Дэлхий дахин коронавирусийн тахлаар нас барсан хүнээ тоолж, уй гашууд автаж байхад манай улс зам, тээврийн ослоор эндсэн иргэдээ бүртгэж сууна. Учир нь олон монгол хүн өдөр бүр авто зам дээр амь тавьж байна. Жилд 500 гаруй хүн автын ослоор хорвоог орхидог гэсэн статистик байна. Энэ бол гуравхан сая иргэнтэй улсад харанга дэлдэх үзүүлэлт. Дэлхийн 40 улсад 100 000 хүн тутмын хэд нь зам, тээврийн ослоор нас барж буйг 2016 онд судалжээ. Жилд 21 745 хүн нас барсан үзүүлэлтээр буюу 100 000-д 32.7 тохиолдол бүртгэгдсэнээр Тайланд жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус улс 68 сая гаруй хүн амтай. Жагсаалтад Саудын Араб, Вьетнам, Өмнөд Африк, Малайз зэрэг улс удаалсан бол Монгол Улс жилд 484 иргэнээ зам, тээврийн ослоор алдсан үзүүлэлтээр есдүгээрт бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 100 000 хүний 16.5 нь уг ослоор энддэг гэсэн үг. Жагсаалтаас харахад 50 гаруй сая иргэнтэй БНСУ-д уг үзүүлэлт 9.8 байдаг аж. Харин Швейцарт хамгийн цөөн буюу 100 000 хүн амд 2.7 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэрбум гаруй хүнтэй, урд хөршид 100 000 иргэний дөрөв нь л эл шалтгаанаар нас бардаг аж. Тэгвэл манай улс хэзээ, хэрхэн бусад орон шиг 100 000 хүн амд уг ослоор нас барах тохиолдлын тоог нэг оронд шилжүүлэх вэ.
Өнгөрсөн оны байдлаар манай улсад 934 142 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тэдгээрийн 54.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Автомашиныхаа тоонд тохируулан замаа хөгжүүлж, жолоочоо бэлдсэн, эсэх нь эргэлзээтэй. Хагарсан, эвдэрсэн, нүхтэй зам орон нутаг төдийгүй нийслэл хотод ч элбэг. Замын тэмдэг, тэмдэглэгээ хангалттай бишээс болж огцом эргэдэг газарт автомашин осолдох тохиолдол цөөнгүй.
Цагдаагийн байгууллагынхан осол байнга гардаг газруудыг “хар цэг” гэж нэрлэн анхаарал хандуулсаар ирсэн ч дорвитой өөрчилж шинэчилсэн нь үгүй. Тухайлбал, Завхан аймгийн Солонготын давааны замд осол их гардаг учраас мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн гуравдугаар сард шалтгаан нөхцөлийг нь тодорхойлж, дүгнэлт гарган харьяа яаманд нь хүргүүлжээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Зам тавих, засахдаа инженерийн байгууламж, хөдөлгөөн зохицуулах хэрэгслийг иж бүрнээр нь шийдэх шаардлагатай гэж олон улсад үздэг. Манай улсын тухайд өнгөрсөн жил замаас шалтгаалсан авто осол ердөө 31 бүртгэгдсэн. Үүний 16 нь Улаанбаатар хотод гарчээ. Гэхдээ энэ нь авто замаас шалтгаалсан осол бага гардаг гэсэн үг биш. Замын эвдрэл гэмтэл, онгорхой нүх, овоолсон шороо, мөстсөн хэсгийг тойрч гарах гэж жолооч чиглэлээ гэнэт өөрчлөх, эсрэг урсгал руу орсноос үүдсэн ослын бурууг жолоочид үүрүүлсээр өдий хүрснийг ТЦА-ныхан хэлж буй. Тухайн байгууллагын эзэмшлийн замын “буруу”-гаас гарсан ослын хохирлыг хариуцсан аж ахуйн нэгж нь нөхөн төлдөг бол нөхцөл байдал арай өөр байх сан.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам, тээврийн 25 302 осол бүртгэгдсэний 97.8 хувь нь жолооч, 2.1 хувь нь явган зорчигч, 0.2 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалсан гэж үзжээ. Дархан-Уул, Төв аймгаас эхлээд замын нөхцөл муутай газруудад осол их гардаг. Гэтэл дөнгөж 0.2 хувь нь замаас шалтгаалсан осол гэж үзэж буй нь үндэслэл муутайг мэргэжлийн хүмүүс нь ч хүлээн зөвшөөрсөн. Угтаа зам, тээврийн ослын анхдагч шалтгаан, нөхцөлийг зөв гаргаж чадвал авах арга хэмжээ нь тодорхой болно гэж үзэж байна. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн А.Энхболд “Хүний хариуцлага, автомашин болон замын бүрэн бүтэн байдлаас шалтгаалж осол гардаг гэж үздэг. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Энэ нь дэлхий нийтэд даяарчлагдсан эрх зүйн хэм хэмжээ. Автомашин цагт хэр хэмжээний хурдтай явахыг тогтоож өгсөн байдаг. Үүнээс хэтрүүлбэл аминд аюултай гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм, журам бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй. Гэтэл хүмүүс цагдаад л торгуулахгүй бол яах вэ гэсэн байдлаар ханддаг нь харамсалтай. Монгол Улс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хууль, журам, үндэсний хөтөлбөр, зөвлөлтэй гэдгээрээ Зүүн өмнөд Азийн улсууд дунд өндрөөр үнэлэгддэг. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл цөөнгүй. Ганц жишээ хэлэхэд, БНФУ хэдий сайн замтай ч 100 000 авто ослын 280-д нь замын нөхцөл байдал нөлөөлсөн гэсэн судалгаа бий. Харин манай улсад жилд 28 мянга орчим осол гардгийн маш цөөхөнд нь замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзжээ. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн автомашины техникийн бүрэн бүтэн байдал маш чухал. Хэд хэдэн автомашинд эрсдэлийн үнэлгээ хийхэд ердөө гурван хувь нь 1-3 жил унасан, 10 хүртэлх жил ашигласан нь 76 орчим хувь байв” хэмээн ярилаа. Мөн жолооны дамжааны сургалтын чанар шүүмжлэл дагуулсаар ирсэн. “Чанаргүй” жолооч шахсанаас болж, зам, тээврийн осол буурахгүй байна гэж үзэх хүн олон.
Өнгөрсөн онд манай улсад зам, тээврийн ослоор 561 хүн нас барж, 3790 хүн гэмтжээ. Тэдний 67 хувь нь 18-34 буюу ид хийж, бүтээх хөдөлмөрийн насных юм. 2012 онд манай улсад 100 000 хүн тутмын 21 нь авто ослоор нас барсан бол 2019 онд 16.5 болж буурсан аж. Гэхдээ буурсан гэх энэ тоо нь бусад улсынхтай харьцуулахад өндөр үзүүлэлт. 2011 онд НҮБ-аас зам, тээврийн ослоор нас барах, гэмтэх хүний тоог 10 жилийн хугацаанд 50 хувь бууруулах зорилт дэвшүүлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард эл зорилтыг биелүүлэх хугацааг 2030 он хүртэл сунгасан байна. Уг зорилтод Монгол Улс нэгдсэн юм. Швед улс зам, тээврийн ослыг тэглэх зорилт тавьжээ. Хэдий чинээ том зорилт тавина төдий хэрээр хичээж ажиллана гэж үзэж байна. Харин манай улс “Зам, тээврийн ослоор төдөн хүн нас барлаа” гэж мэдээлэхээс өөрөөр бууруулах чиглэлд хийсэн дорвитой ажил үгүй гэхэд буруудахгүй. Ерөнхий сайдын тэргүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл гэж бий ч бэлгэдлийн чанартай, дорвитой хийсэн ажилгүйг нь энэ төрлийн осол буурахгүй байгаагаас харж болно.
Зам, тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдэл буюу хууль, дүрэм зөрчсөн, сахилга, хариуцлагагүй байдлаас үүддэг гэж үздэг. Хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос ослын ихэнх нь гардаг байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалсан осол өнгөрсөн оныхтой харьцуулахад 22.4, эргэх үйлдэл буруу хийсэн 11.9, бүрэн бус тээврийн хэрэгсэл нөлөөлсөн нь 4.8 хувиар өссөн байна. Улсын баяр наадмын өдрүүдэд зам, тээврийн ослоор 23 хүн хорвоог орхисон. Энэ нь монголчууд баярлаж, наадамлахдаа анхаарал сэрэмжээ алддаг, дүрэм журмаа огоордог хэнэггүй зантай нь холбоотой. Амарч зугаалж яваа хүмүүс гэр бүл, хамаатан саднаараа нэг машинд зорчдог. Гэнэтийн осол гарахад гэр бүлээрээ эндэж буй нь эмгэнэлтэй. Жишээ нь, энэ сарын 10-нд Увс аймгаас Орхон руу зорчиж явсан “Алпард” маркийн автомашин онхолдож, долоон зорчигч газар дээрээ амиа алдсан. Мөн энэ сарын 15-нд Архангай аймгийн Цагаандаваанд шатахуун ачиж явсан ачааны автомашин онхолдож, шатсаны улмаас суудлын дөрвөн машин галд өртөж, дөрвөн хүн нас барж, 14 хүн гэмтсэн ноцтой осол гарсан.
Өнгөрсөн онд зам, тээврийн ослын 82 хувь нь мөргөлдсөнөөс үүдэлтэй бол 4.2 хувь нь онхолджээ. Орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж осол цөөнгүй гарч байна. Хэд хэд өнхөрч онхолдсон автомашин дотроос хүн амьд гарах боломж тун бага гэдэг. Тиймээс 100 км цагийн хурдтай яваа машин осолдвол жолооч, зорчигч нас барах магадлал 100 хувь байдаг аж. Тээврийн хэрэгсэл онхолдсоноос нийт 263 хүн амиа алджээ. Үүнд мотоциклтой онхолдсон осол багагүй хувь эзэлж байна.
Намрын улиралд ослын тоо нэмэгддэг нь орон нутгаас оюутнууд ирэх зэрэг шилжилт хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой гэнэ. Зам, тээврийн осол нь хэдийгээр санамсар болгоомжгүйгээс гардаг ч Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцдог. “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэх бүтэн бүлэг тус хуульд бий. Энэ мэт цаасан дээр бичсэн хууль, дүрмээрээ бид дэлхийн хаана ч гологдохгүй. Үүнийг биелүүлэх, дагаж мөрдөх байдал харин дутагдалтай. Өнгөрсөн онд улсын хэмжээнд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10 ба түүнээс дээш жил ашигласан автомашин. “Хөгшин” машин осол гаргахад багагүй “хувь нэмэр” оруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Зам, тээврийн осолд зөвхөн жолооч бус, хуучин автомашин, эвдэрхий зам сөргөөр нөлөөлж буй.
Үүнээс гадна ослын шалтгаан, нөхцөлийг оновчтой тогтоох мэргэжилтнүүдийг бэлдэхэд анхаарах хэрэгтэй байна. Замын эвдрэл, түгжрэл зөвхөн замын цагдаа нарт хамаатай бус. Харьяа газрынх нь Засаг дарга, орон нутгийн удирдлага анхаарч ажиллах шаардлага тулгарчээ.