатай мэт харагдаж буй. Гэтэл бодит байдал дээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг улстөрчид сонгох гээд улайраад байгааг хуульчид эсэргүүцэж “Нийгэмтэй нийцэхгүй нэмэлт, өөрчлөлт оруулсан” хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тодруулбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг өгөхдөө “Шүүхийг улстөрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр шүүхийн хөгжилд чөдөр тушаа болж байна” хэмээн хэлснийг эргэн сануулъя.