Гудамж, талбайгаар сэлгүүцэн, нууц эрхтнээ ил гаргачихаад охид, бүсгүйчүүдийг айлгаж, ичээдэг гаж донтон хэдэн жилийн өмнө цөөнгүй байв. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн ойр орчим, оюутны дотуур байрны охид амьдардаг тасгийн цонхны доор ийм гаж донтой этгээдүүд эргэлддэг байсан юм. Харин одоо энэ мэт эрээ цээргүй, ёс бус зүйлийг гудамж, талбайд бус, дэлгэцийн цаанаас үйлдэх болсныг цагдаагийн байгууллагынхан хэлж байна. Ялангуяа өсвөр насны охидыг садар самуунд уруу татах, залилан мэхлэх, гэмт хэргийн золиос болгох тохиолдол цөөнгүй.
Монгол Улсын хүн амын 68.1 хувь нь интернэт ашигладаг, 2.2 сая иргэн “Фэйсбүүк” хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тодруулбал, улсын хэмжээнд 650 орчим мянган хүүхэд гар утас хэрэглэж байна. Тэд интернэтийн хязгааргүй орон зайд хэнтэй нөхөрлөж, юу хийж байна вэ. Цахим орчинд залилан мэхлэх, гүтгэх, доромжлох, хувь хүний нууцад халдах, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, биеэ үнэлэхэд зуучлах зэрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 2018 онд 695, 2019 онд 737 удаа гарчээ. Энэ оны эхний долоон сард эл төрлийн 484 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
“Фэйсбүүк” дэх “10-18 насныхан”, “Хосоо олъё”, “10-18 насны охид, хөвгүүд” зэрэг олон группэд садар самуун сурталчилсан, гэмт хэрэгт уриалсан зураг, бичлэг, үг хэллэг дүүрэн. “Ийм групп маш олон. Нүцгэн охидын зураг, бичлэг цөөнгүй байдаг. Бас “Санхүүгийн туслалцаа үзүүлнэ” гэсэн мэдээллийн доор хүүхдүүд сэтгэгдэл бичиж, утасны дугаараа үлдээдэг” гэж 14 настай охин ярьсан юм. Үл таних этгээд хаалгаар бус, дэлгэцийн цаанаас гэрт тань “нэвтэрч”, танай үр хүүхэдтэй “хүзүү, сээрээ” холбочихсон юм биш биз. Цахим орчин дахь гэмт хэргийн дийлэнхийг насанд хүрэгчид үйлддэг бөгөөд хохирогчид нь өсвөр насныхан. Хорих газраас суллагдсан гэмт хэрэгтнүүд хоёр жилийн өмнө өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч, найз нь болж, садар самуунд уруу татсан хэрэг гарсан. Ийм хэрэг үйлдсэн найман этгээдийг баривчилж, шүүхээс ял ногдуулсан юм. Тэр ч бүү хэл, хэн нэгний ятгалга, дарамтаар өөрийгөө зүсэж гэмтээсэн, өндрөөс унаж амиа хорлохоор завдсан, бусдад ийм үйлдлийг санал болгосон тохиолдол цагдаагийн байгууллагад жилд 2-3 удаа бүртгэгддэг байна. Мөн өсвөр насны охид цахим хаягаа хакердуулах, эсвэл гар утсаа хулгайд алдсанаас болж гэмт хэрэгтнүүдийн өгөөш болох нь цөөнгүй. Гаж донтнууд гар утасных нь мэдээллийг олон нийтэд дэлгэх, гэрэл зургийн эвлүүлэг ашиглан, царайг нь нүцгэн биетэй “болгох” зэрэг үйлдэл гаргадаг аж. Ийм мэдээлэл анги хамт олон, цаашлаад сургуулийн бүх сурагчийн дунд түгдэг учир хүүхдүүд сэтгэлээр унаж, эрсдэлтэй алхам хийхээс буцдаггүй байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 45, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 28 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Гэвч эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь дэлгэцийн донтой болгож байгааг эмч, цагдаагийн алба хаагчид сануулсан. Хүүхдээ уйлахаар л гар утсаа өгчихдөг гэм бидэнд бий. Энэ нь хүүхдийн нүдний хараа болон яс бэхжихэд сөргөөр нөлөөлөхөөс гадна элдэв ташаа мэдээлэлд автах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй юм. Цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд гэртээ теле хичээл үзэж, “хоригдсон”. Ихэнх хугацааг ухаалаг “найз”-тайгаа өнгөрүүлж буй нь цахим гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм. Эцэг, эхчүүдийн олонх нь гар утсаараа элдэв зүйл, тэр дундаа насанд хүрэгчдэд зориулсан зураг, бичлэг үзсэнийг хүүхэд нь үргэлжлүүлэх тохиолдол гардаг гэнэ. Тиймээс аав, ээжүүд цахим мэдлэгээ дээшлүүлэн, интернэтийн зохистой хэрэглээг хүүхдэдээ ойлгуулах шаардлагатай байгаа талаар мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн хэн нэгнээр фэйсбүүк хаяг нээлгэх, хуурамч сайтад орж мэдээлэл авах нь хувийн нууцаа алдах эрсдэлтэй.
“Фэйсбүүк”-ийг 13-аас дээш насныхан хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг ч манай улсад эцэг, эхчүүд багачууддаа хүртэл ашиглуулж байна. Сүүлийн үед хүүхдүүд снэпчат гэх гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг программыг түлхүү ашиглах болжээ. Энэ нь залуучуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг программын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн байна. Хүүхдүүд хөөрхөн харагдахын тулд уг программыг хэрэглэдэг бөгөөд олны танил “од”-той царай төрх, гадаад үзэмжээ харьцуулан өөрийгөө голж, сэтгэл хямралд өртөх тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Снэпчатад бүх зураг, бичлэгийг устгадаг хэдий ч хэрэглэгч түүнийг дэлгэцийн зураг хэлбэрээр хадгалж аваад буруу зүйлд ашиглаж болох аж. Цахим орчинд илэрч мэдэх бэлгийн хүчирхийллийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцах, эрсдэлийг ойлгуулах нь хамгийн чухал болжээ. Энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх, таслан зогсоох боломжтой болсон нь сайшаалтай. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, бичлэгийг интернэтээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” систем нэвтрүүлжээ. https://report.iwf.org.uk/ mn/report цахим хуудсанд нэвтэрч, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэхээс гадна харьяа цагдаагийн байгууллагад хандан тусламж авах боломжтой.
Цахим орчинд хүүхдийг уруу татдаг, удаан цагаар “уядаг” нэг зүйл нь тоглоом. 12-28 насныхан цахим тоглоомд донтох явдал гарсаар байна. 2017 онд Чингэлтэй дүүрэгт 25-28 насныхан цахим тоглоомоос болж, маргалдан, нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарсан. Байг устгах зорилгоор хүчирхийлэл, аллага үйлддэг тоглоомыг хүүхдүүд багаасаа тоглосоор байгаа нь харамсалтай. Үүнийг хянах, сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас цахим тоглоомын журмыг шинэчлэн боловсруулж,, ХЗДХЯ-нд хүргүүлжээ. Хэрэв энэ журмыг баталбал хэдэн настай хүүхэд хэр хугацаанд тоглож болохыг нэгбүрчлэн заах аж. Мөн цахим тоглоомын газар ажиллуулж буй иргэн хүүхдийн эрхийг хамгаалах сургалтад суух шаардлагыг ч журамд тусгасан гэнэ. Энэ мэт цахим тоглоомын газруудыг цэгцлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийг интернэт орчинд бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллийн золиос болгохгүйн төлөө эцэг, эх, боловсролын болон хууль сахиулах байгууллагынхан хамтран ажиллах шаардлага тулгарсаар. Тэдний төлөөлөл Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас зарим зүйлийг тодрууллаа.
Д.БУДЗААН: ГЭМТ ХЭРЭГТ УРУУ ТАТСАН 4000 ОРЧИМ ЦАХИМ ХУУДСЫГ УСТГАСАН
-Цахим орчинд өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, садар самуунд уруу татсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-2017 онд баталсан Эрүүгийн хуульд “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг бий. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хорих ялтай. Мөн Зөрчлийн тухай хуульд гүтгэх, доромжлох үйлдлийг цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан үйлдсэн бол торгох, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өсвөр насныхан фэйсбүүк, твиттер, инстаграм, снэпчат зэргээр хэн нэгэнтэй танилцсаны улмаас гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гарч байна. Өсвөр насны хүүхдүүд рүү садар самуунд уруу татсан зураг, бичлэг явуулдаг, дарамталдаг, мөнгө нэхдэг, нэр төрд нь халддаг гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байгаа. 2012 онд цагдаагийн байгууллагад цахим сүлжээ ашиглан үйлдсэн гэмт хэрэг 14 бүртгэгдсэн бол өдгөө жилд 600-700 болж өссөн. Үүний 30 орчим хувь нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, залилан мэхэлсэн, нэр төрд нь халдсан зөрчил, гэмт хэрэг. Цахим сүлжээг зохистой, аюулгүй хэрэглэх талаар цагдаагийн байгууллагаас “Цахим орчныг зөв болгоё”, “Зөвийг түгээе”, “Unfriend” зэрэг аян өрнүүлсэн. Мөн интернэтэд аюулгүй байдлаа хэрхэн хангах, цахим хаягийнхаа нууцлалыг яаж хамгаалах талаар сурагчдад сургалт явуулдаг. Цахим сүлжээ ашиглан, залилан мэхэлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг, Хүүхдэд садар самуун сурталчилсан бол Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт зааснаар зүйлчлэн шалгаж байна.
-“10-18 насныхан” гээд хайхад элдэв төрлийн групп өчнөөн байна. Тийм групп, хуудсанд нэгдсэнээр залилан мэхлүүлсэн, гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол гарсан уу?
-“Хосоо олъё”, “15-17 насныхан”, “Санхүү өгнө, авна” зэрэг олон групп бий. Эхэндээ хүүхдүүд мэдээлэл солилцох зорилгоор нээдэг. Ийм группэд насанд хүрэгчид хуурамч хаягаар нэвтэрч, бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татсан тохиолдол гарсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 16 настай охин нэг залуутай фэйсбүүк хуудсаараа танилцаж, удаан хугацаанд харилцсаны дараа уулзаад, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон. Энэ төрлийн группүүдийн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Бид “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллаж, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх журмын дагуу хууль бус мэдээлэл түгээж буй цахим хуудсыг устгадаг. Сүүлийн нэг жилд 4000 орчим цахим хуудас устгасан. Үүний зэрэгцээ шинэ хаяг нээж, цахим гэмт хэрэгт уруу татсан хуудсыг дахин үүсгэсээр байна. “Фэйсбүүк” компани бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хүчирхийллийг сурталчилсан хуудсыг устгахад шуурхай хамтран ажиллаж байгаа. Мөн “Санхүү өгнө, авна, зарна” гэсэн нэртэй хуудсаар дамжуулан томчууд өсвөр насны охидыг садар самуунд уруу татах тохиолдол цөөнгүй. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 100 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 10 орчим хувь нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ.
-Хэдэн жилийн өмнө “Цэнхэр халим” хэмээх тоглоом цахим орчинд шуугиан тарьсан. Хүүхдүүд уг тоглоомоор тоглож, хэн нэгний заавраар биеэ зүсэх, амиа хорлосон байж болзошгүй тохиолдол гарч байв. Сүүлийн үед хүүхдүүд үүнтэй адил “Момо” гэх тоглоомд автах болсон гэх юм. Үүнийг тодруулахгүй юу?
-“Цэнхэр халим”, “Момо” нэртэй тоглоом цахим орчинд хүүхдүүдийг айлгаж, ичээсэн явдал гарсан. Тэдгээр хуудсыг нээж ажиллуулж байсан гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж, хариуцлага тооцсон. Мөн өсвөр насны охидын группэд орж, садар самуунд уруу татдаг хүн цөөнгүй. Хүүхдийн зураг тавьж, сонирхол татах хаяг нээгээд гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Эцэг, эхийн хараа хяналт сул, интернэт орчин дахь мэдлэг дутмагаас болж хүүхэд хохирох, сөрөг мэдээлэл авч, уруу татагдах эрсдэл өндөр. Цахим орчинд хүүхдээ хэнтэй харилцаж, юу хийж буйг эцэг, эхчүүд анхаарч, хувийн мэдээллээ алдах, цаашлаад гэмт хэргийн хохирогч болох аюултайг ойлгуулж, ярилцах хэрэгтэй. Цахим гэмт хэргээс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн байгууллага хамтран судалгаа хийж байна. Ирэх аравдугаар сард үр дүнг нь танилцуулна.