Баянгол дүүргийн шүүхэд ирэх лхагва гаригт Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товложээ. Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Л.Гандаваа нар 2008 оны зургадугаар сараас 2009 оны найм дугаар сарын хооронд Л.Байгалмаа, Ц.Оюун-Эрдэнэ,П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэдэг эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш руу тээвэрлүүлсэн хэрэг үйлдсэн юм.
БНХАУ-д бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмааг тэд өрхийн орлого багатайгаар нь ашиглан золиосолж, замын зардал болох 200 юанийг Л.Гантуул дүү Л.Гандаваагаар хүргүүлж байжээ. Тэд золиослогчдоо олохдоо “Гантуул БНХАУ-д байдаг маш том сүлжээний бизнес эрхэлдэг хүн. Түүний нөхөр нь Араб зэрэг орноос алт авчран БНХАУ-д өндөр үнээр худалдаж ашиг олдог” гэж итгүүлдэг байсан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Л.Гантуул нь Төв аймаг дахь Цагдан хорих байрны ажилтныг зодож гэмтээсэн байна. Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Л.Гандаваа нарын таван хүнд Нийслэлийн прокурорын газраас хар тамхи, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, төрийн төлөөлөгчийг эсэргүүцэж гэмтээсэн, санаатайгаар эд зүйл устгасан гэсэн зүйл ангиар ял төлөвлөжээ.
Шүүхээс тэдний гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.
Г.РАВЖАА