“Социализмын үед манай улс наад захын юмыг дотооддоо үйлдвэрлэдэг байлаа. Тухайлбал, архи, шар айргийн лонх, даршилсан ногооны шил зэргийг иргэдээс худалдан авч дахин ашиглан, хагарсныг нь буталж, жижиглээд шинэ бүтээгдэхүүн хийдэг байсан юм билээ. Харин өдгөө шилэн сав, лонх үнэгүйдэж, хогийн цэгийг дүүргэх боллоо. Шил байгальд асар их хор хөнөөлтэйг хүмүүс төдийлөн мэддэггүй. Ядаж бүтээгдэхүүнээ шилэнд савладаг үйлдвэрүүд нь дахин эргэлтэд оруулбал сайн сан” гэж хоёрдогч түүхий эд худалдан авах цэгийн ажилчин Ц.Чулуунбат халаглан ярив. Шилний хагархай байгальд 4000 жил “амьдрах” чадвартай. Манай улсад шилний үйлдвэр байдаггүй учир томоохон компаниуд өртөг багатай лонх, сав импортлох нь элбэг.
Угааж цэвэрлэхэд хугацаа, хөрөнгө их зарцуулснаас шинээр авсан нь дээр гэж үздэг учраас тэр гэнэ. Тиймээс шил үнэгүйдэж, байгальд хор хөнөөл учруулж буй нь үнэний ортой. Манайх жилд 25-30 сая ширхэг лонх импортолдог. Үүнээс гадна даршилсан болон нөөшилсөн хүнсний ногоо, жимсний 23 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 77 хувийг импортоор авдаг учир тэдгээрийн шил ч хог болдог. Энэ нь жилд дунджаар 251 сая ширхэг даршилсан ногооны шилийг байгальд хаядаг гэсэн үг. Шил үйлдвэрлэх нь битгий хэл дахин боловсруулж, эргэлтэд оруулах, үйлдвэрлэх аж ахуйн нэгж манайд байхгүй учир жил бүр дээрх хэмжээний хог байгальд хаядаг. Тэгвэл шилэн бүтээгдэхүүнийг импортлохгүйгээр, Монголдоо үйлдвэрлэх, дахин боловсруулах боломж бий, эсэхийг сурвалжиллаа.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-г зорив. Нийслэлд лонх, шил худалдан авдаг түүхий эдийн цэгүүд эл холбоонд харьяалагддаг юм. Тус холбооны захирал Д.Батжаргал “Манай зах зээлд 90 гаруй төрлийн шилэн сав, лонхтой бүтээгдэхүүн худалдаж байдаг. Үүний 30 гаруйг үйлдвэрүүд нь буцаан авч, дахин ашигладаг. Үлдсэнийг нь дахин боловсруулж, бүтээгдэхүүн хийх үйлдвэр байхгүй учир хогийн цэг, байгальд хаядаг. АПУ, “Спирт бал бурам” зэрэг томоохон үйлдвэрүүд зарим нэр, төрлийн бүтээгдэхүүнийхээ лонхыг дахин ашиглаж, зардлаа хэмнэх нь бий. Гэхдээ шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд лонхоо дахин ашиглахын тулд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Европын Холбооны болон өндөр хөгжилтэй орноос стандартад нийцсэн шил үнэтэй авахаас татгалзаж, лонхоо 100 хувь БНХАУ-аас оруулж ирдэг. Хятад лонх хямдхан ч нарны гэрэлд амархан чанараа алдан шарлаж, хурдан зурагддаг учир үйлдвэрүүд хэрэглэгчдээ дээдлэх үүднээс дахин ашиглахгүй байх нь элбэг” гэв. Түүний зөвлөснөөр Монголдоо лонх, шилэн саваа эргэлтэд оруулдаг АПУ компанийн шил угаах, дахин боловсруулах үйлдвэрийг зорилоо.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс хорио цээрийн дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрсөн. Үүнээс болж үйлчилгээний, тэр дундаа паб, ресторан, шөнийн цэнгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь богиносгосон цагаар ажиллаж буй. Үйлчилгээний газрууд ажиллахаа больж, хэрэглэгчид багассан учир АПУ компани бүтээгдэхүүнээ цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа гэнэ. Тиймээс угааж, дахин эргэлтэд оруулж буй шил ч багасжээ. Аюулаас хамгаалах зориулалт бүхий гутал, хувцас өмссөний дараа үйлдвэрийн дотоод хэсэг рүү нэвтэрсэн юм. Эл үйлдвэрийн хашаанд шууд буцаалт буюу шөнийн цэнгээний газар болон паб, ресторанаас ирсэн бохирдол багатай лонхнуудыг авчирдаг юм байна. Харин хоёрдогч түүхий эд авах цэгүүдээс цугларсан лонхнуудыг шууд бус татан авалт гэж нэрлэдэг. Тэдгээр цэгүүд лонхны анхан шатны угаалтыг хийж, гүн зурагдсан, шарласан, цуурсан, шатсан, будагтай, цайр үүссэн шилнээс бусдыг үйлдвэрт тушаадаг аж. Шууд буцаалтаар ирсэн шилнээс хагарч, зурагдсан гэмтэлтэйг нь ялгаж, дахин ашиглах боломжтойг нь угаах хэсэг рүү шилжүүлдэг. Гэмтэлтэй шилийг дахин ялгаж бага зэргийн зурагдсан архины лонхыг цэвэрлэх хэсэг рүү хүргэн, бусдыг нь бутлах машинаар жижиглэдэг.
Хүнсний үйлдвэрт ашигладаг сав, лонх болон барилгын шил шилэн бүтээгдэхүүнийхээ ихэнхийг манай улс импортолдог. Үүнд жилд дунджаар 130 тэрбум төгрөг буюу 87 сая ам.доллар зарцуулдаг гэх судалгаа бий. Тиймээс гэмтэлтэй лонхыг байгальд хаялгүй, буталж жижиглэн шилэн бүтээгдэхүүний үйлдвэрт нийлүүлдэг гэнэ. Тэдгээрээр цонх, ваар, сав хийдэг аж. Өдгөө манайд орон сууцын цонх, шилэн фасад хийдэг “Шилэн хийц”, “Макс шил”, “Шилмэл шил” зэрэг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Монголд сайн чанарын шил хийх хангалттай элс байхгүй учир дээрх компаниуд түүхий эдээ гадаадаас авдаг гэнэ. Чанартай биш ч шил хийхэд тохиромжтой, найрлагадаа металлын хольцгүй элс Буйр нуур, Молцог элс орчмын газарт байдаг ч шил үйлдвэрлэдэггүй. Мөн 99 хувийн цахиурын агууламжтай элсний нөөцийг албан ёсоор тогтоосон дорвитой судалгаа байхгүй учир сайн чанарынхыг ч хийж чадахгүй байгаа. Тиймээс лонх, шилийг дотооддоо үйлдвэрлэдэггүй юм гэхэд импортолж байгаагаа дахин эргэлтэд оруулж, байгальд хаягдах хэмжээг нь бууруулах шаардлагатай.
Эвдрэлтэйг нь ялгаж дууссаны дараа архины лонхыг гараар угаах хэсэг рүү, шар айргийнхыг автомат машин руу зөөв. Үйлдвэрийн эл дамжлагыг анхан шатны цэвэрлэгээ гэж нэрлэдэг гэнэ. Автомат тоног төхөөрөмжөөр цэвэрлэх боломжгүй хаяг, шошготой шар айргийнхыг архины шилтэй цуг гараар угаадаг аж. Архины шил тунгалаг, хурдан зурагдах эрсдэлтэй учир заавал гараар угаах шаардлагатай. Харин шар айргийнх бор, бараан өнгөтэй тул тусгай төхөөрөмжөөр угаадаг юм байна. “Гараар болон төхөөрөмжөөр угаасан шилийг цэвэрлэх үйлдвэрээс гаргаж, савлагааны хэсэгт аваачин, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс өмнө дахин уураар ариутгаж, чанар шалгагч нар лонхны аюулгүй байдлыг хянадаг. Хэрэв бохирдолтой, зураас ихтэй шил байвал дахин угаах дамжлага руу буцаана. Угаах дамжлага өдөрт 10 000 гаруй шил цэвэрлэдэг байсан бол өдгөө 5000-6000 ариутгаж байна. Эвдэрснийг буталж жижиглээд шуудайд хийн шилний үйлдвэрүүдэд өгдөг гэж” анхан шатны цэвэрлэгээний хэсгийн ахлагч Д.Амартүвшин ярив.
Шилийг дахин эргэлтэд оруулах явц нэг иймэрхүү. Ихэнхийг нь эргэлтэд оруулж, эвдэрч гэмтсэнийг шилэн бүтээгдэхүүний үйлдвэрт нийлүүлдэг учир лонхны хаягдал бага гардаг нь дээрх үйлдвэрийн дамжлагаас харагдана. Гэхдээ энэ нь хангалттай үзүүлэлт биш. Нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ шилний 50-80 хувийг л ийн дахин ашиглаж, боловсруулдаг. Тус компанийн үйлдвэрлэсэн архины лонхны 50, шар айргийн шилний 80 хувь нь үйлдвэрт ирдэг. Харин үлдсэн нь байгальд хог болоод “хэвтэж” буй. Тус компанийн Эргэлтийн материал, түүхий эд хариуцсан менежер Б.Насанбаяр энэ талаар “Дахин ашиглах боломжтой лонх, шилийг үйлдвэрт хангалттай нийлүүлдэггүй. Нийслэлд хэрэглэсэн архи, шар айргийн лонхыг буцаан авахад хялбар. Харин хүнсний дэлгүүр, орон нутаг руу тээвэрлэсэн бүтээгдэхүүний шил үйлдвэрт дахин “олддоггүй”. Тиймээс бөөний цэгүүдээс лонхыг эргүүлэн татах боломж байгаа, эсэхийг судалж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд лонхны асуудлаа маш хялбар шийдсэн байдаг. Иргэддээ багаас нь экологийн боловсрол олгодог учир хүмүүс хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ лонхыг хаялгүй, худалдан авсан дэлгүүр, бөөний төвүүддээ буцаагаад өгчихдөг. Мөн хогоо ангилахдаа хуванцраас гадна шилээ тусад нь ялгадаг учир байгальд хор болдоггүй, үйлдвэрүүд нь зардал хэмнэдэг гээд давуу тал ихтэй. Тиймээс хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд лонх бол мөнгө гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Социализмын үед үйлдвэрүүд нь лонхоо буцаан авдаг байсан. Харин одоо хүмүүс шилээ буцаан тушаах, байгальд ээлтэй амьдрах соёлд суралцах шаардлагатай” гэв. Ямартай ч тэд үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүнийхээ лонх, шилний 50 орчим хувийг дахин эргэлтэд оруулж чаддаг аж.
АПУ компанийн шил угаах үйлдвэрээс гараад ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнг зорилоо. Эл хүрээлэнгийнхэн 2014 онд хаягдал шил боловсруулж, дулаалгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх технологи гарган авч, 2017 оноос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Тус хүрээлэнгийнхэн хаягдал шил цуглуулж, бутлаад, өндөр градуст хайлуулж, өөрсдийнхөө гаргасан технологиор цемент зэрэгтэй хольж дулаалгын хөөсөнцөр блок хийсэн байна. Эл хөөсөнцөр хавтан дулаалгын бусад материалаас бат бөх гэж тус хүрээлэнгийнхэн онцолж буй. Хамгийн гол нь хаягдал шилээр үйлдвэрлэж байгаа учраас өртөг бага гэнэ.
Дээрх хүрээлэнгийн захирал, доктор П.Алтанцог “Монголд шил үйлдвэрлэх, түүгээр өөр бүтээгдэхүүн хийх боломж бий. Харамсалтай нь хүмүүс энэ боломжийг олж харахгүй байна. Шилэн бүтээгдэхүүн хийдэг олон компани байгаа ч шил үйлдвэрлэдэг нь алга” гэв. Физик, технологийн хүрээлэнгийнхэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал цагаан шороог дахин боловсруулж, шил хийж, дээрх хөөсөнцөр хавтанг гарган авсан. Стандартад нийцсэн, сайн чанарын тунгалаг биш ч гэсэн өөр бүтээгдэхүүний түүхий эд болох бүрэн боломжтой гэнэ.
Мөн “Эрдэс плазм” төслийнхөн дотооддоо шил үйлдвэрлэхээр шилэн бү-тээгдэхүүний нэлээд компанитай хамтран ажиллах санал солилцсон ч санхүүгийн асуудлаас үүдэн хэрэгжүүлэхгүй байгаа аж. Энэ мэтчилэн дотооддоо шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байсаар атал хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаар өндөр үнэтэйг нь экспортолж, шилийг “чулуу” болгох ухаан дутаж буй.