Энд тэндээ идэгдэж эвдэрсэн, хавтан нь суларч, шороо бужигнасан, тэхий голд нь самбар, шон “ургасан”, аль нэг барилга, авто замын бөөрөнд хашигдсан, зам гэхэд гомдмоор, жим гэхэд бишидмээр байгууламж нийслэлд цөөнгүй. Үүнийг мэргэжлийнхэн явган хүний зам, нийтийн эзэмшлийн байгууламж гэж нэрлэдэг. Ийм байгууламж шинээр тавих, засаж шинэчлэх ажилд нийслэл, дүүргийн төсвөөс жил бүр багагүй хөрөнгө хуваарилдаг ч тэр хэрээр чанар, хүртээмж нь сайжирч, дээрдсэн үү гэвэл үгүй. Үүнийг батлах хоёрхон баримт дурдъя.
...Стандарт, хэмжил зүйн газарт багадаа 13-30 орчим мянган төгрөг төлж байж л энэ олон журам, стандартын зөвхөн нэгтэй нь л танилцах эрх үүсдэг. Зам, барилгын ажил чанаргүй болоход энэ тогтолцоо ч дам нөлөөтэй. Уг нь та, бидний халааснаас гардаг татварын мөнгөөр хийж буй жижиг гэлтгүй ажилд иргэд хяналт тавих нь зүйн хэрэг. Харин үүний тулд стандарт, журмын талаар ойлголттой байх нь чухал билээ...
Сүүлийн 40 жилд нийслэлд “боссон” барилга, байгууламжийн талбайн хэмжээ ес дахин ихэссэн ч явган хүнд зориулсан зам, олон нийтийн эзэмшлийн гудамж, талбайнх ердөө 0.9 дахин нэмэгджээ. Улаанбаатар хот 360 гаруй км хатуу хучилттай авто замтай бөгөөд түүнийг дагасан, тойрон хүрээлсэн 800 гаруй км зам явган зорчигчдын гэх “хаягтай”. Үүний 90 хувь нь стандартын шаардлага хангаагүй, олон жилийн насжилттай, борооны ус зайлуулах шугам хоолойгүй, хэзээ мөдгүй эвдэрч, сүйдэхэд бэлэн, хэврэг зам хэмээн мэргэжлийн байгууллагынхан хэдийн дүгнэчихэж. Явган хүний эзэмшлийн энэ 800 гаруй км замыг засаж, сайжруулан, өнгөт хавтангаар солих ажлыг нийслэлээс 2010 онд эхлүүлсэн ч хотын удирдлага солигдсоноор энэ санаачилга царцжээ. “Өнгөт хавтан халтиргаатай, өвөл эрсдэлтэй гэж иргэд шүүмжилсэн ч замын чанар эрс сайжирсан. Явган хүний зам сайжруулах чиглэлийн дорвитой санал, санаачилга үүнээс өөр гараагүй” хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн хэллээ.
Явган хүний зам, талбай чанаргүй, хэврэг байгаа нь газар шорооны ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй шууд холбоотой мэт боловч захиалагч ч буруутай. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын аль аль нь хариуцлагатай, сэтгэлтэй байж гэмээнэ төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулна. Гэвч манай улсад аливаа ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, аж ахуйн нэгж шалгарлаа л бол хоёр талын харилцаа дуусдаг, сүүлд нь алга ташиж, тууз хайчлан, нижгэр хүлээж авдаг. Үр дүнд нь чанаргүй барилга, авто зам олширсон.
Жишээ дурдъя. Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, Жуулчны гудамжинд байх Тайванийн төвийн урд хэсгийн нийтийн эзэмшлийн замыг засаж шинэчлэх ажил хэд хоног үргэлжиллээ. Захиалагч нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хянагч нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, харин гүйцэтгэгч нь “Цагаантолгойн нуур” гэх компани.
Ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгасны дагуу энэ сарын 4-нөөс ирэх сарын 20 хүртэл үргэлжлэх байв. Гэвч “ажилсаг” залуус 45 хоногийн ажлаа арав гаруйхан хоногийн дотор маналзуулж орхилоо. Ингэхдээ хуучин хавтанг нь хуулалгүй, дээр нь 3-4 хуруу хэрийн элс дэвсээд, шинийгээ зүйв. Уг нь стандарт ёсоор бол хавтан шинээр суурилуулахдаа хуучныг нь заавал хуулаад, нойтон элсийг цементтэй багсарч дэвсдэг гэнэ. Ингэхээр суурь шавар бетон болж, борооны усанд урсахгүй, хавтанг сайн барьцалдуулдаг аж. Өөрөөр хэлбэл, хавтангаа газарт ингэж бэхэлдэг гэсэн үг. Түүнчлэн газрын цэвдэг, цас, мөсний түрэлтээс үүдээд зарим хавтан дээшээ овойж, хуулран, түүнд нь иргэд бүдрэх, тээглэх, улмаар бусад нь элэгдэх эрсдэлтэй учраас нэгэн жигд, нягт байршуулдаг гэнэ. Хавтан хэдий шигүү, жигд байна, тэр хэрээр усанд автах, хуулрах магадлал багасдаг аж.
“Цагаантолгойн нуур”-ын залуусаас хавтангаа ямар технологийн дагуу суулгаж буй, ажлыг нь хэн хянаж байгааг лавлахад “Бид мэдэхгүй. Компанийн даалгасан ажлыг л хийж байна” гээд халгаасангүй. Хяналт тавих чиг үүрэг бүхий нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынханд мөн л энэ асуултыг тавихад “Ажил хүлээлцэх хугацаа болоогүй” гээд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Энэ бол манайд зам, барилгын ажил хэрхэн өрнөдгийн бодит жишээ. Уг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан төсвийн хөрөнгөөр ажил хийлгэж буй учраас гүйцэтгэлийн үед нь ч хяналт тавих ёстой. Харин одоо тэд энэ ажлыг хүлээлцэхэд ямар ч асуудалгүй. Учир нь, хавтангийн ил харагдах хэсэгт бус, доор нь “но” буй.
Явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хэрхэн барьж, тохижуулах ёстойг үлгэрчилсэн стандарт, журам уг нь манай улсад бий. “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага”, “Бетонд орох жижиг чулуун материалын органик нэгдлийг тодорхойлох арга”, “Зам, гүүрийн барилгын ажилд хэрэглэх хайрга, чулууны ширхэглэлийн бүрэлдэхүүн” гээд эрх зүй, хяналтын баримт бичгийг дурдвал олон. Тэр ч байтугай хөдөлгөөний эрчим бага, ихтэй хэсэгт замын байгууламж ямар байх ёстой, нийтийн гудамж, явган хүний замын хавтангийн шахалт, чанар, хүйтэнд тэсвэртэй байдлыг хүртэл стандартчилжээ. Гэвч эдгээртэй танилцах эрх жирийн иргэдэд “хаалттай”. Стандарт, хэмжил зүйн газарт багадаа 13-30 орчим мянган төгрөг төлж байж л энэ олон журам, стандартын зөвхөн нэгтэй нь л танилцах эрх үүсдэг. Зам, барилгын ажил чанаргүй болоход энэ тогтолцоо ч дам нөлөөтэй. Уг нь та, бидний халааснаас гардаг татварын мөнгөөр хийж буй жижиг гэлтгүй ажилд иргэд хяналт тавих нь зүйн хэрэг. Харин үүний тулд стандарт, журмын талаар ойлголттой байх нь чухал билээ.
ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн төгсөгч, “Тайгам Алтай” компанийн барилга, байгууламжийн угсралтын мэргэжилтэн Э.Дөлбадрах явган хүний зам, байгууламжийн стандарттай холбоотой сонин зүйл хэллээ. Тэрбээр “Шинээр суулгасан хавтан гүйцэд бэхэжтэл буюу 28 хоногийн дотор ашиглалтад оруулахыг хориглодог. Суурилуулалтыг сайн хийж, шахсан байлаа ч багадаа 10 хоног хүлээзнэх хэрэгтэй. Автомашин зэрэг хүнд даацын зүйл дээр нь байршуулж бүр ч болдоггүй” гэв. Энэ стандартыг дагахын тулд гадаадын орнуудад ажил гүйцэтгэх талбайгаа түр хугацаанд тусгаарлаж, хамгаалалтын шугам татдагийг тэрбээр онцолсон. Зам, барилгын ажил гүйцэтгэхэд энэ мэт наад захын стандарт, шаардлагыг дагаж байж эцсийн бүтээгдэхүүн нь чанартай болдог аж. Гэвч манайд ажил дууссан, дуусаагүйгээс үл хамааран иргэд зам дээгүүр туучих нь түгээмэл. Гүйцэтгэгчид нь ч тоодоггүй. Ингэж тавьсан зам нь ганц, хоёр удаагийн борооны ая даахгүй эвдрэх нь элбэг. Ингээд л зам засаж, шинэчлэх төгсгөлгүй их ажил ундарна.
Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг, Бэлхийн зусланд байдаг ахынх минь уржнан хашаагаа сунгахдаа, тоглоомын талбай, гэрээс жорлон хүртэлх хэсгээ засаж, тохижуулсан юм. Ингэхдээ мөн л шавар хавтан суулгасан. Энэ зам одоо ч бүрэн бүтэн, эвдэрч сүйдсэн зүйлгүй. Харин үүнээс сүүлд буюу 2018 оны зун засаж, тохижуулсан Анкарагийн гудамж дахь 2.8 км замын зарим хавтан “бүлтэрчээ”. Энэ тухай нэгэн иргэн “Гудамж, талбайн тохижилтоороо Чингэлтэй дүүрэг үргэлж үлгэрлэдэг. “Тамхи бүү татаарай” гэсэн бичиг замын хавтанд байрлуулсан нь өвөрмөц шийдэл болжээ. Гэхдээ зам нь захаасаа элэгдэж, сүйдээд эхэлж” хэмээн нүүр номдоо бичсэн байв. Энэ бол хувь, “хувьсгалын” ажил хэрхэн хийдгийн бас нэг жишээ юм.
Нийслэл 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгож зарласан. Улаанбаатар хотын хэмжээнд бүх салбарт стандарт, журмын хэрэгжилтийг сайжруулна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрынхан хэвлэлд байсхийгээд л ярилцлага өгч, өөрсдийгөө сурталчлах болсон. Тус газрын дарга “Стандартууд хөрсөн дээр буухгүй байгаагийн шалтгаан нь захиалагч, гүйцэтгэгч талуудын ажлын уялдаагүй байдалтай холбоотой. Ойлголцлын зөрүү гараад байна. Захиалагчаас ирсэн стандарт, норм, дүрэм нь хотын стандарт, шаардлагатай зөрчилддөг. Харин одоо бид стандартын баримт бичгүүдийг цэгцэлж, нэг шугамд оруулахаар ажиллаж байна” хэмээн оны эхэнд ярьж байв. Үүний дагуу зарим стандарт, журмыг цэгцэнд оруулжээ. Энэ ч яах вэ. Батлах, шинэчлэх ажлыг хэн ч, хэзээ ч хийж чадна. Одоо харин үүнийгээ олон нийтэд таниулж, хэрэгжүүлэх нь л чухал. Ингэж байж явган хүний зам, байгууламжийн чанар сайжирч, ийм зорилгоор жил бүр төсөвлөдөг хөрөнгөө хэмнэнэ.