Монголчууд айдастайгаа хэдийн нүүр тулсан. Тэр бол “Ковид-19”. Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа гэгдэж байсан өвчин манайд таван сарын өмнө бүртгэгдэж, тухайн үед үүссэн нөхцөл байдлыг бодвол эдүгээ бид энэ сэдвээр маргалдаж, мэтгэлцэх хэмжээний бэлтгэлтэй болжээ. Коронавирусийн батлагдсан тохиолдол (293)-ууд бүгд зөөвөрлөгдсөн, хүн амын дунд одоогоор халдвар тархаагүй, иргэд ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маргах аргагүй үнэн. Гэвч сүүлийн үед Монголд ашиглаж буй “Ковид-19”- ийн урвалж (праймер), оношлуурын чанар, лабораториудын хүчин чадалтай холбоотой шүүмж, маргаан тасрахаа болив. Хамгийн хачирхалтай нь, энэхүү хүнд хэцүү цаг үед нэг улс, нийтийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, хүч хавсрах ёстой эрдэмтэн, судлаач нар минь хоорондоо “дайтан”, бүр нийгмийн сүлжээнд талцах болов.
Тодруулбал, коронавирусийн оношилгооны асуудлыг анх хөндсөн хүн нь ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, ЭМЯ-ны ажлын хэсгийн гишүүн, доктор, профессор Д.Нямбаяр. Тэрбээр нийгмийн сүлжээнд энэ асуудлаар санал, бодлоо хуваалцсаар байна. Тухайлбал, “Манайд өдгөө ашиглаж буй, Германы оношлуурыг АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд хамгийн муу гэж дүгнэсэн. Вирусийн титр буюу тоог нэг микролитрт 100 байхад тодорхойлж чадахгүй байгаа нь халдвартай хүнийг илрүүлж хүчрэхгүй, алдах аюултай. Өөрөөр хэлбэл, хуурамч сөрөг хариу гаргах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Манайхны анх хэрэглэж байсан Японы оношлуурт ч алдаа гарсныг Ерөнхий сайд нь мэдээлсэн. Орон нутгийн лабораториудад ашиглаж байгаа, тухайлбал, Дархан-Уул аймгийн салбарын, Японы “Такара” фирмийн PCR төхөөрөмж нь Германы оношлуурт тохирохгүй. Энэ нь шинжилгээний хариу хүчингүй болгох нэг шалтгаан. Манай улс “Ковид-19”-ийг илрүүлэхэд хугацаа их алдаж байгаа нь оношилгооны чадамж муу, лабораториудынх нь хүчин чадал султай холбоотой. Эдгээр алдаа, дутагдлыг нь ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаад Эрүүл мэндийн сайдаар дамжуулан хэлүүлж, удаа дараа анхааруулга, зөвлөмж өгсөн ч эсрэгээрээ намайг мэдлэггүй, худал хэлсэн мэтээр олон нийтэд ойлгуулж, үнэнийг мэдсээр байж гуйвуулсан. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” хэмээн олонтоо ярьж, бичсэн.
Манай улс өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийг илрүүлэх болон баталгаажуулах 38 952 (өчигдрийн байдлаар) шинжилгээ хийжээ. Д.Нямбаяр тэргүүтэй бусад эрдэмтэн, судлаачийн үзэж байгаачлан дөрвөн удаагийн давтан шинжилгээгээр коронавирусийг илрүүлж байгаа нь оношлуурын мэдрэг чанартай холбоотой юу. Хуурамч эерэг, сөрөг хариу “хэлдэг”, туршилтын урвалж, оношлуур ашиглаж байна уу. Иргэдийг толгой дараалан шинжилгээнд хамруулах шаардлагатай, эсэх, оношилгооны чадамж, нөөц, чанар, хүртээмжийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар албаны хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор, клиникийн профессор, вирус судлаач Б.Дармаа “Төр, засгаас өгсөн үүрэг чиглэл, оношилгооны олон улсын удирдамжийн дагуу бид вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Манай улсад ашиглаж буй “Ковид-19”-ийн урвалж, оношлуурууд үнэхээр шаардлага хангахгүй, хуурамч хариу гаргаж байгааг нь мэдэхгүй өнгөрүүлсэн бол одоогийн нөхцөл байдал хэрхэх байсныг хэлж мэдэхгүй. Манайх Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнд загварчилсан урвалжийг анх ашигласан. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас оношилгоонд ашиглаж эхэлжээ. Тус улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдлуудад ашигласан урвалжийн нуклеотийн дараалалд алдаа гарсныг олон улсын сэтгүүлд үүнээс өмнө хэвлүүлсэн. Гэхдээ тэрхүү алдаатай урвалжийг нэг ч улсад экспортлоогүй. Дараа нь зассан хувилбараас нь манайх эхний ээлжид 200 ширхгийг оруулж ирсэн. Сайжруулсан бичиг нь ч бий. Манайх үүнээс 36 000 ширхгийг захиалсан. Тус улс урвалжийг сайжруулснаа албан ёсоор зарласан шүү дээ. Германы оношлуурыг мөн олон улсад хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бидний хийж буй оношилгоо баталгаатай. Вирусийг зөв оношилж, эмчилж буй, эсэхэд санаа тавьж, анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үр дүн хамгийн чухал. Нөгөөтээгүүр, иргэдийг бүгдийг нь дараалан шинжилгээнд хамруулах шаардлага одоогоор байхгүй. Халдвар дотоодод тархсан тохиолдолд тархвар зүйн заалтаар шинжилгээ хийдэг. Бодлогын хэмжээний асуудлыг салбарын яамны удирдлага мэдэж, шийднэ” гэлээ.
ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Баярзаяа “ХӨСҮТ дэлхийн сүлжээнд холбогдсон лабораторитой. Өөрөөр хэлбэл, томуугийн олон улсын хяналт, тандалт, судалгааны лабораторид харьяалагддаг. 2015 онд улсын хэмжээнд томуугийн шинжилгээг ганцхан тус төвд хийдэг байсан бол удалгүй Орхон, Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт салбараа нээсэн. Улирлын томуу дэгдэх үеэр хүн амын дунд ямар төрлийн вирус зонхилж байгааг лабораториудад тодорхойлдог эл тогтолцоо хэдийн бүрдсэн гэсэн үг. Одоогоор манай улс томуугийн 26 төрлийн вирусийг ялган оношилдог. Хяналтыг төв лабораторийнхон тавьж, олон улсын байгууллагуудаар давхар баталгаажуулдаг. Манай улс шинэ вирусийг оношилж эхлэх үед халдвар БНХАУ-ын Ухань хотоос цааш тархаагүй, цар тахал болтлоо дэлгэрээгүй байсан. Тухайн үед ч, одоо ч бид “Ковид-19”-ийг оношлохдоо лабораторийнхоо тоног төхөөрөмжид түшиглэн хийж байна. Энгийнээр тайлбарлахад, ХӨСҮТ-ийн төв лабораторид суурилуулсан АНУ-ын “ABI-7500” аппаратад Америк болон Германы вирусийн өвөрмөц чанаргүй, үндсэн урвалжийг ашигладаг. Тухайн аппаратаар ямар төрлийн вирусийг оношлох, эсэхээс хамаарч тухайн үүсгэгчийг илрүүлэх урвалжийг ашиглан, оношийг баталгаажуулдаг үндсэн зарчимтай. Америк, Германы уг хоёр оношлуур нь дэлхийн брэнд. Учир нь вирус ихэвчлэн РНХ, эсвэл ДНХ-ийн бүтэцтэй байдаг. Үүнийг цуснаас ялгах нэг аппарат, олшруулагч тоологч гэж бас тусдаа төхөөрөмж бий. Энэ хоёр процесст урвалж суурилдаг. Эрдэмтэд “SARS/CoV-2”-ийн нуклейн хүчлийн дэс дараалал (хэв шинж)-ыг тогтоосноо өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд олон улсад зарласан. Ингээд вирусийг оношлох урвалжийг дэлхийд гарган авснаар манай улс томуугаас гадна “Ковид-19”-ийн шинжилгээ давхар хийдэг болсон. Дээрх үндсэн урвалж дээрээ коронавирусийн праймераа нэмээд, тодорхойлно. Тухайн вирусийг нь буюу нуклейн хүчлийг тодорхойлж буй шинжилгээг PCR гэж нэрлээд буй юм. Түүнээс биш хаана нэг газраас, туршилтын, хандивын оношлуурыг оруулж ирээд, хэдэн хүн “дураараа аашилна” гэж байхгүй. Бүх оношилгоо, шинжилгээг дүрмийн дагуу явуулж, олон улсын лавлагаа лабораториудаар хянуулдаг. Монгол эрдэмтдийн гарган авсан гэх оношлуурын тухайд туршилт, судалгааныхаа шатанд явж байгаа гэсэн. Албан ёсоор оюуны өмчийн гэрчилгээ авч, үйлдвэрлэсэн юм бол байхгүй. Хэрвээ олон улсад хүлээн зөвшөөрөгдвөл бид ашиглах нь цаг хугацааны л асуудал” хэмээв.
Үүнээс гадна Засгийн газар, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур зэрэг улс, хүмүүнлэгийн байгууллагуудын шугамаар “Ковид-19”-ийн таван төрлийн оношлуур хандиваар оруулж иржээ. Оношлуурын праймераас ялгаатай нь үндсэн урвалж дээр нэмэлт бодис хийх шаардлагагүйгээр нэг удаад ашиглах, тухайн үүсгэгчийг илрүүлэхэд зориулсан байдгаараа онцлогтой аж. Хандивын оношлууруудыг лавлагаа лабораторид шинжлээд, дэс дарааллыг нь тогтоож, тохируулга хийсний дараа салбар төвүүд рүү илгээдэг гэнэ. Ингэхийн тулд үндсэн оношлууртай хариу нь таарч буй, эсэхийг давхар шалгаж, туршдаг байна.
Манайд өдгөө БНСУ-аас илгээсэн 3000 (хандив), үндсэн оношилгооны 9000 орчим урвалжийн нөөц бий аж. Халдвар дотоодод тархвал хүн амын 0.5-1 хувийг өвчлүүлнэ гэсэн эрсдэлийн үнэлгээг албаныхан хийсэн. Уг үнэлгээгээр тооцвол бидэнд багадаа 150 000 оношлуурын нөөц байх ёстой юм билээ. Эдгээрээс гадна шинэ вирусийн эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний хэв шинж улс орон, бүс нутгуудад харилцан адилгүй байгаа нь хэдийн ил болсон. Энэ нь тухайн улсад “SARS/CoV-2”-ийн ямар үүсгэгч зонхилж буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийг 30 орчим төрлийн омог үүсгэж буйг эрдэмтэд тогтоов.
Харин манайхан саяхныг хүртэл дотоодод бүртгэгдсэн коронавирусийн үүсгэгчийг буюу ямар төрлийнх нь зонхилж буйг илрүүлж чадаагүй. Академич П.Нямдаваа тэргүүтэй эрдэмтэн, судлаачид 15 улсаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудад судалгаа хийж, Монголд бүртгэгдсэн “Ковид-19”-ийн омгийг урьдчилсан байдлаар тогтоосон мэдээ байна. Ямар төрлийнх болохыг албан ёсоор удахгүй зарлах гэнэ. Зөвхөн Ухань хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд бүгд нэг үүсгэгчтэй байсан бол манайд магадгүй түүнээс олон омог зонхилж байхыг үгүйсгэхгүй аж.
Сонирхуулахад, Вирусийн ангиллын олон улсын хороо (ICTV)-ноос “Ковид-19”-ийг коронавирусийн омогт хамааруулан, “SARS/CoV-2” гэж нэрлэсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын 11 байв. Харин ДЭМБ-ынхан тухайн өдөр дахин хуралдаж, уг вирусээр үүсгэгдсэн өвчнийг цаашид “Ковид-19” гэх нь зүйтэй хэмээж, санал нэгдсэн юм. Амьсгалын замын цочмог хэлбэрийн хам шинж үүсгэдэг уг вирус нь хүнээс хүнд агаар, дуслын замаар халдварладаг нь тодорхой болсноос хойш эдүгээ дэлхийн 216 бүс, нутагт бүртгэгдэн, 18.3 сая хүнийг өвчлүүлж, 700 орчим мянган хүний амийг авч оджээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хэмжээнд шинэ вирусийн эм, вакцин, оношлуур гарган авах, эмнэл зүйн туршилт, эсрэг бие, вирусийн үүсгэгчүүдийг илрүүлэх зэрэг 13 чиглэлээр 50 мянга гаруй судалгаа, шинжилгээ хийгээд байгаа ч “Ковид-19”-ийг нам дарах аргыг хараахан олоогүй л байна.