Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний таван сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хороо өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Өмнөх сарын эцэст нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 8.8 их наяд нь иргэдийнх аж. Тэгвэл чанаргүй зээл 1.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 100.9 тэрбумаар өссөн дүн юм байна. Энэ хугацаанд төгрөгийн хадгаламж 10.6 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 5.5 тэрбумаар өссөн, 2019 оны мөн үеийнхээс 678.5 тэрбумаар буурсан үзүүлэлт гэнэ. Төгрөгийн хадгаламжийн 90 хувь буюу 9.5 их наядыг нь иргэдийнх, 1.1 их наядыг нь аж ахуйн нэгж, байгууллагынх бүрдүүлсэн аж. Валютын хадгаламж дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 226.1 тэрбум, 2019 оны мөн үеийнхээс нэг их наядаар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1-5 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг, үүнээс тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд байв. Төсвийн орлогын 85.7 хувийг татварын, 8.1-ийг нь татварын бус, 5.9-ийг нь Ирээдүйн өв сангийнх эзэлжээ. Татварын нийт орлого 3.1 их наяд төгрөг болсон нь 2019 оны мөн үеийнхээс 533.3 тэрбумаар буурсан гэсэн үг. Үүнд бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.2, НӨАТ 84.7, онцгой албан татвар 62.8, нийгмийн даатгалынх 60.2 тэрбумаар багассан нь голлон нөлөөлжээ.
Бэлтгэсэн:Ц.Ундрал