Монгол Улсын хүн амын 35 хувь нь буюу 1.2 сая нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь 18 хүртэлх насныхан байгаа нь тэдэнд чиглэсэн төрийн нэгдсэн бодлого, хүүхэд хамгааллын асуудал хэр чухал болохыг харуулна. Харамсалтай нь, манайд бяцхан иргэдээ гэх сэтгэл, зүтгэл, тэдний эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндийг нь анхаарах, чанартай боловсрол олгох зэрэг тогтолцоо бүрдээгүйн гай, хор хохирлыг бид өдөр бүр шахам л амсдаг боллоо. Коронавируст халдварын улмаас хүүхдүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хойш гэртээ “хашигдаж” буй. Гадагшаа гарах “эрхээ” хасуулсан тэд нар, салхи ч бараг үзэлгүй, дөрвөн хананы дунд хоолтой, хоолгүй хоригдсоор зунтай золгосон. Хэдийгээр бага насны хүүхэдтэй ээжүүдэд гэрээсээ ажиллах, цалинтай чөлөө олгох зэргээр уян хатан бодлого баримтлах үүрэг, чиглэлийг Засгийн газраас байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өгсөн ч тэр нь албан ёсны заавал дагаж, мөрдөх ёстой шийдвэр биш байсан юм. Цөөнгүй байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд уян хатан хандаагүйгээс хөл хорионы үеэр олон хүүхэд золгүй ослоор хорвоог орхисон нь эмгэнэлтэй.
Хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн тогтоож эхлэхэд “Халдварт өвчний үед өөр яах ч билээ. Хүүхдүүд сургууль, цэцэрлэг завсардахаас илүү амьд үлдэх нь л чухал” гэж эцэг, эхчүүд, олон нийт үзэж байв. Тэгвэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тусам хүүхдүүд хамгийн их хохирсныг судлаачид хэлж байна. Тухайн үед 18 хүртэлх насны 800 мянга гаруй хүүхдийн амь, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг төр, засгаас анхаарч, бодолцоогүйгээс эцэг, эхчүүдэд ах, эгч нараар нь дүүг нь харуулах, ганц, хоёроор нь гэрт нь цоожлох, эсвэл таних, танихгүй айл царайчлахаас өөр сонголт үлдээгээгүй юм. Адаглаад л чийгтэй байшинд агаар “амсахгүй” удах нь бага насны хүүхдэд рахит буюу сульдаа өвчин үүсгэх, хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой тэмдэглэлт өдөр, эрхийг хамгаалах асуудал тулгарахад коронавирус гэж “айлгаад”, эсрэгээрээ сонгуулиар зүгээр хэмээгээд, наадмаар хүртэл “тусгай хөтөлбөр” боловсруулсан түшээдээсээ бид их зүйл хүсэж, хүлээх хэрэггүй мэт.
Хамгийн ноцтой нь хөл хорионы дэглэм хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж буй явдал юм. Хүүхдүүдийнх нь зан ааш мэдэгдэхүйц хувирч, үг, үйлдэл нь танигдах аргагүй болсныг олон эцэг, эх хэлж байна. Боловсрол судлаач Т.Тансагчимэг “Хөл хорионы үеэр хүүхдүүдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Олонх нь гэртээ ганцаараа, эсвэл ах, дүүтэйгээ үлдэж, цахим орчинд л өдрийг өнгөрөөж байна. Үүний уршгаар хүүхдүүд дэлгэцэд донтож, ганцаардмал, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, амьд харилцаанаас татгалзсан, амархан гутардаг болжээ. Ойр тойрныхон, шавь нарын минь дунд ч ааш аяг нь “эвдэрсэн” хүүхэд цөөнгүй” гэсэн юм.
Бидний олонх нь томчууд л стресстэж, бухимдаж, сэтгэл санаагаар унадаг мэтээр ойлгох нь бий. Тэгвэл хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг, амархан стресстэж, бухимддаг аж. Сэтгэц нь ч амархан өөрчлөгдөж, аливаа буруу дадал, зуршилд донтож, өвчлөхдөө амархан. Эдүгээ дэлхийд 1.6 тэрбум хүүхэд сургууль, цэцэрлэггүй болж, гэртээ хоригдсон. Энэ нь эцэг, эхчүүдийг хамгийн их депресст оруулсныг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон. Тэгвэл манайд ерөнхий боловсролын сургуулийн 572 752, цэцэрлэгийн 256 720 хүүхдийн хичээл завсардсан. Сургууль, цэцэрлэг хүүхдийн зөвхөн сурч, боловсрох эрхийг хангадаггүй. Хөгжиж, хамгаалуулах, аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн дэмжлэг ч үзүүлдэг. Нийгмийн эл тогтолцоо “эвдэрснээр” хүүхдээ хардаг ээжүүд, эмээ, өвөө нарын ачаалал үлэмж нэмэгдэж, улмаар багачуудын эрх зөрчигдөх үндэс болсныг судлаачид хэлсэн.
БШУЯ-ныхан хөл хорионы үеэр ерөнхий боловсролын сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан теле хичээл заасан ч хүртээмж, үр дүнг нь төдийлөн үнэлж, дүгнэж чадаагүй. Теле хичээлийг эс тооцвол гэртээ хоригдсон хүүхдүүдэд зориулсан контент, нэвтрүүлэг бараг байгаагүй нь тэднийг цахим тоглоом, бичлэгт донтох нэг шалтгаан болжээ. Энэ нь аажимдаа уураг тархины хөгжилд нь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хоол тэжээлийн дутагдалд хүргэх аюултай аж.
Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэхийг хориглосон нь олон мянган хүүхдийг нийгмийн амьдралаас “хассан” дараагийн шийдвэр байв. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээс хойш ирэх намар хүртэл хүүхдүүд найман сарын турш хөл хорионд байна гэсэн үг. Эмээ, өвөө нь хөдөө амьдардаггүй, зуслангийн газар, байшингүй нь байрныхаа гадаа тоглох ч эрхгүй. Учир нь томчууд зандарч загнаад, эсвэл ЭМЯ-ны лавлах утсанд “Тоглоомын талбайд амны хаалтгүй хүүхэд олон байна” хэмээн хов зөөчихдөг. Гэсэн хэрнээ өөрсдөө шөнө, оройн цагаар архи ууж дарвин, орилж чарлацгаадаг нь хачирхалтай. Сайд, дарга нар нь ч ялгаагүй, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээхээс урьтаж, амралт, цэнгээний газруудын үйл ажиллагааг эхлүүлсэн.
“Ковид-19”-ийн улмаас өдгөө 20 мянган өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч, 30 орчим мянган хүүхэд хоол тэжээлийн болон сэтгэл зүйн хямралд өртсөнийг холбогдох байгууллагууд судалж, тогтоосон. Сэтгэл судлаачдын хэлснээр, хөл хорионы үеэр хүүхдүүдийн бие даах чадвар суларч, өмнөхөөсөө илүү эрхэлж, уйлах, эцэг, эхийгээ санаж, орондоо шээх, дуугаа хураах, уйдаж ганцаардах, айж түгших, дээр өгүүлсэнчлэн дэлгэцэд донтох, хөдөлгөөний дутагдалд орох зэргээр нийгмээс улам тусгаарлагдаж байгаа гэнэ. Улмаар хоолонд дургүй болох, хүмүүстэй нөхөрлөх, ээж, аавтайгаа нээлттэй ярилцаж чадахгүй, өөрийгөө тусгаарлах нь олонтоо аж. Эдгээрээс гадна өсвөр насныхны дунд зан аашийн эмгэг, сэтгэлийн хямралаа даахгүй амиа хорлох тохиолдол ч гарсан байна. Мөн ахуйн хүрээний архидалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд олноор өртжээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн санд 22 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна хэмээн бүртгэгдсэн байх юм.
НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийнхан коронавируст халдварын үед гэр бүлд ээлтэй ажлын байр бий болгох, уян хатан нөхцөлтэй сайн туршлага нэвтрүүлэх, ажилчдынхаа ажил болон хувийн амьдралынх нь тэнцвэрийг хадгалж, тэднийг гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг нь дэмжих бодлого баримтлахыг уриалсан. Учир нь НҮБ-ынхан хөл хорионы дэглэм хүүхдийн боловсрол, хүмүүжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, улмаар амь, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах таамаглалыг эрт дэвшүүлсэн юм.
Олон улсад “Ковид-19”-өөр харьцангуй цөөн хүүхэд өвчилсөн. Харин манайхан л хүүхдүүдээ хамгаалах нэрээр хорьсоор. Засгийн газар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэхдээ ч хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсаныг нийгмийн сүлжээнд эцэг, эхчүүд хатуу шүүмжилсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, цаашид хэрхэхийг тухай бүрт нь шийднэ гэсэн ч аравдугаар сарын 5 хүртэл хоёр настнууд цэцэрлэгт хамрагдахгүй. 3-4 насныхны 60, таван настнуудыг “албанд” нь 100 хувь хамруулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гурван өдөр танхимд, үлдсэн хоёр хоногт нь цахимаар хичээллүүлнэ гэв. Хүн амын дунд халдвар тархаагүй байхад ийм шийдвэр гаргасанд олон нийт гайхаж, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг нэг тийш болгохыг шаардаж байна. Хоёр настай хүүхдээ хэнээр харуулах, ажлаа яаж зохицуулах вэ гэж шаналж суугаа эцэг, эхчүүдэд хосолсон буюу танхимын, гэрийн сургалт бүр ч нэрмээс болно гэцгээж байв. Ямар сайндаа л “Коронавирус зөвхөн хоёр настай хүүхдэд халдварлах уу”. “Хичээл эхлэхээр вирус гурван хоног “амарч”, хоёр хоногт нь “сэрнэ” гэхчлэн егөөдөх вэ. Эцэст нь хэлэхэд, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг цаашид сунгавал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай нээхдээ ч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг давхар бодолцож, орхигдуулахгүй байхыг төр, засгаас хүсье.